sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын Фейгин Live, украины Telegram Freeдом, Секрет Инфо сайт, оросын “Россия-1” ТВ-ийн “Вечер с Владимиром Соловьёвым” хөтөлбөр, америкийн Foreign Policy сэтгүүл, ОХУ-ын Засгийн газрын дарга асан Михаил Касьянов, оросын  судлаач Андрей Пионтковский, Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
ОХУ-д календарийн тэмдэглэлт ойн өдрийг ихэд үнэлдэг. 2023 оны хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай ажиллагааны нэг жилийн тэмдэглэлт ойн “Красная дата”өдөр. Орос хэлээрээ товчилсон нэр нь “СВО”. “СВО” нь бүтэлгүйтсэн тухай одоо хүртэл Орост ярихгүй, харин ч төлөвлөгөөний дагуу, графикийн дагуу явагдаж байна гэж ухуулна.  Оросын армийн хүн хүчний тооны давуу, зэвсгийн олноор тэгш тоотой энэ өдөр ямар нэгэн ялалт авчир гэсэн дээд ерөнхий командлагчийн тушаал хүчинтэй хэвээр. Гуравхан хоногт Киевийг эзлээд авчихна гэсэн нь нэг жил сунжирсан дайн болж хувирсан. Ингэхэд нэг жилийн бодит үр дүн юу вэ гэдэгт дэлхийн хэвлэл мэдээлэл, экспертүүд нэн хачин тоо баримт дурдана: Киевийг Оросын цэрэг эзлэн авч чадаагүй,  “Москва” крейсерээ алдчихсан, Крымтэй холбосон алдарт гүүрээ атаклуулчихсан, Харьков, Херсоны чиглэлд украины сөрөг давшилтыг тогтоож чадаагүй. Стратегийн ганц ч ялалт хангаагүй, одоо бүр Оросын арми сум галт хэрэгслийн өлсгөлөнд орж байна гээд Путины “спецоперац”-ыг нэрлэнэ.  
 
Украины явган цэрэг фронтын хориглолтоо барьсаар байна. Харин ч түрэмгийлэн эзлэгчдэд хохирол учруулсаар. Өнгөрөгч нэгдүгээр сар дуусаагүй байхад 28 хоногт 18790 цэргээ алуулсан рекорд тогтоожээ. Ганц сард ингэснээрээ нэг жилийн 12 сарын дотор хамгийн их хохирол амссан сараар тодров.
 
 
“СВО”-гийн нэг жилийн тэмдэглэлт ойн өдөр ОХУ-ын экс-ерөнхий сайд М.Касьянов ингэж дүгнэв. Дэлхийн эдийн засаг Оросгүй болж байна. Харин Орост цаашид дайн явуулахад ганцхан жилийн эдийн засгийн боломж үлдсэн. Энэ нэг жилдээ тэсчихлээ гэхэд дараагийн жилд Орос хөмрөөд ойчно гэжээ.
 
Дэлхийн түүхий эдийн зах зээлд Орос өөрийн дойл, эзлэн жингээ эрчимтэй алджээ. Нэг жилийн өмнөх тэр тэмдэглэлт өдөр оросын нефть, хийгээс даян дэлхий асар их хамааралтай,   Путины ямар ч авантюрыг ертөнц хүлээгээд авчихаар байв. Тиймдээ ч Путин зоримог хөдөлсөн. Гэвч кремлийн эрх баригчид буруу тооцоолжээ. Ертөнцийг дэндүү бассан, дорд үзсэн. Одоо Кремлийн цэргийн төсвийг нефть хийгээр хангаж чадахгүй боллоо. Эрчим хүчний экспорт Европ, Баруун руу зогслоо. 
 
Оросын аугаа их эрчим хүч, дэлхийг түүгээрээ барьцаална гэсэн нь суртал нэвтрүүлэгт л үлдсэн. Дэлхийн зах зээл дээрхи урьдын эдийн засгийн хүч чадлаа Орос эргэлтгүй алдсан, Европын өвөл Европыг сөхрүүлнэ гэсэн амбиц нь ул мөргүй алга болсон дүнтэй байна. 
2021 оны байдлаар оросын хийн 83% Европ руу экспортлогдон байв. Орос дахин байгалийн хийгээр нөлөөгөө тогтооно гэдэг хэзээ ч эргэж ирэхгүй, эцсийн бүлэгт Европ оросын хийгээр дутагдахгүй, АНУ Европ руу 55 тэрбум шоо метр хий нийлүүлж байгаа нь өмнөх нийлүүлэлтээсээ 2.5 дахин их байгаа дүн гарчээ.
 
Нефтийн нөлөө ч буурчээ. Оросын дэлхий гаргадаг экспорт өдөртөө 7 сая баррель нефть гэхэд л холбооны төсвийг нь нугалж байв. Гэтэл одоо хар алтгүйгээр Европ Оросын хамаарлаас гараад явчихлаа. Путин нефтийнхээ үнийг хоёр 7 хоногт 40% нэмж худалддаг байсан нь түүх болжээ. G7-гийн бүлгийнхэн нефтийн дээд үнийг хатуу тогтоолоо. Энд зөвхөн нефть, хийн тухай биш Оросоос олборлож гадагш худалддаг бүх түүхий эдийг ярьж байна. Оросууд голлон оройлж тоглож ирсэн металлын зах зээл, жишээ нь никель, палладий, титаны төслүүд зогсов. Нэг үгээр бол дэлхийн эдийн засгийг хаос, хомсдол, цочроогоор айлгах хөг нь өнгөрлөө. Украины фронтод ялахгүй байна, бас эдийн засгийн фронтод Путины “түүхий эдийн хөзөр” дууслаа.
 
 
Оросын нэртэй судлаач зохиолч А.Пионтковский нь “YouTube”-д өдөр бүр ярилцлагаа тавьдаг. Си Жиньпин, Путины хоорондын харилцаа хүйтэрсэн, хөндийрсөн тухай баримт сөхөн ярьдаг. Хятад нь постпутины Оростой (Путинээс хойшхи Орос-орчуулга нь) хэрхэн ажиллахаа бясалгаж байгаа ба хэд хэдэн кандитатыг тандаж байгаагийн дотор Р.Кадыров, магадгүй Е.Пригожин орсон байж магад гэнэ. Постпутины Оросыг хэрхэх гэдэг нь дэлхийн дахины хамгийн эмзэг сэдэв болжээ.
 
ХКН-ын ХХ их хуралд Хятад төдийгүй Орос, ялангуяа Путин онц ач холбогдол өгсөн.  Си Жиньпиний илтгэлд Оросыг дэмжсэн, эв санааны нэгдэлтэй байгаа тухай дүгнэлт хэлнэ гэсэн нь талаар болжээ. Ноён Си бүтэн 4 цаг индрийн ард илтгэхдээ оросуудын ухуулаад байдаг олон туйлт дэлхийн тухай ганц ч өгүүлбэр дурдаагүй. “Туйлт ертөнц оршиж байна, харин хоёр том тоглогчтой тэр нь АНУ ба Хятад” гэх нь тэр. Юун Орос? Намын их хурлаас хойшхи Бээжингийн мэдэгдлүүд Оросыг бүр гомдоов. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ, дайн дуусгах дипломат хэлэлцээнд уриална гэв. Украины иргэний байгууламж руу бөөн хүчээр пуужингийн цохилт хийснийг Хятад “санаа зовинон” эсэргүүцэв. Вашингтонтой ажилламаар байна, хоёр орны сайн сайхны төлөө нэг хэл амтай болмоор байна гэсэн уриалга дагалдана. Цэргийн тусгай ажиллагааны нэг жилийн тэмдэглэлт ойн өдөр Оросын “холбоотон” гээд байдаг Хятад нь ийм байр суурьтай байна.
 
“СВО”-гийн нэг жилийн ой–“Красная дата” буюу энэ тэмдэглэлт өдрийг угтуулаад Украинд янз бүрийн мэдээлэл түгнэ. Орос нь   2022 оны хоёрдугаар сарын 24-нд биш, 22-нд халдан түрэмгийлнэ гэдгийг Украины эрх баригчид 2021 оны 11 дүгээр сард мэдсэн байсан гэнэ. ҮАББХЗ-ийн нарийн бичгийн даргын ярьснаар Украин нь Оростой хийх дайндаа 2019 оны 12 дугаар сараас бэлтгэжээ. Орост хоёр төлөвлөгөө байсныг мэдэж байсан гэнэ. Гурван өдөрт Киевийг эзлэн аваад гурван 7 хоногт багтан Львовыг эзлэх. Тэр төлөвлөгөөнд нь тохируулан украинчууд бэлтгэлээ базаасан, украины ард түмэн эх орноо хамгаалан эрслэн босоход тэр бэлтгэл чухал хүчин зүйл болжээ. Хэрэв тэгж бэлтгээгүй бол оросууд 3-5 өдөрт төлөвлөсөн ялалтаа хангачих байсан гэжээ. Оросын төлөвлөгөөг нарийвчлан задалбал 2022 оны гуравдугаар сарын 7 гэхэд Киевээс зүүншээх бүх нутаг эзлэгдэх байж. Тэр өдөр Янукович Минскээс заларч ирэх ба Оросын иргэн болчихсон тэр нөхрийн гарт засгийн эрх бүрэн шилжих байжээ. 
 
