sonin.mn
Хятадын дээд эрхт байгууллага болох 14 дүгээр сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 3-р сарын 13-ны өдөр Бээжин хотноо хаалтаа хийлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг хуралд хэлсэн үгэндээ хүчирхэг улс орныг байгуулах, үндэснийхээ сэргэн мандалтын шинэ аяныг эхлүүлэх, өндөр чанартай хөгжлийг биелүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах зэргийг онцолжээ. Уг чуулганаар Хятад улсын ирээдүйн хөгжлийн төсөл төлөвлөгөөг боловсруулж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлоод зогсохгүй дэлхий нийтэд эерэг дохио уламжиллаа  олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 
 
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хятадын эдийн засаг өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжлийн шат руу шилжээд байна. Энэ нь Хятад улс “эдийн засгийн чансаагаа үр дүнтэй дээшлүүлж, өсөлтийн хурдыг зүй зохистой цар хүрээнд байлгах болно” гэдгийг тодорхойлж байна. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал, аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих, нүүрстөрөгч багатай ногоон эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зэргээр сүүлийн жилүүдэд Хятадын өндөр түвшний хөгжил мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн юм.
 
2022 онд Хятадын дэвшилтэт технологи, нэмүү өртөг илүү шингэсэн бүтээгдэхүүн, ногоон хөгжлийг дэмжигч бүтээгдэхүүн зэрэг нь экспортын өсөлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсноос цахилгаан хөдөлгүүрт автомашины экспорт өмнөх жилийн мөн үеэс 131.8 хувиар, фотоволтайк бүтээгдэхүүний экспорт 67.8 хувиар тус тус нэмэгджээ.
 
 
 
Ши Жиньпин: “Хятадын хөгжил дэлхий дахинд ашигтай. Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүй уялдаа холбоотой. Хятад улс өндөр түвшинд илүү нээлттэй байж, дэлхийн зах зээл болон нөөц баялгийг сайтар ашиглан хөгжихийн зэрэгцээ олон улсын хамтын хөгжлийг ахиулах болно” гэж хэлсэн нь Хятад улс дэлхийн улс түмэнтэй хамтран ажиллахад бэлэн гэсэн үг бөгөөд Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлэх шийдвэр зоригоо дэлхий нийтэд уламжилсан хэрэг гэж дүгнэж болно.  
 
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болохын хувьд сүүлийн 10 жил дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улс дунджаар 30 гаруй хувийн үүрэг гүйцэтгэж ирлээ. Дэлхий нийтэд хандсан өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээг  тасралтгүй тэлж өргөжүүлснээс эхлээд Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний экспо, худалдаа үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зэрэг дэлхий нийтэд чиглэсэн эдийн засаг, худалдааны платформыг байгуулсан юм. Мөн “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааг тэлэхээр дамжуулан Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа улам өргөжүүлсэн юм. Иймд дэлхийн улс орнууд Хятадын хөгжлийн “галт тэргэнд сууж”, хамт аялахыг урьж байна. 2022 онд Хятадын гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 189 тэрбум ам.долларт хүрч, шинэ рекорд тогтоосон бол энэхүү үзүүлэлт гурван жилийн өмнөхөөс бараг 50 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. 
Өнөөгийн байдлаар дэлхийн эдийн засгийн хөгжилд маш олон сорилт тулгарч байна. Гэхдээ Хятадын саяхан өндөрлөсөн хоёр чуулган дэлхий нийтэд эерэг мессеж өгч байна. Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын явцад Хятад улс өөрийн хөгжлөөрөө дэлхий нийтэд үр өгөөж хүртээн, дэлхийн энх тайван хөгжилд илүү их тогтвортой эрч хүч сэлбэх нь дамжиггүй юм." гэж мэдээлжээ. 
 
Г.Бямба