сонин mn
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Байгаль орчин, экологийн хэлтсийн дарга, ахмад Ц.Баярмаагаас цөөн асуултад хариулт авлаа.
 
Танай хэлтсийн үйл ажиллагааны чиглэл, үндсэн зорилгыг танилцуулахгүй юу?
 
-Монгол Улсын стратегийн томоохон бүтээн байгуулалтуудад Зэвсэгт хүчин оролцдог. Тэр дундаа бид бүхэн сайн мэдэх нь төмөр замын бүтээн байгуулалт. Тэгвэл аливаа бүтээн байгуулалтын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийдэг. Энэ маш чухал. Тухайн газар орныг түшиглэж бүтээн байгуулалт хийх нь олон хариуцлагыг дагуулдаг. Олон зүйл дээр хариуцлагатай байхыг шаарддаг гэсэн үг. Төмөр замын бүтээн байгуулалтаар жишээ татаад үзье. Трассын дагуу улаан шугам татлаа, хотгор гүдгэр нь хаана байна, аль хэсгийн газрыг тэгшлэх, аль хэсэгт овоолго, ухмал үүсгэх, хаанаас ус болон түгээмэл тархацтай хайрга дайрга татах вэ гэх зэргээр үргэлж байгаль орчны асуудал яригддаг. Мэдээж тусгай зөвшөөрлийг тухайн орон нутгаас авна. Төгсгөлд нь бүтээн байгуулалт хийсэн газраа ямар байдалтай хүлээлгэж өгөх вэ гэдэг дээр хариуцлага хүлээнэ. Мөн тус газар орны малын бэлчээр, ан амьтны хүрээлэн буй орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхаар ажиллах ёстой. Тиймээс манай хэлтсийн нэг том тэргүүлэх зорилт бол Зэвсэгт хүчин Монгол Улсын стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцоход байгаль орчны асуудлыг хариуцаж ажиллах юм.
Задалбал олон ажил бий. Төмөр зам, авто зам, барилга байгууламж, усан цахилгаан станц баривал яах вэ гээд янз бүр л дээ. Зөвшөөрлөө авахаас эхлээд, нөхөн сэргээлт хийх хүртэл олон үйл явц өрнөнө. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа газар орноос гадна байрлан ажиллаж буй Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч ААН-үүдийн эргэн тойрны байгаль орчны асуудлыг мөн хариуцна. Тухайлбал, кемп, орох, гарах гарц, хогийн сав, гал тогоо зэрэг нь нөлөөлөх салхиныхаа хаана байрлавал зохистой вэ гэдгээс авхуулаад бүгд л байгаль орчинтой холбоотой. 
 
Ер нь ААН-үүд болон Зэвсэгт хүчний алба хаагчдын хариуцлагажуулах чиглэлд хэрхэн анхаарч ажилладаг вэ? Төмөр замын бүтээн байгуулалтаар жишээ татаж яривал?
 
-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд манай хэлтсээс алба хаагчид томилогдон ажилласан. Цэргийн ангиудын болоод туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, хяналт тавьж, зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллалаа. Хэрвээ байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй бол санхүүжилтийг нь ч олгохгүй байх хатуу гэрээтэйгээр ажилласан гэж болно. Хяналт зөвхөн кемпүүдэд биш, төмөр замын трассын дагуу, бүхий л үйл ажиллагаанд тавигдсан. Орон нутгийн мэргэжлийн хяналт болон байгаль орчны байгууллагуудтай нэгдмэл байдлаар ажилласан байгаа. Дараа дараагийн удаад ч энэ жишгээр хяналтаа улам эрчимжүүлж ажиллах шаардлагатай.
 
Манай улсад энэ салбар хөгжих боломж бий юу?
 
-Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Байгаль орчин, экологийн хэлтэс боловч Зэвсэгт хүчний гэдэг өргөн агуулгаар нь харах хэрэгтэй юм шиг. Ихэнх улс орны Цэргийн экологийн талаар бид судалж үзсэн. Нэг талаасаа Зэвсэгт хүчний экологийн бодлого гэж байх ёстой юм байна. Дэлхий нийтэд Цэргийн экологи гэж шинжлэх ухааны нэг салбар бий болоод хөгжиж байна. Цэргийн экологийн салбарыг Монгол Улсад хөгжүүлэх нь бас анхаарах асуудал. Мөн Зэвсэгт хүчин гэлтгүй бусад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад ч байгаль орчны талаар баримтлах нэгдсэн бодлого хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
Монгол хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй гэсэн үндсэн хуулийн заалттай. Ногоон байгууламжтай, уурын зуухаар галладаг бол утаа униар, нүүрсний тортоггүй байлгах, мөн цэвэр усаар хангагдах гээд энэ болгонд бодлого хэрэгтэй. Энэ бол хашаан доторх асуудал. Дараагийн дугаарт ангийн хашааны гаднах тусгай хэрэгцээний газар, цаашлаад цэргийн хээрийн сургууль явуулах үеийн асуудлууд бас өөрөөр яригдана. Түүнчлэн дайн, байлдаантай газар оронд хүртэл яаж ажиллах, хэрхэн үүрэг гүйцэтгэх вэ гэдэг асуудлыг бодлогоор зохицуулсан туршлага ч гаднынханд байна.  
Бид судалсан, наад зах нь маршаар явах, машины цуваа явахад хөрсөө гэмтээхгүй байх, мөн бороо шороотой цаг уурын хүнд нөхцөлд яах ёстой зэргийг заагаад өгчихсөн байдаг. Энэ чиглэлд ОХУ-ын туршлагаас суралцсан.
 
