sonin.mn
Яг үнэндээ бол Авлига хороолол гэгчийг “босгосон” хүн бол Нийслэлийн Засаг Дарга асан Д.Сумъяабазар. Анх 2018 онд хотын дарга асан Су.Батболдын олгосон захирамжаар усан парк, ногоон байгууламж барина гэж зөвшөөрөл авсан “Эм Энд Жи Констракшн” компани тухайн газрын зориулалт өөрчлөн, хэсэгчлэн зарах гэж байсныг Нийслэлийн орлогч Ж.Батбаясгалан 2020 онд 9 сарын 20-нд гаргасан захирамжаараа хүчингүй болгож, газрын наймааг зогсоосон.
Хотын дарга  Д.Сумъяабазар газрын эрхийг сэргээхдээ усан парк, ногоон байгууламжийн зориулалттай тухайн газарт ОРОН СУУЦ барих эрх нэмж сэргээснээр өнөөдрийн “Авлига хороолол” сүндэрлэжээ. Хачирхалтай нь Авилга хорооллын автор Д.Сумъяабазар ногоон автобусны хэргээр ёс зүйн хариуцлага хүлээсэн нэр зүүгээд зугатав. Хотын даргад итгэж байр худалдаж авсан, мөнгө төгрөгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг чухам хэн хэрхэн барагдуулах вэ? Улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан хулхи ногоон автобусны үнэнд шилжүүлсэн 18 сая долларыг хэн хэрхэн төлж татвар төлөгчдийг хохиролгүй болгох вэ гэдэг нь хариуцан эзэнгүй үлдлээ.
 
Эхнээсээ гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар өчигдөр өөрийгөө хутгалчихлаа. Тэгвэл бүхнийг хариуцах ёстой гол хүн Д.Сумъяабазар ёс зүйн хариуцлагаар халхавчлан эрүүгийн хариуцлагаас мултрах уу?!! Эсвэл....?!!
 
Баримт сөхье. “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Су.Батболдын олгосон “үйлчилгээ”, “усан парк”-ын зориулалттай гурав хуваасан газар байсан.
 
Гэтэл 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын А/17 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх” тухай захирамжийн хавсралт хэсэгт “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор” гэдэг зориулалттай байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг, “худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг” болгож өөрчилж өгсөн. Хэрэв Д.Сумъяабазар А/17 тоот захирамж гараагүй бол “Авлига хороолол” өмнөх Су.Батболдын 2018 онд олгосон үйлчилгээ, усан паркийнхаа барилга байгууламжийг л барих боломжтой байсан. Мэдээж орон сууцны зориулалттай газар эзэмших эрхтэй болсон компани орон сууцаа л барьж таарна. Одоо тэнд усан парк байхгүй, амралт зугаалгын үйлчилгээний төв байхгүй. Харин Д.Сумъяабазар даргын нэмж зөвшөөрөл олгосон орон сууц бүхий 4 өндөр цемент л босчихоод байгаа. Өнгөрсөн зуны борооны ус Сэлбэ голын ай савнаасаа халж, ойр орчмынх нь олон зуун айл орон сууц, автомашинаараа хохирох үндсэн нөхцөлийг Aqua garden-ий 4 өндөр бүрдүүлсэн. Энэ хариуцлагыг бас тэр хүлээх ёстой хүн бол Д.Сумъяабазар. Зөвхөн цавчаа ногооны хулгай, авлига хорооллын асуудлаар тэр хүн хуулийн хариуцлага хүлээх ёстойг иргэд сануулж, бас шаардаж байна. Монголд хууль ёс, хариуцлага гэж байгаа л бол Д.Сумъяабазар ёс зүй ярьж шалтаглаад эрүүгийн хариуцлагаас мултарч болохгүй!
 
Д.Бичээчбаатар