Богд хаант Монгол Улсыг байгуулах үйлсэд өөрийн амь биеийг үл хайрлан, Манж Хятадын эсрэг цогтой тэмцэж явсан хүний нэг нь Эрдэнэ дайчин Хошой Чин ван Ханддорж билээ. Тэрээр Халхын хан, ван томоохон ноёд лам нарыг толгойлон Жавзундамба хутагтыг Монголын хаанд өргөмжлөх ажлыг сэдэж улмаар Өвөрмонголыг өөрийн улсдаа хураан нэгтгэх хэрэгт голлох үүрэгтэй оролцсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Хэрэв Чин ван Ханддорж мэтийн алсын холч ухаантай, эх орончид төрөөгүй байсан бол тэр үеийн Монголын түүх хаашаа эргэж, яаж бичигдэх байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл бидэнд энэ их хүний үйл хэрэг, гэгээн дүрийг мөнхжүүлсэн ганц хөшөө дурсгал нийслэл хотод маань бий билүү? Тэрээр одоогоос зуу гаруй жилийн тэртээ энэ л газар Богд Дүнжингарав уулын ар хормой, хатан туулын хөвөөнөө Монгол Улсаа яаж нэг туурга тусгаар улс болгох вэ? хэмээн. бодолхийн явсан л байх. Бодох л асуудал. Дашрамд өгүүлэхэд Ханд вангийн талаар олон судалгааны өгүүлэл, ном бичиг уншигч түмэндээ хүргэж байгаад нь түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар багшдаа баяр хүргэе.
Түүний өвөг дээдэс нь Батмөнх даян хаан
Чин Ван Ханддорж нь үе залгамжилсан сурвалжит язгууртан, боржигон овог, хиад ясны хүн юм. Түүхийн баримт сөхөн үзвэл, Ханддоржийн өвөг дээдэс нь Батмөнх даян хааны (1466-1504) отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайж ажээ. Хунтайжийн гутгуур хөвүүн нь Онохуй Үйзэн ноён, түүний ууган хүү нь Очир, Абатай сайн хан юм.
Абатай сайн ханы хоёрдугаар хөвүүн Эрээхэй мэргэн, Эрээхэй мэргэний гутгаар хүү Доржд үүрэгч, Дорж дүүрэгчийн хүү Чимчүгнамжил (Чоймчигнамжил) болой, Чимчүгнамжил нь түүний өвөг, эцэг хандаа ёс төртэй золгохоор бараалхахад “Чи Түшээт ханы нутгаас дураараа шилж сонгон эзэмшихтүн” гэсэн зарлиг буулгажээ. Хариуд нь Чимчүгнамжил, “ Хан эцэг соёрхвол Орхон, Сэлэнгэ , Туул гурван гол урсан өнгөрөх ай сав нутгийг авъя даа” гэжээ.
Тэгэхэд Түшээт хан “Чи миний эзэмшил өргөн уудам нутгаас хамгийн үзэсгэлэн төгөлдөр, үржил шимтэй, хангай, хээр тал хосолсон хэсгийг авах хувьтай байжээ” гэж хэлээд хошуу нутаг тасалж өгсөн гэдэг. 1730 онд Чимчүгнамжил өөрийн хошуунаас төрсөн дүү Пунцагравдандаа харьяат нарыг нь таслан өгснөөр Жонон гүний хошуу бий болжээ. Хошуу ноён бэйл Чимчүгнамжил 1732 онд баруун Монголтой хийсэн тулалдаанд бие эцэслэжээ.
Түүнээс хойш хошуу нутгийг Чимчүгнамжилын үр хүүхэд, үе улиран захирч явсаар 1892 онд Чин ван Ханддоржид залгамжлагдсан байна. Тэрбээр Халхын хойд замын баруун гарын зүүн хошууг (одоогийн Булган аймгийн төв, Орхон, Хангал, Бугат, Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутгийн зарим хэсэг)-ийг захирах болжээ.
“Жа, хаантан миний хошуу өрнөөс дорно хүртэл 12 өртөө билээ”
Нэгэн удаа түүнийг Бээжинд очиж Манжийн хаанд бараалхах үед Гуансюй хаан өөртэй нь үе тэнгийн залуу хүн хошуу засагт тохоогдсоныг хараад олны өмнө сүр хүчээ үзүүлэх хөөрүү сэтгэлд автан “За хө чиний хошуу баруунаас зүүн, хойноос өмнө хүртлээ хэдэн газар юм дээ. (Нэг газар гэдэг нь 536 м) хэмээн хэлээд басангуй өнгөтэй асуужээ.
