сонин mn
Сансрын тойрог замд цахилгаан станц барих замаар нарны эрчим хүчийг хуримтлуулж, эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар Дэлхий рүү дамжуулах боломжийг судлах зорилго бүхий 3 жилийн хөтөлбөрийг Европын Сансрын судалгааны агентлаг /ESA/ дэмжин сайшаалаа.  Судалгааны гол зорилго нь, дэлхийн тойрог замд асар том цогцолборуудыг байрлуулж, цогцолбор тус бүр нь дунд зэргийн хүчин чадалтай цахилгаан  станцын үйлдвэрлэдэг хэмжээний цахилгааныг хуримтлуулах боломжтой эсэхийг тогтоох явдал юм. Өмнө нь ийм санааг хэд хэдэн байгууллага, сансар судлалын агентлагууд дэвшүүлж байсан бол энэ удаад Solaris төсөл нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх сансрын системийг бий болгох практик төлөвлөгөөний  суурийг тавьж байгаа гэдгээрээ онцлог.
 
"Соларис" хөтөлбөр бол 3 жил тутамд болдог ESA агентлагийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх хэд хэдэн асуудлын нэг нь юм. Тус зөвлөл сансрын судалгаа, хүрээлэн буй орчны мониторингийн төслүүдийн дараагийн шатны төсвийг хэлэлцэн батлах ёстой.
 
ESA-гийн Ерөнхий захирал Йозеф Ашбахер-ын үзэж байгаагаар, сансрын орон зайгаас нарны эрчим хүчийг хуримтлуулах нь ирээдүйд тулгарч болзошгүй эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд асар их тустай ажээ.
 
Онолын хувьд, сансар дахь нарны цахилгаан станц нь  цаг агаар өөрчлөгдөх, улирал солигдох зэргээс үл хамааран 24 цагийн турш эрчим хүч үйлдвэрлэх тул нарны хавтангаас 6 дахин илүү үр ашигтай гэх тооцоо бий. Сансарт нарны эрчим хүчийг хуримтлуулах нь илүү үр дүнтэй бөгөөд учир нь, нарны туяа  үргэлж тусахаас гадна түүний цацраг нь агаар мандлаар дамжин сарнихгүй. 
“Бид нүүрстөрөгчөөс ангид эдийн засагт шилжих гэж байгаа учраас эрчим хүч үйлдвэрлэх аргаа өөрчилж, эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж буй ашигт малтмалын хэмжээг үлэмж багасгах ёстой. Хэдийгээр сансраас эрчим хүч гарган авах түвшинд хүрээгүй байгаа боловч хэрвээ үүнийг хэрэгжүүлж чадвал олон асуудал шийдэгдэнэ” гэж Й.Ашбахер онцоллоо.
 
Сансрын уудмаас нарны эрчим хүчийг хуримтлуулах тухай санаа бүр 50 гаруй жилийн өмнө хүмүүсийн оюун ухаанд бүрэлдсэн боловч түүнийг хэрэгжүүлэх нь өнөөг хүртэл хэт өндөр өртөгтэй, хэт нарийн төвөгтэй гэж үзсээр иржээ. Ташрамд дурдахад, энэ шинэ санааг хүчтэй шүүмжлэгчдийн нэг нь Элон Маск бөгөөд тэрбээр 2012 онд Popular Mechanics сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Фотоныг электронд хувиргаад дараа нь буцаагаад фотонд хувиргасны дараа дахиад л электронд хувиргана. Ийм тохиолдолд ашигт үйлийн коэффициент гэж бий юү?” хэмээн эргэлзэж байсан юм.
 
Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөв бололтой. Учир нь, олон дахин ашиглах пуужингуудыг зохион бүтээж, хувийн компаниуд олон төрлийн инновацийг бий болгосноор сансрын хөлгийг хөөргөх зардал эрс буурлаа. Түүнчлэн сансарт роботжуулсан байгууламжуудыг барихад томоохон ахиц гарснаас гадна сансраас Дэлхий рүү цахилгаан эрчим хүчийг кабель ашиглахгүйгээр дамжуулах шинэ технологиудыг амжилттай туршжээ. 
 
ESA агентлаг Соларис хөтөлбөрийн судалгааны ажилд зориулан хөрөнгө босгож байгаа бөгөөд сансарт нарны эрчим хүчийг хуримтлуулах шинэ технологиуд нь найдвартай, хямд төсөр, эдийн засгийн хувьд ашигтай эсэхийг тодорхойлох юм.
 
“Сансрын уудмаас эрчим хүчийг хуримтлуулан авах санаа нь өдгөө шинжлэх ухааны зөгнөлт зохиолын сэдэв биш болжээ, сансарт ямар нэгэн зүйлийг байгуулахаасаа өмнө технологийн үүднээс үүнийг хэрхэн хийх вэ гэдгийг бид сайтар бодох ёстой” гэж "Соларис" төслийг санаачлагчдын нэг Санжай Вижендран ярьж байна.
 
“Соларис” хөтөлбөрийн гол зорилт бол сансарт хуримтлуулсан нарны эрчим хүчийг Дэлхий дээрх эрчим хүчний сүлжээ рүү хэрхэн дамжуулах вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх явдал юм. Мэдээж хэрэг, асар урт кабель ашиглах боломжгүй, тэгэхээр бичил долгионы цацрагийг ашиглан эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах шаардлагатай болж таарна.  Эрчим хүчийг аюулгүйгээр, үр ашигтай байдлаар, кабель хэрэглэхгүйгээр дамжуулах боломж зарчмын хувьд бий гэдгийг Solaris төслийн багийнхан хэдийнэ баталж чаджээ. Өнгөрсөн 9 дүгээр сард Мюнхен хот дахь Airbus компанийн байранд хийсэн туршилтын явцад, нарны зай хураагуурт хуримтлуулсан 2 кВт цахилгаан эрчим хүчийг 30 м-ийн зайд байгаа коллектор руу кабель ашиглалгүйгээр дамжуулсан байна. 
 
Airbus компанид хийсэн туршилтын үеэр
 
Гигаваттаар хэмжигдэх их хэмжээний цахилгаан эрчим хүчийг олон мянган км-ийн зайд дамжуулж чадваас асар том үсрэлт болно, гэхдээ үүнийг алхмаар алхмаар зугуухан хийх нь зүйтэй гэж Airbus компанийн сансрын судалгааны салбарын ажилтан Жан Доминик Косте үзэж байна. “Сансарт нарны энергийг хуримтлуулахад техникийн талаасаа ямар ч саад бэрхшээл байхгүй гэдгийг манай эрдэмтдийн баг тодорхойлсон” гэж тэрбээр хэллээ.
 
Emrod компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Рэй Симпкин ярихдаа, эрчим хүчийг сансраас кабель ашиглахгүйгээр дамжуулах арга нь оргил ачааллын үед ч хүн ба амьтдад аюулгүй бөгөөд эрчим хүч асар том талбайд тархан хуваарилагддаг болохыг дурдлаа.   
 
Үүний сацуу АНУ, БНХАУ, Япон зэрэг улсууд сансрын тойрог замаас нарны энергийг хуримтлуулах өрсөлдөөнд оролцож байгаа бөгөөд ойрын үед төлөвлөгөөгөө танилцуулах бололтой.  Мөн британичууд ЕSA-д хамааралгүй “Space Solar” гэдэг компанийг байгуулсан бөгөөд ойрын 6 жилийн хугацаанд сансраас нарны эрчим хүч хуримтлуулах боломжтой гэдгийг зарчмын хувьд баталж, ерөнхийдөө 9 жилийн дотор арилжааны зорилгоор эрчим хүч үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ. “2040 он гэхэд 2ГВт буюу дунд зэргийн хүчин чадалтай цахилгаан станцын үйлдвэрлэдэг хэмжээний эрчим хүчийг хуримтлуулж чадах хиймэл дагуулыг зохион бүтээх боломжтой” гэсэн дүгнэлтийг Их Британийн засгийн газар хийсэн байна. Энэ нь ЕSA агентлагийн хийсэн тооцоололтой бараг дүйж байгаа юм. Энэ тухайд доктор Вижендраны таамаглаж байгаагаар бол, засгийн газраас хангалттай хэмжээний санхүүжилт олгож, улс төрийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд ойрын 10 жилд британичуудын төлөвлөгөө хэрэгжих боломжтой аж.
 
Түүнчлэн Хятадын Science and Technology Daily сонинд бичсэнээр, тус улсын эрдэмтэд 1000 тонн буюу Олон улсын сансрын станцаас даруй 2,5 дахин хүнд жинтэй нарны цахилгаан станцыг 36 мянган км-ийн өндөрт байрлуулах төслийг боловсруулж байгаа ажээ. Ийм том “нарны хавтан”-г Дэлхийгээс хөөргөх нь бараг боломжгүй тул ухаалаг роботууд ба гурван хэмжээст хэвлэх технологийг ашиглан шууд сансарт угсрах боломж бий. 
 
Өнөөдрийн өндөрлөгөөс харвал, Соларис төсөл нь 1961 онд Ерөнхийлөгч асан Ж.Кеннедигийн санаачилж байсан Сарны хөтөлбөрийг санагдуулж байна, өөрөөр хэлбэл, сансарт нарны эрчим хүчийг хуримтлуулж, Дэлхий рүү дамжуулах нь тухайн үед Сар руу хийж байсан нислэгтэй эн зэрэгцэхүйц шуугиан тарьсан үйл явдал болно гэдгийг доктор Вижендран онцлон дурдлаа.
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС