sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам хяналтаа тогтооход тун ойртоод байгаа бол баруун нутгийн Аризона, Невада муж улсын сенатчийн суудлын төлөөх өрсөлдөөний дүн гараагүй байгаа тул дээд танхимд аль нам хяналтаа тогтоох нь тодорхойгүй хэвээр байна.
 
 
 
Бүгд найрамдахчууд 435 суудалтай Төлөөлөгчдийн танхимын 218 суудлыг авахыг зорьж байгаагаас одоогоор 209 суудлыг авсан бололтой байна. Харин Ардчилсан намынхан тус танхимын 192 суудалд ялалт байгуулжээ. Саналын хуудасны тооллого үргэлжилж байгаа тул 34 суудал шийдэгдээгүй байна.
 
 
 
Бүгд найрамдах намынхан сонгуулийн өмнө гарч байсан таамаглалуудтай харьцуулахад цөөн суудал авах төлөвтэй байгаа ч Төлөөлөгчдийн танхимд олонх болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тэд ийнхүү хяналтаа тогтоовол өдгөө Конгрессын доод танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн даргын алба хашиж буй Кевин Маккарти тус танхимын дараагийн дарга болох магадлал өндөр байна.
Одоогийн байдлаар бүгд найрамдахчууд Сенатын танхимын 100 суудлын 49-ийг авсан бол Ардчилсан намынхан 48-ыг аваад байгаа нь хоёр намын одоогийн суудалтай /50-50/ ерөнхийдөө ойролцоо байна. Хараахан шийдэгдээгүй байгаа өрсөлдөөний нэг Жоржиа муж улсад ирэх 12 дугаар сарын 6-ны өдөр хоёрдугаар шатны санал хураалт болно. Харин үлдсэн хоёр муж улсад хоёр намын нэг нэг гишүүн тэргүүлж байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг