sonin.mn

КИЕВ, 2025 оны тавдугаар сарын 13 /DW/. Истанбулд тавдугаар сарын 15-нд болох Украин, Оросын төлөөлөгчдийн шууд хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг байлцуулах саналыг зөв гэж үзэж байгаагаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский илэрхийлжээ. 


"Мэдээж, Туркт болох энэ уулзалтад Ерөнхийлөгч Трамп бидэнтэй хамт байхыг украинчууд бүгд хүсэж байна. Энэ бол зөв санаа. Бид их зүйлийг өөрчилж чадна" гэж В.Зеленский даваа гаргийн орой “Telegram” сувагт бичсэн байна. 


“Урьдчилан болзолгүйгээр гал зогсоох”, Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй нүүр тулан хэлэлцээ хийх тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг өмнө нь дэмжсэн гэдгээ тэрбээр дурдлаа. "Уулзахад бэлэн гэдгээ би ил тод хэлсэн. Би Туркт очно. Оросууд энэ уулзалтад оролцоно гэж найдаж байна" хэмээн Украины удирдагч онцлоод Украин "өөрийн талаас гал зогсооход бэлэн байна" гэжээ.


Оросын Ерөнхийлөгч В.Путин урьдчилан нөхцөл болзол тавихгүйгээр тавдугаар сарын 15-нд Истанбул хотод шууд хэлэлцээ хийх саналыг Украины талд тавьсан билээ. Гэхдээ тэрбээр 30 хоногийн хугацаатай гал зогсоох тухай Европын орнууд болон АНУ-ын уриалгад хариу өгөөгүй юм.


В.Путинтэй Истанбулд шууд хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ В.Зеленский илэрхийлсэн. "Би пүрэв гарагт Туркт Путинийг биечлэн хүлээх болно. Энэ удаа оросууд ирж чадахгүй гэсэн шалтгаан хайхгүй байх гэж найдаж байна" хэмээн тэрбээр өмнө нь мэдэгджээ. Харин Кремль энэ мэдэгдэлд хариу өгөөгүй юм. Харин Д.Трамп мэдэгдэхдээ, хэлэлцээ болох өдөр Истанбулд биечлэн очиж магадгүй гэдгээ дурджээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг