sonin.mn
Төр, нийгмийн зүтгэлтэн ахмад настнууд болон иргэдийн төлөөлөл Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-д хүргүүлсэн шаардлагын хариугаа нэхэж хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр тэдний төлөөлөл: "Энэ улс оронд болж байгаа зүйл нэг ч алга. Хэдхэн хүн бүх баялгийг ухаж иддэг, хувьдаа завшдаг болчихлоо. 2024 онд дараагийн луйвраа хийх гээд ажил хийдэггүй, бүтдэггүй, дандаа өөрсдийгөө тойруулсан хууль баталдаг 76 гишүүнтэй байсан бол одоо 126 гишүүнтэй болох гэж байна.
 
Эд нар дэндүү их дээрэлхэж байна. Үгээ хэлээд босч ирсэн залуусыг хорьдог боллоо. Иргэд үгээ хэлэхээр дагуулан мушгидаг аргатай болчихсон. Өөрсдийн үйл ажиллагааг дэмжүүлэх гэж ажлаа хий гэдэг жагсаал зохион байгуулдаг боллоо. Тэр жагсаалыг хэн санхүүжүүлсэн бэ? Ард нь хэн байгаа нь ил болоод яваад л байна. Олны үг ортой гэдэг. Үүнийг үнэн гэж бодож байнгаа. Өөрт тохиолдсон асуудлаа орхиод Монголын өнгөрсөн үе, одоо үе маань ирээдүйгээ ухамсарлаж байж бид нэгдэх хэрэгтэй байна. Төр бол мөнх. Бид төрдөө дайсагнадаг эсэргүү хүмүүс биш. Ард түмэнд нэг сарын хугацаа өгчих. Тал талаасаа цуглаад, төрийн ордонд хурлаа хийцгээе. Үүнээс гарсан шийдвэрийг сонсоод, ард түмнээ дэмжээд явах хэрэгтэй.
 
 
Ард түмэн сэрчихсэн шүү. Та нарын булхай луйвар хэмжээтэй шүү. Ард түмэн нийтээрээ босоход бэлэн байгаа. Харин үүнийг цус урсгаж, алаан хядаан болгож болохгүй. Өнөөдрийг хүртэл ард түмний төлөө дуугарсан хүнийг устгаж, хөнөөж байдаг замаар л явж ирсэн.
 
 
Энд сууж байгаа хүмүүсийн амь насанд ч заналхийлхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ард түмэн хүрээлээд ирвэл тийм аюул байхгүй болов уу. Ард түмэн минь дэмжээд босоорой. Та бүхэн 21 аймаг, 330 сумаасаа төлөөлөгчдөө гаргаад ард түмний хуралдаа явуулах хэрэгтэй байна. Эргэн тойрны хүмүүс дотор хэн нь шударга, зарчимч вэ? гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Болохгүй, бүтэхгүйг нь ярьдаг, намд элсээгүй, ухаантай Монголчууд зөндөө байгаа. Тэр хүмүүсээ сонгоод ирүүл. Төр засгаа олуулаа шүүж, зөв зам руу нь залж явья. Энэ бүх завхрал арай хэтэрлээ. Бүгдийг нь арилгая." гэлээ.
 
 
Б.Сэржмядаг