Тэгэхэд нь Ханддорж “ Жа хаантан. Манай халхад хошуу нутгийнхаа хэмжээг газраар биш өртөөгөөр хэмждэг билээ. Миний хошуу умраас өмнө хүртэл найман өртөө (нэг өртөө 30 орчим км), өрнөөс дорно хүртэл 12 өртөө хэмээн даруухан мөртлөө, төв ихэмсгээр өчжээ. Үүнд нь олиггүй асуулт тавьсандаа хаантан бантан хэлэх үгээ олж ядан байхад нь хөгшин Цыси хатан “Үнэхээр сэргэлэн залуу” гэж манж зангаар магтаад сонжилтыг товчхон дуусгасан байна.
Дээрх байдлаас үзэхэд Ханд вангийн хошууны нутаг дэвсгэр хойноосоо урагш 240 км, баруунаас зүүн тийш 360 км талбайг эзэлсэн өргөн уудам нутаг байжээ.
Мөн Манжийн Бадаргуулт хаан түүнээс “Чи хэдэн нас хүрэв. Хэдэн өдөр явж ирэв. Чиний хошуу хэдэн газар вэ? Орост ойр уу? Тариа байна уу? Алт байна уу? Малтсан уу?” гэх зэргээр хятадаар асуухад нь Ханддорж хариуг нь бүгдийг нь хятадаар тун ончтой хариулж байсан гэдэг.
Бээжинд ирэхэд нь халхын бусад ноёдоос илүү хүндэтгэн хүлээн авдаг
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Чин ван Ханддоржийн амьдрал, тэмцэл түүний байгуулсан гавьяаны тухай өгүүлье гэвэл бүхэл бүтэн ном болох биз. Харин түүнийг тухайн цаг үед зарим хүмүүс хэрхэн үнэлж үздэг байсныг товч дурдъя. 1911 оны наймдугаар сарын 19-нд Оросын цэргийн штабын дарга Я.Жилинскийд мэдээлсэн тодорхойлолтонд “Төлөөлөгчдийн тэргүүн Ханддорж Чингис хааны шууд удам угсаа залгамж хойч үе.
Түшээт хан аймгийн Хошуу засаг, Хятадын армийн дэслэгч генерал цолтой (аймгийн жанжныг дэслэгч генералтай дүйцүүлж байсан бололтой) ухаалаг, хятад боловсролтой, европын соёлтой танил. Хятадын Европ маягийн Тяньжин, Шанхай зэрэг хотуудад очсон. Оросын талыг баттай баримталдаг. Өвөр Байгальд очиж байсан. Хятадаас салан тусгаарлах үзлийг ямагт гаргадаг.
Түүнийхээ төлөө хүүгийнхээ амийг алдсан. Түүнийг Бээжинд ирэхэд Халхын бусад ноёдоос илүү хүндэтгэн хүлээж авдаг хэмээжээ. Тэр үед Их Хүрээнд байсан гадаадын хүн дурсан бичихдээ, “Монголын ноёд манж амбан Сань До-д тааламжгүй байлаа. Тухайлбал Ханд ван түүнийг ирсэн зүг рүү буюу цагаан хэрмийн цаад руу тонилбол сайнсан гэдэг байв. Бусад ноёд Ханд ван шиг санаснаа шууд хэлж чаддаггүй.
Ханд ван дургүйцэхдээ нийслэлээс гарч аймагт яваад цэрэг элсүүлэн, Их Хүрээнд орж ирмэгцээ манж нарыг зайлахыг шаардсан. Энэ хувьсгал цус асгаруулахгүйгээр хэдхэн цагийн дотор болсон. Монгол цэргүүд унтаж байсан манж, хятад цэргүүдийн зэвсгийг Ханд вангийн удирдлагаар маш түргэн хурааж, гарыг нь мухарласан бөгөөд маргааш өглөө нь Монголын ард түмэн сэрээд, хятадын эзлэлтээс чөлөөлөгдсөнөө мэдсэн.
Би тэгэхэд Их хүрээнд байсан бөгөөд орой нь нар шингэсний дараахан Богд Ханд ван нараас надад хэл өгч шөнө үймээн гарч болзошгүйг анхааруулсан” гэжээ. Монгол дахь Хаант Орос Улсын Бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец Ханд вангийн гэрт зочилсноо:
“.. Би ноёдынхоор хариу зочлов. Ханд ван илүү найрсаг, яриа хөөрөөтэй байв. Тэрбээр Бээжин, Петербургт очиж байсан, харийнхны ёс журамтай танилцсан, гадаад тал нь гял цал, соёлын зарим зүйлд хэдийнээ дадал болсон байна.
Энэ далимд хэлэхэд, сайхь ноёнтон Орост явж ирээд Европын нөлөөгөөр уран барилгын гоёмсог хийц маягтай хоёр давхар модон байшин барьсан боловч тэндээ бараг суудаггүй, зэргэлдээх гэрт амьдарна. Ханд ван бол Оросын талыг тууштай баримтлагч. Оросын саналыг дэмжигч байв” гэж бичжээ.
