сонин mn
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Хэвшмэл ойлголтоо халж күүл байя” өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ үеэр тус өдөрлөгийн зочин рэппэр, комедиан, лектор Б.Гантулга буюу Сэгсцагаанбогдоос хэвшмэл ойлголтын талаар зарим асуултад хариулт авлаа.
 
Хэвшмэл ойлголт гэдгийг та хэрхэн ойлгодог вэ. Бидний хувьд аливаа нэг зүйлийн талаарх хүмүүсийн тогтсон буруу бодлыг хэвшмэл ойлголт гэж боддог?
 
Аливаа зүйлийг бүлэг болгож сэтгэхийг хэвшмэл ойлголт гэж ойлгож болно.Эмэгтэй хүүхдүүд илүү хариуцлагатай гэж багш нарын ихэнх нь боддог.  Миний хувьд охид илүү цаг барьдаг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Мөн эмэгтэй хүүхэд хичээлээ ойлгохгүй байвал гайхдаг. Эрэгтэй хүүхэд ойлгохгүй бол тоодоггүй. Энэ бол миний хэвшмэл ойлголт юм.Хэвшмэл ойлголтыг ярихын тулд эхлээд тархины тухай ярих хэрэгтэй. Тархийг гурван түвшинд хуваадаг. Нэгдүгээрт, “Body brain” буюу биеийг удирддаг тархи. Даарлаа гэхэд цусны эргэлт хурдасч, халууцахад хөлс гардаг нь энэ тархитай холбоотой. Хоёрдугаарт, “Emotional brain” буюу сэтгэл зүйг удирддаг тархи. Энэ нь сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг юм. Гуравдахь нь “thinking brain” буюу аливаа зүйлд шүүмжлэлтэй ханддаг, тунгаадаг тархи. 25-аас дээш насанд тархины урд хэсэг бүрэн хөгжиж дуусдаг. Тиймээс 25-аас дээш настай хүмүүсийг ухаан суусан гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр бид эхлээд тархины хөгжил, тархийг судалснаар хэвшмэл ойлголтыг бүрэн дүүрэн ойлгох юм. Тархи,сэтгэц, бие махбод яаж ажилладгийг мэдвэл үйлдлүүдээ хянахад амар болно.
 
Хэвшмэл ойлголтод давуу, сайн тал байх боломжтой юу?
 
Хэвшмэл ойлголтод сайн ба муу тал гэж бий. Сайн тал нь энерги хэмнэх юм. Хэвшмэл ойлголт, дадал хоёр хүний энергийг хэмнэдгээрээ ижил. Шүдээ угаахдаа баруун талаа дөрөв, зүүн талаа дөрөв угаана гэж бодвол их энерги зарцуулна. Тиймээс бид нийт үйлдлийнхээ 40 гаруй хувийг дадлаараа хийдэг. Харин нийт шийдвэрийнхээ 20-30 хувийг хэвшмэл ойлголтоор гаргадаг. Энэ нь тархи энерги хэмнэж байгаагийн нэг илрэл юм. Юм болгоныг тодорхой нэг болгож сэтгэж чадахгүй. Сөрөг тал нь тодорхой нэг хүмүүсийг бүлгээр авч үзэх гээд байдаг. Хятадууд, америкчууд, германчууд ийм байдаг юм чинь энэ хүн тийм л байж таараа гэж бодох нь сэтгэлгээний гажиг юм.
 
 
Орчин үед манай улсад “mental health” буюу сэтгэцийн эрүүл мэндийн тухай их ярьж байгаа ч сэтгэлгээний гажгийн талаар ярьдаггүй. Америк эсвэл шинжлэх ухаан өндөр хөгжсөн Европын орнууд сэтгэлгээний гажиг ярьдаг болчихсон.  Үүний нэг нь “Anchoring bias” юм. Үүнийг орчуулж болдоггүй. Ямарваа нэг зүйлийг анх удаа харсан, бодсоноороо дүгнэх юм.
 
 
Шалгалтын эхний 10 асуулт амархан байвал тэр шалгалтыг бүхэлдээ амархан гэж боддог.Анх уулзахад сайхан зантай байвал сайхан ааштай, зөв хүн гэж боддог нь “Anchoring bias” юм. Жишээлбэл, зангуу нь далайн ёроолд биш нэг чулуунд тулчихаар “Далайн ёроол” гэж энэ юм байна гэж буруу ойлгох юм. Гэхдээ хэвшмэл ойлголт бол байх ёстой зүйл. Ялангуяа биднийг тэсч үлдэхэд хамгийн хэрэгтэй. Тодруулбал, нэг хүнийг хараад “Энэ муу хүн байна. Над руу дайрах байх гэж” өөрийгөө хамгаалах зорилгоор хэвшмэл ойлголтыг ашигладаг байсан.
 
Сэтгэлгээний гажиг нь олон төрөл байх уу?
 
“Loss aversion” гэж сэтгэлгээний гажиг бий. Байнга ялж байгаад нэг удаа хожигдохоор ялагдлаа их хүндээр хүлээж авах үйлдэл юм. Орчин үеийн танин мэдэхүйн сэтгэл судлал, тархи судлалд сэтгэлгээний гажиг дандаа хүнийг буруу үйлдэл хийлгэдэг, буруу авир гаргахад хүргэдэг гэж үзэж байна. Гэтэл бид дадлаа одоо ч ярьсаар  “Зөв дадалтай, зөв зорилготой бай” гэж сургасаар байна.  Энэ нь судалгаа хийхгүй, хоцрогдсон байгаагийн нэг илрэл юм. Жилээс жилд сэтгэлгээний гажиг ихэсч байна. Сэтгэлгээний гажиг нь буруу бодлуудын уялдаа холбоо байдаг. Энэ буруу бодлоо өөрчлөх арга олон бий.
 
Буруу бодлоо өөрчлөх ямар аргууд байдаг юм бэ?
 
Хэвшмэл ойлголтоо засах ”CBT” буюу  “Cognitive behavioural therapy” гэсэн арга зүй байдаг. Өглөө босоод өндөгөө түлчихвэл эсвэл хүүхдээ загначихвал муухай мэдрэмж төрдөг. Тэр муу мэдрэмжээ дагаад муухай зүйл боддог. Ийм гинжин хэлхээнд бид орчихдог. Тиймээс зарим хүн “Миний ажил нэг сарын турш бүтсэнгүй” гэж ярьдаг. Энэ нь ”CBT”-ийн хэлхээ буюу муу бодол, муу үйлдлийн хэлхээ юм. Үүнийг таслах нэг арга байдаг. Хүний тархи өнгөрснийгөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөдөг.Тархи хүний сэтгэж байгаа болон хийж байгаа үйлдлийг ялгадаггүй. Хүнийг илүү гартай болгож хиймэл гар тавиад хиймэл гарыг нь цохихоор жинхэнэ гар нь өвддөг туршилт байдаг. Тэгэхээр бодлоо өөрчилснөөр сэтгэл хөдлөл хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн зүйл гарч ирнэ.Хэвшмэл ойлголтыг энгийнээр тайлбарлавал цав цагаан цас байлаа гэж бодьё. Бид өдөр бүр нэг замаар явсаар байгаад жим үүсгэчихдэг. Бусад хэсгийн цас нь зузаан, хүйтэн учир тэр нэг жимээрээ л алхаад байдаг. Тиймээс аливаа зүйлийг бодох бодлоо өөрчлөх, ургуулан бодох нь хэвшмэл ойлголтоо өөрчлөх нэг арга юм. Энэ арга Америкт трэнд болж байгаа.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин