sonin.mn
Монгол Улсын Анагаах ухааны салбарт тасралтгүй 50 орчим жил зүтгэж буй Хүний гавьяат эмч, Цэргийн төв эмнэлгийн зөвлөх эмч, бэлтгэл хурандаа Л.Жамбалжав Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхолт” хэмээх хүндтэй шагналын эзэн болсон юм. Энэхүү баярт үйл явдалтай холбогдуулан түүнтэй саатан ярилцсаныг уншигч танд хүргэе. 
 
Та аль нутгийн хүн бэ? Эхээс хэдүүлээ вэ?
 
-Би Архангай аймгийн Хотонт суманд 1949 онд төрсөн. Миний аав Ч.Лхамсүрэн 1939 оны Халхын голын байлдаанаас 1945 оны Чөлөөлөх дайн хүртэл цэргийн албыг таван жил есөн сар хааж, бүр буудуулж шарх тээж явсан ахмад дайчин хүн байлаа. Харин миний ээж Ч.Ханджав их сайхан эмэгтэй байсан. Бид эхээс зургуулаа. Одоо бүгд энх тунх, элэг бүтэн амьдарч байна.
 
Анх хэзээ эмч болъё гэсэн бодол төрсөн бэ? Чухам энэ мэргэжлийг сонгох шалтгаан юу байв?
 
-Намайг төрөхөд орон нутагт эмч цөөхөн байсан учир нутгийн нэг эмгэн эх барьж байсан гэдэг. Миний ээж нийт 11 хүүхэд төрүүлсэн ч харамсалтай нь тав нь эндсэн. Эх хүнд хүүхдээ алдах шиг хэцүү зүйл гэж байдаггүй. Тиймээс ээж минь намайг бага байхаас л эмч болоорой гэж захидаг байв. Энэ захиас хожим намайг Анагаах ухааны дээд сургуульд орох замыг минь хөтөлсөн. Сургуульдаа орсон хойно нисгэгч болбол сайхан даа, боксчин болоод амжилт үзүүлэх юм сан гэх мэт дэврүүн бодлууд төрдөг л байсан. Гэхдээ эцсийн эцэст ээж минь надад эмч хэмээх хариуцлагатай мэргэжилтэй болохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан учир эргэлт буцалтгүй шийдсэн. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын туслах эмчээр ажиллаж байгаад дараахан нь Баруунхараагийн сум дундын эмнэлэгт томилогдож очсон. Тэгж л анх энэ салбарт албан ёсоор хөл тавьж байлаа.
 
Залуухан мэс заслын эмчид цэргийн хүн болно гэсэн бодол хэдийд нь төрөв? 
 
-Манай удамд цэргийн хүн байгаагүй. Түрүүнд хэлсэнчлэн аав минь дайнд оролцож, баатарлаг гавьяа байгуулж явсан учир бид бага балчир цагаасаа л эх орон гэж ямар үнэ цэнтэй зүйл болохыг ааваасаа үлгэрлэж өссөн. Би гэдэг хүн хэдий анагаах ухааны салбарт хөл гишгэсэн ч цэргийн хүн болох сон гэдэг нууцхан бодол байнга дагалдаастай. Тиймээс гэнэтхэн л цэрэгт явъя гэсэн бодол төрсөн. Улмаар 1974 онд цэргийн албанд өөрийн саналаар явахаар шийдэж, Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэлд томилогдон 1000 цэргийн карантинаар дамжиж явлаа. 
Тэгтэл тухайн үед армийн хэмжээнд мэс заслын эмч мэргэжилтэй над шиг хүний хэрэгцээ туйлын их байсан учир цэргийн албыг гуравхан сар хаагаад Батлан хамгаалахын сайдын тушаалаар дэслэгч цолоор шагнуулж, Цэргийн төв эмнэлэгт туслах эмчээр томилогдсон. Цэргийн төв эмнэлэгт л цэрэг хүн, тэр дундаа цэргийн эмч ямар өндөр хариуцлагыг нуруундаа үүрч явдаг талаар ихийг сурч мэдсэн. Тэр эмнэлгийн гадаах хашаа, байшин, хагалгааны өрөө, тасалгаанууд одоо ч миний сэтгэлд хамгийн дотно чигээрээ үлдсэн. Эмнэлгийн хаалгаар орох мөч миний хувьд хамгийн аз жаргалтай цаг хугацаа байдаг. Арга ч үгүй биз, залуу халуун үеийн галтай цогтой дурсамжууд тэнд үлдсэнээс гадна амьдралынхаа ханийг хүртэл олж хувь заяагаа холбож байсан дурсамж дүүрэн газар минь юм шүү дээ. 
 
Цэргийн эмч хэмээх энэ хариуцлагатай албанд зүтгэхэд хамгийн их үлгэр дуурайлал болж байсан хүн хэн бэ? 
 
 
-Үнэндээ Цэргийн төв эмнэлэгт нэгэн үед ажиллаж байсан олон ахмад эмч нарын нэрийг дурдмаар байна. Жишээ нь, хурандаа Б.Дамбийням, Д.Чойжилжав, Б.Сандан, Д.Сүхбаяр зэрэг мундаг хүмүүсийн гар дээр би жинхэнэ цэргийн эмч хүний эрдэм мэдлэгийг анх олж авсан. Тэдгээр эрхэм хүмүүс надад эмч хүн бие дааж юм сурдаг гэдгийг маш сайн ойлгуулсан. Тиймээс би ном, сэтгүүл маш их уншдаг байсан. Надад баяр наадам, амралтын өдөр гэж байдаггүй, үргэлж номын санд өнжинө. Миний хамтран зүтгэгч нар маань ч надад их дэм болсон. Дээрээс нь хөдөө томилолтоор явах, удаан хугацааны хээрийн дадлагад гарах, гадаад оронд сургуульд суралцах үед миний арыг эхнэр маань бүрэн хариуцаж байсан. Эднийхээ хүчинд л би өдий зэрэгтэй яваа гэж боддог. 
 
 
 
1982 онд Батлан хамгаалах яамны удирдлагууд надад итгэл хүлээлгэж, Ленинград хотын Цэргийн хүмүүнлэгийн академид суралцаж докторын зэрэг хамгаалах боломжоор хангасан. Дараа нь 1990-ээд оны эхээр МУИС-ийн англи хэл судлалын ангийг төгсөж, улмаар АНУ-ын Батлан хамгаалах яамны Англи хэлний институт, АНУ-ын Хуурай замын цэргийн академид тусгай мэргэжлийн дамжаанд суралцсан. Америкт байхдаа эрхтэн шилжүүлэх мэс заслыг анх удаа харж, хагалгаануудад дагалдангаар ажиллаж үзсэн. Тэр үеэс хүний эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулах тухай бодол орж ирсэн. Европын анагаах ухаан манай оронд хөгжөөд бараг 100 шахам жил болохдоо шинээр олон ололт амжилт нэвтрүүлж байсан ч хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах арга тухайн үед хараахан нэвтрээгүй байсан. Өөрөөр хэлбэл эрхтэн шилжүүлэн суулгахын оронд муудсан, гэмтсэн хэсгийг шуудхан л тайрчихдаг байлаа. Хамгийн гол нь бүтэн эрхтэн байхгүй л бол хүн гэдэг амьтан нөгөө эрхтнээрээ дутаж, улмаар бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг учир эд эрхтэн шилжүүлэн суулгах аргыг судлах зайлшгүй шаардлага тулгарсан. Тийм ч учраас би энэ талын судалгаа шинжилгээнд цагаа түлхүү зарцуулж эхэлсэн.
 
Бөөр шилжүүлэн суулгах анхны хагалгаа ямар явцтай болж өнгөрсөн бэ? Магадгүй таны санаа бодолд тод үлдсэн байх?
 
-Цэргийн төв эмнэлэгт эмчээр ажиллаж байсан намайг 1996 оны эхээр дээд удирдлагаас шууд Эрүүл мэндийн яаманд газрын даргаар томилсон. Залуу халуун үеэсээ эхэлж 23 жил ажил, амьдралаа холбож явсан эмнэлэгтээ хоргодох сэтгэл их байсан. Гэвч цэргийн хүн тушаалаар хөдөлдөг учир тэр даруй ажлаа хүлээлгэж өгөөд Эрүүл мэндийн яаманд шинельтэйгээ очиж байлаа. Тэр үе бол манай орон зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд цаг байсан. Үүнийг дагаад эрүүл мэндийн салбар ч уналтад орж байсан болохоор хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болж Эрүүл мэндийн, Ариун цэврийн, Эмийн тухай зэрэг хуулийг санаачлах ажлын хэсэгт орж ажилласан. Хамгийн гол нь бид эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулах горьдлоготой байлаа. Гэтэл 1996 оны 7 дугаар сард бөөрний дутагдалд ороод бүүр сэхээнд орчихсон найман хүүхэдтэй айлын бага нь болох 22 настай залуу бараг л үхлээ хүлээж байна гэсэн мэдээ ирлээ. Бөөрний дутагдалд орсон хүний шээсний хорыг аппаратаар цэвэрлэдэг байтал зүрхний дутагдалтай байсан учир ямар ч боломж байхгүй байв. Бид хоорондоо зөвшилцөөд ямар ч байсан амьд бөөр тавьж үзье гэсэн дүгнэлтэд хүрлээ. Гэтэл 26 настай эгч нь нэг бөөрөө өгөхөөр болов. Хүний эгч гэж үнэхээр гайхалтай юм гэдгийг тэгэхэд мэдэрч билээ. 
Бид хагалгааг Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт Төрийн соёрхолт Д.Нямсүрэн, Төрийн шагналт Ж.Нарантуяа, Б.Гоош багш, Хөдөлмөрийн баатар Г.Нямхүү эмч нарынхаа нөмөр нөөлгөнд амжилттай хийж байсан. Хагалгааны дараа шилжүүлэн суулгасан бөөр шээс ялгаруулж хордлогоос гарч чадсан. Тэгэхдээ өөр хүний бөөр суулгасан болохоор хүнийрхэнэ гэдэг том асуудал гарлаа. Тухайн үед бидэнд одоо үеийнх шиг дархлаа дэмжих эм тариа байгаагүй. Харамсалтай нь өвчтөн зүрхний дутагдалтай байсан учир долоо дахь хоног дээрээ цусан бүлэм үүсэж бөөр нь ажиллагаагүй болсон. Бид хэсэгхэн хугацаанд ч гэсэн тэр залуугийн амийг аврах оролдлого хийсний хүчинд өвчтөн маань гурван сар гаруй амьдарсан. Тэгэхдээ энэ мэс засал Монголын анагаах ухаанд маш их түлхэц өгсөн. Тухайн үед ард түмэн эрхтэн шилжүүлэн суулгах талаар ямар ч ойлголтгүй байсан бол тэр хагалгаанаас хойш олон аав ээж, эгч дүүс, охид хөвгүүд хайртай хүмүүсийнхээ төлөө бөөрөө өгч амьдрал бэлэглэдэг болсон. 
Бид анхны мэс заслаасаа хойш гаднын орнуудаас туршлага судлах, сурган дадлагажуулах зайлшгүй шаардлага бий болсон. Улмаар миний бие Анагаах ухааны хүрээлэнд шилжин ажиллахдаа тэр тухай төсөл бичээд Бээжин хотын “Найрамдал” эмнэлэгт мэс заслын багаа дадлагажуулахаар боллоо. Дараа нь уг төслийн дагуу Солонгос, Англи Улсаас буцалтгүй тусламжаар хагалгаанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, молекул, биологийн лабораторийг анх нэвтрүүлж, зарим эмч нарыг өндөр хөгжилтэй орнууд руу сургалтад явуулж чадсан. Ер нь энэ талын судалгаа шинжилгээ хийх, баг хамт олныг сурган дадлагажуулна гэдэг маш их хөрөнгө, төсөв шаардлагатай юм байна лээ. Олон ч хүнээс мөнгө гуйж үзсэн. Аль болох л улсдаа нэртэй, нөлөө бүхий бизнес эрхлэгчидтэй уулзаж мөнгө зээлэх талаар ярилцаж байсан. Зарим нь үнэхээр монгол хүний эвсэг, сайхан сэтгэлээр тус хүргэж байв.  Зарим нэг нь ганц ч төгрөг гаргаагүй. 
Бидний хамгийн анхны амжилт олсон бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 2006 онд хийгдсэн. Чухамдаа 2005 оны сүүлээр хоёр ихрийн нэг нь бөөрний дутагдалтай байсан тул нөгөө ихрийнх нь бөөрийг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Би тухайн үед ажлаасаа халагдчихаад жижиг хувийн эмнэлэг ажиллуулж байсан юм. Юуны түрүүнд хагалгааны багаа Бээжинд дахин дадлагажуулах ёстой гэж бодсон. Гэтэл бидэнд бас л мөнгө олдсонгүй. Харин миний төрсөн дүү Англид хараар ажиллаж олсон мөнгөө зээлэхээр болж манай баг 12 дугаар сард Бээжин хотод дадлагажихаар болсон. Буцаж ирэхдээ манай багийнханд зааж сургаж байсан Бээжингийн эмнэлгийн эмч нараа Монголд урьж авчраад хагалгааг найдвартай байлгах үүднээс хамтарч хийх санал тавьсан. Ийнхүү хоёр ихрийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг А.М.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт аль болох хүмүүсийн хөдөлгөөн багатай үед буюу хагас сайн өдөр хийж байсан. Хагалгаа тун амжилттай болсон учир маргааш нь хэвлэлээр зарлаж байлаа. Энэ үйл явдал ч мөн адил манай орны анагаах ухаанд том түлхэц болж чадсан. Үүнээс хойш бид бие дааж хагалгаа хийдэг болсон. Өнөөдрийн байдлаар нийт 233 хагалгаа хийсэн гэсэн тоо бий. Үр дүн 98.6 хувьтай. 1.4 хувь нь бусад өвчлөлөөр нас барсан болохоос биш бөөр шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой техникийн хүндрэл гараагүй. Ингэж л эд эрхтэн суулгах эмчилгээ манай оронд хөгжиж эхэлсэн дээ. 
 
Эмч хүн олон гавьяат үйлсийг бүтээдэг гэдгээрээ онцлогтой мэргэжил. Таны хувьд хүнд хүргэсэн хамгийн том тус юу вэ?
 
-Намайг Нэгдүгээр эмнэлгийн дарга байхад нэг ээж хүүгээ үзүүлэх гэсэн юм гээд орж ирлээ. Өвчтөнийг харахад бие нь битүү хавагнаж, хүндээр амьсгаадсан, хөл дээрээ удаан зогсож чадахгүй ширээ тулан зогсож байгаа 10 настай хүү байсан. Хүн бөөрний дутагдалд орсон үед цээж, хэвлийн хөндийгөөр ус дүүрч эсүүд нь хавагнадаг. Гэтэл тэр 10-хан настай хүүд тийм хурц хэлбэрийн шинж тэмдэг илэрснийг хараад миний нулимс өөрийн эрхгүй гараад буруу харсан. Тэр даруй эмнэлгийн Бөөрний тасгийн дарга байсан Б.Бямбадаш эмчийг өрөөндөө дуудаж харуулахад маш түргэн шуурхай арга хэмжээ авч долоохон хоногийн дотор хаванг нь эмчлээд гэр рүү нь буцаасан. Хожим ээж нь хүүг минь хараад уйлсан эмч хэн бэ гэж асуулгасан байсан. Тэр үед л би тэр хүүд том тус хүргэлээ дээ гэж бодсон. Би олон хүнийг эмчилж, олон хүнээс баярласан, талархсан сэтгэгдлийг нь сонсож байсандаа баярлаж явдаг. Гэхдээ энэ бол миний эмч хүнийхээ хувьд монголын анагаах ухаанд үзүүлж буй өчүүхэн тус гэж бодож явдаг. Би үхэн үхтлээ эх орныхоо төлөө, ард иргэдийг шударга, эрх тэгш, зовлон зүдгүүргүй байхын төлөө зүтгэх болно.
 
Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Төрийн соёрхолт шагнал хүртэхдээ цэргийн хувцсаа өмсөж хүндэтгэл үзүүлснийг тань харсан. Цэргийн хүн гэдгээрээ хэр бахархдаг вэ?
 
-Бахархалгүй яах вэ. Би амьдралдаа төрөл бүрийн хувцас өмсөж байсан хэдий ч цэрэг шинель шиг ээ нандигнаж үзээгүй. Тэр ч бүү хэл Эрүүл мэндийн яаманд газрын дарга байхдаа Монгол цэргийн баярын өдөр цэрэг хувцсаа өмсөөд ажилдаа явдаг байлаа.  Нөгөө талаараа намайг өдий дайны мэс заслын эмч болох үндэс суурийг тавьж өгсөн нь Монголын Ардын Арми байсан учир Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид илтгэл өгч энэ хүндтэй шагналаа авъя гэж бодож цэрэг хувцсаа өмссөн.   
 
 
 
Нэг түүхийг сөхөж яръя гэж бодлоо. Би Цэргийн төв эмнэлэгт туслах эмчээр ажиллаж байгаад 1978 оны намар Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэлд эмнэлгийн ротын захирагчаар ахлах дэслэгч цолтой томилогдсон юм. Тэр үед Хятадын арми Вьетнам руу дайрч, Вьетнамын хойд талын мужуудыг бүрэн эзлээд нийслэл Ханой руу дайрахаар зэхэж байсан хүндхэн цаг таарсан.
 
 
Вьетнам Улсад социалист системийн орнууд туслахаар болсны дотор Монгол, Зөвлөлт хоёр орон багтаж байв. Улмаар 1979 оны 2 дугаар сарын 17-ны шөнө бид анги дээрээ түгшүүрийн байдалтай хоносон. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан болохоор хадам аав ээждээ хүүхэд эрүүл саруул бойжиж байгаа талаар хэлэх санаатай Зүүнбаянгийн холбоо орохоор явтал нэг байлдагч араас гүйж ирээд түгшүүр зарласан талаар дуулгалаа. Тэгээд шууд гэр рүүгээ очоод цагаан нэхий дээл, эсгий гутал өмсөөд анги руу гүйхээрээ очив. Би бодохдоо гэнэтийн дайралтад бэлдэхээр хээрийн дадлага, сургууль хийх нь дээ гэж таамагласан. Намайг анги дээр очтол Дорноговийн Авто баазаас 20 орчим машин ирээд эмнэлгийн байрыг тэр чигээр нь нүүлгэн хээр буулгачхав. Бид ч хээрийн эмнэлгийнхээ хагасыг нь дэлгээд бэлэн байдлыг хангалаа. Хоёрдугаар сар учир асрын доогуур хүйтэн салхи салхилаастай, нэлээн зутруу. Үлдсэн дэлгэгдээгүй асруудаа дэмий байлгаж байхаар гээд Зүүнбаян руу ачуулчхав. Төд удалгүй хүмүүсийн унтах цаг боллоо. Гэтэл шөнө 3 цагийн үед намайг штабаас дуудаж байна. Штаб дээр гүйгээд очтол хожим Батлан хамгаалахын сайд болсон Ш.Жадамбаа генерал (тухайн үед хурандаа байсан), Ар талын газрын дарга Я.Дамдинжав генерал, Ар талын газрын Эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа н.Погной тэргүүтэй хэд хэдэн генерал, ахлах офицерууд сууж байна. н.Погной хурандаа над руу харснаа "Нөхөр минь чамайг цэргийн шүүхэд шилжүүлнэ. Чи ямар санаагаар хээрийн эмнэлгийн талыг буцаасан бэ" гэв. Би ч их шартай хүн учир тайлбар тавилгүй дуугай зогсоод байв. Я.Дамдиндорж генерал бид хоёрын яриаг таслан "Миний хүү хэчнээн хүнд хагалгаа хийсэн бэ" гэж байна. Би ч 10-аад хүнд хагалгаа хийсэн талаараа хэллээ. Тэгтэл генерал "Одоо бид байлдааны байдалд шилжиж байна. Хятадын арми манай хилийн дагуу хүчээ байрлуулсан. Бид одоо тийш явна. Байлдаж ч магадгүй. Үлдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөө бүгдийг нь авчир. Цагийн дараа бэлэн байгаарай" гэж үүрэгдлээ. Үүрэг өгч дуусахтай нь зэрэгцээд би бушуухан гурван машин дагуулаад Зүүнбаян руу буцаж нөгөө эмнэлгийн хэрэгслүүдээ авчрахаар болов. Замаараа эхнэртээ “Хээрийн сургуульд явлаа, удах байх” гэж хэлээд халаасанд байсан 75 төгрөгөө өгчихөв. Тэгээд “Хүүдээ битгий зовоорой. Эх орныхоо төлөө явлаа” гэж аав ээждээ захидал бичиж дугтуйлаад хажуу айлдаа “Манай гэрийнхнээс цэргийн баяраар хүмүүс ирэхээр өгөөрэй” гээд, түлхүүртэйгээ хамт үлдээгээд буцаад явсан. Үнэндээ эргэж ирэхгүй л гэж бодсон хэрэг. Үүрээр бид урд хилийн зүг марш үйлдэж байлдааны бэлэн байдалд оров. Гэтэл удалгүй Зөвлөлт, Вьетнамын удирдлагууд “Хэрэв Вьетнам Улс руу гадаадын цэрэг довтолбол Зөвлөлтийн цэрэг шууд байлдаанд орно” гэсэн гэрээ хийж, дараахан нь ЗХУ-ын зүгээс Хятадын Засгийн газарт “Танайх нэн даруй тулалдаанаа зогсоож Вьетнамаас цэргээ татаж гарга. Эс тэгвэл бид дайран орлоо” гэсэн шаардах бичиг өгтөл хятадууд тэр даруй цэргээ татаж байсан. Хэрэв тухайн үед өөрөөр шийдсэн бол гарцаагүй ширүүн байлдаанд орох байсан. Тэгээд л бид бөөн баяр болоод буцаад цуваа татуулсан даа. Зүүнбаян руу буцах замд Г.Салманов генерал надад баярын бичиг, нэг бугуйн цагтай хамт дурсгахад Армийн Улс төрийн газрын дарга Т.Алтангэрэл генерал надад баяр хүргээд "Жамбалжав эмчид баяр хүргэе. Чамайг шинэ алба хүлээж байгаа шүү" гэж билээ. Би ч удалгүй Цэргийн төв эмнэлэгтээ ахлах эмчээр томилогдож тушаал дэвшиж байсан түүхтэй. Тиймээс би цэргийн хүн гэдгээрээ бахархаж явалгүй яах вэ. 
 
Цэргийн хэмээх тодотгол бол та бүхний мэргэжил нэгтнүүдээсээ ялгарах нэг онцлог шүү дээ ...
 
-Тэгэлгүй яах вэ, Цэргийн эмч нар эмчийн тангаргаас гадна цэргийн тангараг өргөдөг онцлогтой. Энэ нь ямар ч тохиолдолд бэлэн байдлаа хангаж, аль ч хүнд үед өчүүхэн ч тайлбар тавих эрх байхгүй гэсэн үг. Эмч хүн гэхээсээ илүү цэрэг хүн учир зөвхөн ахлах даргын тушаалаар үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс мэдэхгүй чадахгүй гэдэг үг ашиглах эрх бидэнд байхгүй. Жишээ нь, цэргийн мэс заслын эмч гэхэд дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн зэрэг цаг үеийн ямар ч хүнд бэрх үед тухайн өвчтөнд хагалгаа хийх бүрэн чадвартай байх ёстой. Дээрээс нь цэргийн эмч нар байнгын хатуу ширүүн нөхцөлд дадлага сургууль хийдэг. Энэ нь бидний ур чадвар, сэтгэл зүйн бэлэн байдал дээшлэхэд чухал ач холбогдолтой.
 
Хойч үеийн залуучуудад хандаж юу хэлэх вэ?
 
-Би олон шавьтай. Тэд нар маань олон ч том эмнэлгийг толгойлж явна. Монголын Анагаахын салбарт шинэ үе бий болж байна. Одоогийн залуучуудын өмнө олон боломж нээлттэй болсон. Ганц тавигдах шаардлага нь чадварлаг эмч болохын тулд бие дааж хичээх явдал юм. Хоёрдугаарт, эмч хүн зорилготой байх ёстой. Мэдээж хүн болгон жаргалтайгаар урт удаан хугацаанд амьдрахыг хүсдэг. Тэгэхдээ энэ бол зорилго биш. Миний үргэлж ярьдаг зүйл бол зорилгоо төсөөлж, түүндээ хүрэхийн тулд мөрөөдөх хэрэгтэй. "Мөрөөдөж байгаа хүн маш их баяр хөөрийг мэдэрдэг. Харин мөрөөдөл нь биелсэн хүн аз жаргалыг мэдэрдэг" гэсэн орос үг бий. Яг л үүн шиг зорилго тавь, мөрөөд, хүс, тэмц, хэрэгжүүл. Чи ялалтад хүрэх болно.
 
 
Дэд ахлагч Т.Идэр
Эх сурвалж: "Соёмбо" сонин