“СВО”-гийн нэг жилийн ойн (“Красная дата”) энэ тэмдэглэлт өдөр Орос дахин давшилт хийхээр төлөвлөж байгаа ба тэр өдөр ямар нэгэн ялалт амжилтад хүрсэн байхаар чармайна хэмээн А.Данилов үзжээ. Улаанаар тэмдэглэгдэх зөвлөлт маягийн баярын тэр өдөр хамаг хүчээ дээд зэргээр дайчлан байж ямар нэгэн ялалт хангах, түүний наана шинэ дайчилгаа зарлах, Украины батлан хамгаалах хориглолтын зурвасуудыг нэвтэрсэн байх, Донецк, Луганск мужийн хил давсан байх, Запорожийн чиглэлд ялсан байхыг чухалчилна. Бахмутад галзууртлаа байлдаад байгаа нь Запорож-Днепр-Киевийн чиглэлд “ирээдүйн” давшилтад бэлтгэх, украины хориглолтын зурвасуудыг устгах, украины цэргийг өдөж ил гаргаж ирэх, хариу давшихад нь устгах зорилгыг агуулжээ. Хоногтоо 10-15 удаа орос давшдаг, давшсаныг нь устгачихаад украин цэргүүд хориглоод байгаад оросууд залхжээ.  “Красная дата” ойртоод байдаг стратегийн байтугай тактикийн ялалт хангагддаггүй.
 
“Рамштайн-9”-өөр украины армийг “ATACMS”, “F-16”-аар хангах тухай яригдана, Крымээ чөлөөлж авна гэнэ, Оросын хувьд аюул улам ойртоно. Энд нэг зүйл ажиглагдав. АНУ, Британи, Балтийн ба Скандинавын орнууд, Польшоос танк өгөх тухай Орост улиг болсон мэт мэдэхгүй царайлж байтал гэв гэнэт Германаас “Ирвэс” танк өгнө (германы иргэдийн 46% дэмжсэн дүн гарсны дараа Олаф Шольц Бундестагаараа шийдүүлж байна) гэхлээр Орос даяар паникт орох дөхжээ. 
 
 
“Немецкие танки” гэх аймшгийг оросын суртал нэвтрүүлэгчид гэнэт дэвэргэв. Өнгөрсөн түүхийн аймшигтай дүр зураг төсөөлөгдөв. “Украины тал хөндийд немцийн танк ороод ирлээ”, “1941.06.22” эргэж ирлээ болов. Тэгснээ “Өнөөгийн ХБНГУ бол IV Рейх мөн”, “IV Рейх ОХУ-д дайн зарлалаа” хэмээн В.Соловьёв уурлан хашгична. Бүр сүүлдээ “Бөөнөөр хорих лагерь”, “Освенцим”, “Хорт утааны камер”-ын түүх дэлгэв. “Еврейн холокаст”, “Улаан арми нацизмаас Европыг чөлөөлсөн гавьяа” гэх сэдэв хүрээгээ тэллээ. Европын орнууд өөрт байгаа танк, их буугаа Украинд өгөөд зэвсэггүй гар мухар үлдэнэ, араар нь Берлинийг эзлэе, Варшавыг авъя, Данийг устгая, тэр тэр нийслэл рүү цохилт өгье, би тушааж байна хэмээн В.Соловьёв галзуурлтлаа хашгичив. Бүр сүүлдээ эрүүл ухааны хязгаар давав. Сталины гавьяаг алдаршуулж, Сталинград нэрийг сэргээв. Сталины хөшөөний нээлт. Гэвч оросууд нь уярахгүй, сүрдэхгүй, Украиныг устгая гэхгүй байгаа нь Кремлийг гайхшруулна.  
 
Оросын нэг сайтад орос блогер нэрээ нууцлан бичжээ:–1945 онд нацистуудыг дэлхийн 40 гаруй улс орны эвссэн коалиц ялсан. Тэгвэл одоо ч дэлхийн  40 гаруй улс орны нэгдсэн коалиц нацистуудын эсрэг тэмцэж байна. Тэгэхэд немцүүдийг ялсан, харин одоо оросууд биднийг ялж байна гэжээ.
 
                                     Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь