sonin.mn
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа Х.Энхболдыг энэ удаагийн зочноор урилаа.
 
Та ямар улиралд төрсөн вэ? 
 
-Өвс, хадлан тариа халиуран найгаж, жимс жимсгэнэ боловсорсон намрын улиралд төрсөн.
 
Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал...
 
-Батлан хамгаалахын их сургуулийн 1 дүгээр курсээ төгсөөд зуныхаа амралтаар сумандаа очоод арван жилийнхээ найзуудтай сургуулийн биеийн тамирын талбайд сагсан бөмбөг тоглож байгаад, би гэдэг хүн цэргийн сургуулийн сонсогч гэдгээрээ нөхдөдөө жаахан онгирч, сонс эргэхээр боллоо. Эргэх эргэхдээ ямар ч хамгаалалтгүй эргэнэ гээд л турник дээр гарлаа даа. Нэг эргээд л, хоёр дахь удаад нь нөгөө турник гагнаасаараа салаад төмөртэйгөө унаад ухаан алдчихаж. Нэг сэрсэн чинь сумын эмнэлэг дээр найзууд маань бөөн уйлаан майлаан болчихсон хүмүүс байв. Босож ирээд юу болсон талаар яриуллаа, бөөн онигоо онигоо. Тэр зунжингаа надаар тоглож, бөөн инээд, намайг “Сонсны аварга” гэж цаашлуулаад л... Нэг ийм хөгтэй гэх үү, инээдтэй гэх үү дурсамж санаанд орж байна.
 
Таны хүндэлдэг хүн...
 
-Хүндэлж явдаг маш олон хүн байна аа. Төрүүлж өсгөсөн аав ээж, ах эгч, амьдралын төлөө хамтдаа зүтгэж яваа хань, үр хүүхэд, эрдэмтэн багш нар, өнөөг хүртэл зааж сургаж, зөвлөж яваа нэр хүндтэй генерал, офицерууд, найз нөхөд гээд л байна аа байна.
 
Таны бахархал...
 
-Арван сайхан хүүхэд төрүүлж, ангир шаргал уургаа хөхүүлж, өсгөн хүмүүжүүлж алдрын замд хөтөлсөн аав, ээж хоёроороо би бахархдаг. 
 
Таны шүтлэг...
 
-Ямар нэгэн бурхан шашныг онцгойлон шүтээд байдаггүй ч сүсэг бишрэл байлгүй л яах вэ. 
 
Шүтдэг уул.
 
-Нутгийнхаа олон сайхан хайрхныг  шүтэж явдаг. Ялангуяа нутагтаа очих бүрдээ Ховд аймгийн Үенч сумынхаа Мандал хайрхны оргилд гарч, хийморь лундаагаа сэргээдэг. Ер нь хаа ч явсан сэтгэлдээ уул усаа бодож, шүтэн залбираад л явахыг боддог.
 
Эх орон гэж юу вэ?
 
-Бид бүхний амьдралыг бүхэлд нь тээж, дааж яваа уул ус, ургамал амьтан, газар шороо, юугаар ч сольж болшгүй амин эрдэнэ юм даа.
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
 
-Хайр ямар ч өнгөгүй, цав цагаан, тунгалаг байх ёстой гэж боддог.
 
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
 
-Бурханд бид /батлан хамгаалах салбар/ бүхний хувь заяа, ажил үйлсийг үргэлж ивээж яваарай гэж, харин чөтгөрт жамаараа яваа зүйлсийг битгий эвдээрэй л гэж хэлнэ дээ.
 
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?й
 
-Итгэдэг. Бүх зүйлс л амьтай байдаг шүү дээ. 
 
Дуртай хоол...
 
-Гурилтай шөлөнд нугасгүй шүү. Хаана ч явсан уйдахгүй иддэг. Би өөрөө ч маш сайхан хийдэг.
 
Дуртай дуу...
 
-МУГЖ Н.Төмөрхуягийн дуулснаар үзэгчдийн хүртээл болсон “Ухаарч амьдрах хорвоо” дуунд маш их дуртай.
 
Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг хэлье дээ
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг олъё доо
Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ... гээд л үг нь үнэхээр яруу тансаг шүү.
 
Дуртай спорт...
 
-Гар бөмбөгийн спортоор хичээллэдэг. Тийм сайн ч биш гэлээ ямар ч байсан бөмбөг унагахгүй шүү.
 
Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл...
 
-Хүнд худал хэлж ярих, хуурч мэхлэх, хүний амаар болон ховоор ажлаа хийхийг тэвчдэггүй. Мөн цаг баримталдаггүй, хүнийг хүндэлдэггүй хүмүүст үнэхээр дургүй. 
 
Хэлэх дуртай үг...
 
-Ажлаа л сайн хийвэл аандаа бүх зүйлс бүтнэ ээ.
 
Хобби...
 
-Монгол эр хүний хувьд үндэсний бөхийн барилдаан үзэх, харин цэргийн хүний хувьд цэргийн ёслолын жагсаал /парад/ үзэх, оролцохыг хүсдэг.
 
Баримталдаг зарчим...
 
-Зөв, бурууд нүдтэй, зөөлөн, хатууд голчтой байхыг хичээдэг. Хамт олноо эцгийн ёсоор хайрлаж, эр цэргийн дүрэм журмаар захирахыг зарчмаа болгодог.
 
Хүсэл мөрөөдөл...
 
-Бүх зүйл сайн сайхан байгаасай, хүн бүрийн санаж мөрөөдсөн нь биелж бүтээсэй.
 
Та хэр өр нимгэн хүн вэ?
 
-Баярлахтай ч амархан, гомдохдоо ч амархан, Ер нь өр нимгэн хүн шүү дээ. Заримдаа гэр бүлээрээ кино үзэж байхдаа хүртэл кинон дотроо орчихсон уйлаад сууж байдаг хүн дээ. (инээв)
 
Та ер нь өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?
 
-Бүх зүйлийг мэдээд байгаа ч юм шиг, мэдэхгүй байгаа ч юм шиг, бүх зүйлийг чаддаг ч юм шиг, чадахгүй байгаа ч юм шиг.
 
Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд  зориулж хэлсэн бэ?
 
-Дөнгөж өглөөхөн ажилдаа явахад минь, “Ажлаа сайн хийгээрэй” гээд үнссэн 3 дугаар ангийн хүүдээ “Баярлалаа” гэж хэлээд үнсээд гарсан.
 
Бухимдсан үедээ...
 
-Дотнын найзтайгаа уулзаж, амьдралынхаа бүхий л алдаа оноог ярилцдаг. Эсвэл кино үзээд хэдэн цагаар ч хамаагүй суудаг. Уур бухимдлаа ер нь дотроо нуугаад явж чаддаггүй. Тэглээ гээд бас бодоод байдаггүй, тэгсхийгээд мартдаг.
 
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?
 
-Сайн муу нийлж, сав дүүрдэг ертөнц гэдэг дээ. Хар, цагаан сүлэлдэж  оршдог хорвоо гэж боддог.
 
Сүүлийн хариултыг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе.
 
-Нэгэн зүгт харж, нэгэн бодлого зорилгын төлөө хамтдаа алхаж яваа мөрдэс нэгт нөхдөдөө XVll жарны ”Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин