
МАНИЛА, 2025 оны тавдугаар сарын 13 /CNN/. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн шүүхэд /ОУЭШ/ саатуулагдаад байгаа Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте төрөлх хотынхоо даргаар сонгогдох нь үндсэндээ тодорхой болжээ.
Cаналын хуудасны 80 хувийг тоолсны дараах албан ёсны бус дүнгээр Р.Дутерте Давао хотын даргын сонгуульд хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө найм дахин илүү олон санал авч ялсан байна.
Филиппиний Ерөнхийлөгч асан түүнийг олон мянган хүний аминд хүрсэн “хар тамхины эсрэг дайн”-ы хэргээр гуравдугаар сард баривчлан Хаагт авчирсан юм. Өдгөө 80 настай Р.Дутерте улс орон даяар явагдсан завсрын сонгуульд ялалт байгуулсан нь өмнөд нутгийн хотод нэр нөлөөтэй хэвээр байгааг харуулж байна. Түүний хуучин Facebook хаяг дэмжигчдийнх нь баяр хүргэсэн зурвасуудаар дүүрч, зарим хүмүүс ард түмэндээ хүчин зүтгэхийн тулд эргэн ирэхийг уриалжээ.
Р.Дутерте ОУЭШ-д шүүгдэх Азийн анхны төрийн тэргүүн асан болж магадгүй байна. Шүүхийн хүсэлтээр Филиппиний цагдаа нар түүнийг гэнэт баривчилсан нь дэмжигчдийнх нь дургүйцлийг хүргэсэн бөгөөд тэд үүнийг гадаадын шүүхийн захиалгаар хүн хулгайлсан хэрэг гэж тодорхойлжээ.
Р.Дутертегийн хувьд хар тамхины эсрэг тэмцлээ зөвтгөсөөр ирсэн бөгөөд түүний өмгөөлөгчид баривчлах ажиллагааг хууль бус үйлдэл хэмээн мэдэгдэж байна. Ерөнхийлөгч асны хоёр хүүгийн хувьд мөн даваа гарагт болсон сонгуулиар нэг нь Конгрессын гишүүнээр улиран сонгогдож, нөгөө нь Давао хотын дэд даргын төлөөх өрсөлдөөнд ялж, эцгийнхээ эзгүйд уг албыг хаших магадлалтай байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хар тамхины наймаачидтай радикалуудтай тэмцэж тэднийг устгасан бол түүний зөв. Хар тамхитай тэмцэхэд ямар ч буруу байхгүй харин ч сайн.