Зэвсэгт хүчний байгаль орчны талаар баримтлах бодлого гэж дурдсан даа. Энэ талын ойлголтыг уншигчдадаа дэлгэрэнгүй хүргэнэ үү?
 
-Зэвсэгт хүчинтэй холбоотой баримт, бичгүүдийг нэлээд судаллаа. Бид Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж буй нэг субъект.  Иргэн хүн нь иргэнийхээ үүргээр, байгууллага бол байгууллагынхаа үүргээр байгаль орчны бусад холбогдох хуулиудад захирагдаад үйл ажиллагаагаа явуулна. Гэтэл манайд байгаль орчны асуудлыг тухайн цэргийн ангийн захирагч нь хариуцна гэх зэрэг ерөнхийдүү заалттай. Тэгэхээр  эхний ээлжид Зэвсэгт хүчний экологийн бодлого гэдэг бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Энэхүү баримт бичгийг дагаж гарах холбогдох дүрэм, журмуудыг боловсруулж,  Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сургалт явуулахын тулд танилцуулах сургалтын материал бэлтгэх гээд цогц ажил төлөвлөсөн. Дээрх ажлуудыг төлөвлөснийхөө дагуу хийж гүйцэтгэсэн. Одоогоор дээр дурдсан бодлогын баримт бичиг хянагдахыг хүлээж байна. Энэхүү бодлогын баримт бичигт Цэргийн ангийн байршил, тэр дундаа ногоон байгууламжийн стандарт гэж боловсруулсан байгаа. Байнгын болон барилга-инженерийн үед түр байрлах хотхоны экологийн стандартыг боловсруулаад холбогдох, зөвлөмж чиглэлийг бүтээн байгуулалтын ангиудад хүргүүлсэн. Хээрийн сургуулийн үед баримтлах дүрэм, журмыг ч мөн боловсруулаад байна. Үндсэндээ нэг томоохон бодлогын баримт бичиг, түүнийг дагасан 3 стандартыг боловсруулж дууслаа. Үүнийгээ бие бүрэлдэхүүнд хүргэхийн тулд зургаан цуврал хичээлийг бэлтгэсэн. Ерөнхийдөө Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаль орчин, экологийн чиглэлээр хичээл орж, сургалт явуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Анх удаа хийгдэж байгаа ажил болохоор, тухайн үед их томоор харж байлаа. Байгаль орчин, экологийн асуудал, аюулгүй байдал  гээд ерөнхий агуулгыг барьж, түүндээ тохирсон сургалтыг төлөвлөсөн юм. Гэхдээ өөрсдийнхөө баримтлах бодлого, чиглэл, стандартыг урьтаж боловсруулах нь чухал гэж үзсэн. Эхлээд энэ талаарх ойлголтыг бааз, суурь болгоё гэж бодсон хэрэг л дээ. Үүний дараа ахисан түвшний мэдлэгүүдийг олгоход оройтохгүй. Наанаа дагаж мөрдөх стандарт, дүрэм журам гэж харагдах ч цаагуураа байгаль орчноо хайрлах хамгаалах чухал үзэл санааг суулгаж өгөх зорилготой. Хоёрдугаарт, хугацаат цэргийн алба хаагчдад энэ талын ойлголтыг түлхүү өгөх нь зөв гэж бодож байна. Яагаад гэхээр, цэргийн хүмүүжлээр хүнийг яаж өөрчилдөг билээ. Энэ талаас нь харвал хугацаат цэргийн алба хаагчдад байгаль орчны талаарх ойлголт, байгаль орчноо хайрлах үзэл санаа бат сууж өгөх болов уу гэж бодож байна.
Бодлогын баримт бичиг Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр батлагдвал бусад төрийн цэргийн байгууллагууд ч үүнийг нэвтрүүлж, улсын хэмжээний томоохон бодлогын шинж чанартай ажил болж хэрэгжихийг ч үгүйсгэхгүй. Тийм гэгээлэг төсөөлөл байна.
Жишээ татахад, энэ ажлын хүрээнд БНХАУ, ОХУ, Беларусь, Австрали, Канад зэрэг улсын Батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчний байгаль орчин, экологийн талаар баримталж буй бодлого, дүрэм, журмыг судалсан. Цэргийн ангиудын алба хаагчдаас шаардагдах судалгааг авлаа.
 
