sonin.mn
Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах гардан тулаан, олс таталтын тэмцээн өнөөдөр эхэллээ. Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, АУГ-ын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын захирагч, тэмцээний шүүгч, баг тамирчид оролцлоо. 
 
 
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг тэмцээнийг нээж үг хэлээд баг, тамирчдад баяр хүргэв. Мөн Монгол Улсаас Бүгд найрамдах Казакстан улсад суугаа элчин сайдын яамны цэрэг-агаарын атташе, Зэвсэгт хүчний Гардан тулааны холбооны тэргүүн, ОУХМ, хурандаа Б.Дамба цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр “Олон улсын цэргийн наадам-2021” тэмцээний “Аравт” морин цэргийн уралдаан, “Танкийн биатлон”, “Цэргийн авто ралли” уралдаанд амжилттай оролцсон баг тамирчид болон Цэрэгжлийн спортын цол зэргийн болзол хангасан тамирчдад шагналыг нь гардуулан өглөө. Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэргэдэх хүүхэд залуучуудын “Десант бамбар” клубын бяцхан тамирчид, Улаанбаатар цэргийн хүрээний эмэгтэй цэргийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолт толилуулсан юм.   
 
 
Тэмцээнд 30 гаруй ангийн 400 орчим тамирчин авхаалж, самбаагаа сорьж байна. 1992 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай тус тэмцээн өргөжин тэлсээр баг тамирчид 6 жинд өрсөлддөг болсон. Тэгвэл энэ удаад анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчид оролцож 60, 70 кг-ийн жинд өрсөлдөж байгаагаараа онцлог аж.