sonin.mn
Монголын ууган боловсролын байгууллага ҮБХИС-ийн 91 дэх удаагийн төгсөгчдөд цэргийн цол гардуулах, Зэвсэгт хүчний ангиудад томилох ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба, АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр болон төрлийн цэргийн командлалын удирдлагууд оролцлоо. 
ЗХЖШ-ын даргын цэргийн цол олгох, албан тушаалд томилох тухай тушаалыг уншиж танилцуулсны дараагаар төгсөгчдөд цол, үнэмлэх, томилолтын хуудсыг гардуулсан юм.
 
Энэ үеэр дэслэгч генерал Д.Ганзориг төгсөгчдөд хандан “Өнөөдөр та бүгдийн хувьд амьдралын нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүний эгнээнд шилжсэн гэсэн үг. Манай Зэвсэгт хүчин энэ цаг үед түүхт 100 жилийн ойтойгоо золгосон. Өнгөрсөн  100 жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлуудыг эргээд хараахан бид Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд байсаар иржээ. Түүхт 100 жилийн ойтойгоо давхцаж Зэвсэгт хүчний эгнээнд шилжсэн нь та бүхний амьдралд дурсахуйц, онцгой үйл явдал гэж бодож байна. Офицер, ахлагчийн албанд элссэнээр том хариуцлагыг дааж явна гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийг бичилцэхэд та бүхний оруулах хувь нэмэр, үүрэг оролцоо тун их шүү. Энэ хэрэгцээ шаардлагын үүднээс өөрсдийгөө цаг ямагт боловсруулж, хөгжүүлж, цэргийн хэргийн мэдлэгээс гадна амьдралын ухаанд сайтар суралцахыг чухалчлан захья. Сайтар төлөвлө. Төлөвлөгөөнд чинь та бүхний хувийн амьдрал багтсан байх ёстой. Ажил, албандаа амжилт гаргахын нэг үндэс нь гэр бүлийн тогтвортой байдал. Ингээд та бүгдийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их үйлсэд амжилт, гэр бүл, үр хүүхдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье” гэв. 
 
 
Үүний дараа төгсөгчдийг төлөөлж дэслэгч Б.Ууганбат “Цэргийн эрдэмд шамдан боловсорч, эх орноо батлан хамгаалах чин хүслээр бялхаж явсан сонсогч үе минь хамгийн сайхан, хамгийн дурсамжтай цаг хугацаа. Суралцах хугацаандаа аранз үүрч, буу мөрлөн, үзэг барьж эрдэмд шамдан байж цэрэг хүний тэсвэр тэвчээрийг бие сэтгэлээрээ мэдэрч үзсэн минь хамгийн том бахархал гэж боддог. Зэвсэгт хүчний 100 жилийн ойгоороо бахдам гавьяат дайчдынхаа үргэлжлэл болж шинэхэн  офицер болж байгаадаа баяртай байна” гэв. 
Мөн дэд ахлагч М.Намсрай “Өнөөдрөөс миний бие үеийн нөхдийн хамт Зэвсэгт хүчний ахлагчийн албанд элсэж байна. Цэрэг хүний хувьд улс орноо батлан хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, хувь нэмрээ оруулах ёстой. Өнгөрсөн жилийн хугацаанд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээртэй байх чанарт суралцаж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан ёс зүйтэй зөв хүн болон төлөвшиж өнөөдөр эх орныхоо төлөө зүтгэх эрхэм үүргийг хүлээн авлаа” хэмээсэн юм.