Ханд ван 1908 онд 569 адуу тоолуулж байжээ
Чин ван Ханддорж Дайчин вангийн хошууг 1892 оноос 1915 он хүртэл захирч байв. Тус хошууны хүн ам 1909 онд 10547 байсан бол 1918 онд 19144 хүнтэй болж өсчээ.
Хүн ам нь ноёд язгууртан, харц ард хэмээх хоёр бүлгээс бүрдэж байв. Чин ван Ханддорж мал сүргээр баян, ялангуяа адуу олонтой байжээ.
Түүний адууг Бадаргуулт төрийн 34 дүгээр он (1908)-ы наймдугаар сард тоолоход, их бага азарга 327, их морьд 179, соёолон морьд 30, хязаалан морьд 36, шүдлэн үрээ 21, шүдлэн байдас 18, эр даага 26, охин даага 28, эр охин унага 99, их бага гүү 175, бүгд адуу нь 569 тоотой байжээ. 1918 оны тоо бүртгэлээр түүнийг залгамжлагч Эрдэнэ дайчин ван Жамбалдорж адуу 1024, тэмээ 8, үхэр 543, хонь ямаа 240, нийт 3410 малтай байсан аж.
Дайчин вангийн хошуу 161 тайжтай байв
Ноёд язгууртны хамгийн том хэсэг нь тайж нар. Тэд тусгай отог буюу баг болж, төрлийн дарга хэмээх албан тушаалтанд захирагддаг байв. Чин ван Ханддоржийг нас барсны дараахан буюу 1918 оны бүртгэлээр тус хошуунд 18 наснаас дээш тайж 90, насанд хүрч зэрэг олсон тайж нар 71, нийт 161 тайжтай байжээ. Энэ нь тус хошууны нийт хүн амын 0.8 хувийг бүрдүүлж байжээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
Сэтгэгдэл0
Ханддоржийн хүрэл хөшөө боссон шүү дээ, Ханддоржийн өргөөний хашаан дотор байгаа, Их дэлгүүрээс урагшаа , Циркийн зүүн хойно байдаг, Бас нэг хөшөө нь Булган аймагт чулуун хөшөө бий. Жаахан юм мэдэж байж юм бичиж бай л даа,
Зөв
b.z.d-iin banhar batzorigiin hoshoonii orond barisan bol ch mon saihanaa. ter banhar ch batzorigtoo goomon adilhan shyy.
Нохой, гахай нь мэдэгдэхгүй юм барьж улсын нийслэлийг бузарлаж байх хэрэггүй. Энэ луйварчид яахаараа сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихын оронд хэрэгтэй хэрэггүй хөшөө, хаалга барьдаг байнаа? Мөнгө зувчуулахад л амар байдаг юм байхдаа. Ой болгоноор сум, аймаг, хот, дүүргийн хаалга гэж ур хийц муутай, 10 илийн насгүй юм босгож хадаг яндар, архи, сүү цацаж мангартана. Дараа дараагийн дарга нар нь дахиад л мангартана. Үнэхээр мангаруудын орон.
Ene hend heregtei jum be!!! Tegesend orbol xeden zobson xumuusee tejee.Minii eleg emterch baina.Bid altan deer sandaalsan gyilgachin bolj baina
Яанаа яаанаа энэ хэнд хэрэгтэйм бээ гэж юу яриад байгаам бээ, арай чдэ үүх түүхээ мэдэхгүй яаанаа, Харин ч хэрэгтээ хэрэггүй хаа хол английн хамтлагийн хөшөөг бариж босгож байснаас улс орондоо үнэхээр их юм хийж бүтээж байсан хүний хөшөөг бариж босгож, хойч үеийнхэндээ жаахан ч боловч эх ороноо хайрлах, эх оронч сэтгэлгээг өгдөг баймаар юм. Наад хүн чинь байгаагүй бол өдийд монгол улс гэж байхгүй хужаагийн нэг хэсэг байж ч мэдэх байлаа. Жаахан ч болов юм унш, Солонгос кино үзэж тархиа ялзруулахаа боль гэж хэлье дээ
goy helsen shvv
тийм шүүү бидний удам угсаа ургийн бичгийг устгаж хэнч биш болгосон тэр хүмүүсийг дэмжиж байгаа мэт өнгөрсрөн үеийнхээ хаад ноёд сэхээтнүүдийнхээ хөшөөг барьж түүхийг сэргээх гэж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг битгий буруу шаа. Энэ мэт хөшөө дурсгал бол зөв
Бидний өвөг дээдэс өнөөдрийг бидэнд үлдээх гэж яаж тэмцэж байсныг мартах ёсгүй. Бүх зүйлээ гэр бүл, амь насаа золиослосон байна. Үүнийг бид мартах ёсгүй.