sonin.mn
XXI зуун хөгжлийн хурд эрэмбээрээ өмнөх олон зуунуудыг нийлүүлснээс ч хол түрүүллээ. Тэр нь цэрэг арми, дайн тулаанд тусгалаа оллоо. Техник, технологи, смарт шийдэл, хиймэл оюун ухаан, робот бүгд цэрэг арми руу гэрлийн хурдаар явж байна. Украины дайн цэргийн шинжлэх ухааны хөгжлийн чухал, түүхэн үе шат боллоо.
 
Украин дахь энэ дайн Орос нь зөв, Украин нь буруу, эсвэл Украины зөв, Оросын буруу гэхээсээ шинжлэх ухаан-технологи, түүнд зарцуулах төсөв мөнгөөрөө хэн нь илүүрхэж байгаагийн бодит нотлогоо болж байна. Энэ  дайн цэргийн шинжлэх ухаан, цэргийн урлагийн судлалд том боломж олгож, орос, украин төдийгүй, гадаадын, тэр дундаа хятадын, хойд солонгосын, ираны цэргийн шинжээчид тархиа гашилган буй нэг шинэлэг үзэгдэл бол “дронуудын дайн”, “дроны арми” гэгч ажээ. Украины зэвсэгт хүчинд “дроны арми” буй болж, дотроо цохилтын анги салбартай болсон нь оросын хувьд гэнэтийн санаандгүй, хүсүүшгүй явдал болжээ. 
 
 
Ганцхан 7 хоногт дроны арми нь оросын 220 байлдааны техник, хүнд зэвсгийг жагсаалаас гаргасан хэмээн Украины Ерөнхий сайдын орлогч бөгөөд Инновац, боловсрол, ШУТ-ийн хөгжлийн сайд Михаил Федоров Telegram сувгаар мэдэгджээ. Дроны арми нь оросын артиллерыг богино хугацаанд устгасан рекорд амжилт тогтоов, 69 их буу, 17 өөрөө явагч, 33 танк, 27 байлдааны хуягт, радиотехникийн 10 систем, 41 ачааны машин, хориглолтын 142 тулгуур цэг, шатахууны 17 склад, 10 миномет, гурван РСЗО, нийлээд 220 нэгж хэмээн тэр сайд ярьжээ. 
 
 
“Дроны арми” гэдэг төсөл 2022 оны зунаас эхэлсэн, Украины батлан хамгаалах хүчинд зориулж дрон ба нисэгчгүй нисдэг аппарат байнга бөөнөөр нь худалдан авч нийлүүлэх, өөрсдөө үйлдвэрлэх, армиа тасралтгүй хангах, пилот-операторуудыг бэлтгэхэд чиглэсэн  системтэй ажил хийсэн гэж сайд ярьж байна. 2023 онд улсын төсөвт  “дроны арми”-д зориулан 40 тэрбум гривень суулгасан, 2024 онд 48 тэрбум гривень. болгоно. Энэ оны эхний хагас жилд дроны оператор 10 мянгыг сургаж бэлтгэсэн, одоо бол улирал тутам 10 мянган оператор бэлтгэх болж байна гэжээ. 
 
Харин энэ мэдээ оросуудын хувьд тун таагүй сэтгэгдэл төрүүлнэ. “Дронуудын дайн”-д Орос явахгүй нь илт байна. ОХУ-ын Зэвсэгт хүчинд “дроны арми” хараахан буй болоогүй, энэ талаар төлөвлөсөн, хийж байгаа тоймтой ажил харагдахгүй байна. Оросын армид дроны оператор олон мянгуулаа байгаа, тийм тийм цэргийн их сургуульд бэлтгэж байна гэх мэдээ гарахгүй байхыг бодоход энэ талаар Украинаасаа хоцрогдолтой яваа мэт. Орос нь дрон, нисэгчгүй нисдэг аппарат Иранаас бөөнөөр нь худалдан авч харагддаг. Харин тэдгээрийг зөөдөг цэргийн тээврийн Ил-76 онгоц Псковын аэрдром дээрээ украины дроны халдлагад өртөж томхон хохирол амссан мэдээ түгсэн. Орос нь ираны дронуудыг фронтод хэрэглэх бус, харин Украины хотууд, суурин газар, иргэний байгууламжийг бөмбөгдөж сэтгэхүйн дарамтад оруулахыг хичээвч тэдгээрийн ихэнхи нь байндаа хүрэлгүй агаарт дэлбэрээд алга болж байгаа дүр зураг харагдана.
 
 
 
                                                    бэлтгэл хошууч Адьягийн Батсайхан