Түймрийн халз зурвасыг сэргээх ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа гэж сонссон. Зөвхөн энэ жил ч биш өнгөрсөн оноос эхэлсэн юм билээ?
 
-Бидний төлөвлөгөөнд туссан хэд хэдэн онцлох ажлууд бий. Одоогоор Нийслэлийн ЗДТГ-тай хамтраад Байгаль орчны газраас зарлагдсан нийслэлийн ногоон байгууламжийг түймрийн аюулаас хамгаалах халз зурвасыг сэргээх ажил руу ороод явж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд түймрийн халз зурвас сэргээх ажил хийгдээгүй. Харин өнгөрсөн онд БОАЖЯ, Ойн судалгаа хөгжлийн төвийн  дүгнэлт, нийслэлийн Онцгой байдлын газрын саналд үндэслэн түймэрт өртөх эрсдэлийн зэрэг болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Багабаянгаас Халзангийн ам руу чиглэсэн зурвас, мөн Шаргаморьтын эхнээс зүүн хойш чиглэсэн нийт хоёр км урттай хоёр байршилд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн гүйцэтгэсэн юм. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн санд 1,8 км урт, 40 метрийн өргөн газрын түймрийн халз зурвасыг шинэчлэн сэргээгээд явж байна. Төсөв багатай учраас түймрийн халз зурвасыг сэргээх ажилд ААН-үүд оролцдоггүй. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувьд тангараг өргөсөн учраас хүнд, хэцүү гэж халшралгүй энэ ажил руу орсон.                      
Шавар шавхай, шигүү ургасан ой гээд ажиллах орчин нөхцөл амар биш. Зориулалтын биш ч гэлээ боломжит техник хэрэгслүүдээ дайчлаад ажиллаж байгаа.
Ташрамд, ойн цэвэрлэгээ бол Монгол Улсын хэмжээнд нэлээд тулгамдсан асуудлуудын нэг гэж боддог. Ой хээрийн түймэр маш элбэг тохиолдох болсон. Түймрийн гол шалтгаан мэдээж хүний буруутай үйл ажиллагаа, байгаль цаг уурын нөлөөлөл. Манай улсын ой унанги ихтэй, хортон шавжид идэгдсэн, олон жил огт цэвэрлэгээгүй учраас газар дээрх модлог нь ихэсч, түүнээс улбаатай газар доогуур шаталт үүсдэг эрсдэлтэй. Тиймээс ойн цэвэрлэгээ хамгийн чухал. Цэвэрлэгээний ард тодорхой хэмжээний мод, түүхий эдтэй болно. Түүгээрээ модон үйлдвэрлэлийг дэмжиж болох юм. Цаашлаад иргэдийг хямд өртөг бүхий зуслангийн байраар ч хангах боломжтой. Энэ талаар судалсан.
Дараагийн дугаарт, Зэвсэгт хүчний ангиудыг ногоон байгууламжтай болгох чиглэлд Батлан хамгаалах яамны дэмжлэгээр БОЭХ ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний 015 дугаар анги хамгийн ойрын бодит жишээ. Бусад ангийг ч гэсэн энэ жишгээр ногоон байгууламжтай болгох зорилт тавьж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, ерөнхийдөө Байгаль орчин экологийн алба гэж байгаад Байгаль орчин экологийн хэлтэс болсон нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх нэг боломж гэж хардаг. 
 
Дээр дурдсан бодлогын баримт бичгийн нийгэмд үзүүлэх ач холбогдлыг товчхон зангидвал?
 
-Энэхүү бодлогын баримт бичгийн ач холбогдлын талаар ярья л даа. Хуулийг хүн бүр уншаад суудаггүй. Гэхдээ тухайн цэргийн алба хаагчийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлог, ажилд нь хамаарах, мэдвэл зохих хуулийн ямар зүйл, заалт холбогдож, уялдаж байгааг тус бодлогын баримт бичигт тусгаж өгсөн. Ингэснээр тухайн хүн, тэр гэр бүлд байгаль орчны талаарх ойлголт, үзэл санаа сайн сууж өгнө гэж найдаж байна. Үзэл санаа сайн сууж амьдрал эерэг нөлөөлөл авчрах, хүн тодорхой хэм хэмжээнд захирагдаж амьдрахад чухал нөлөө үзүүлнэ.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин