sonin.mn
Инээдтэй ч юм шиг жишээ татахад, С.Жавхлангийн гэргий гэртээ араг түшиж хүүхдээ төрүүлсэн. 
 
Аа, харин хүүхэд нь өнөөдрийг хүртэл эсэн мэнд бойжиж байна. Гэтэл эх болохоор эмнэлэг горилсон эхчүүд эсвэл нярай эмчийн буруугаас гэх эмгэнэлтэй шалтгаанаар энэ орчлонг үүрд үдэх нь ихсэв. 
 
Өнгөцхөн хараад дүгнэчихвэл, төрөх эмнэлгийн үйл ажиллагаа ганцхан арагнаас долоон дор аж. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг толгойлж яваа Н.Удвал, Ж.Амарсанаа нар урагшлаад байна уу, ухраад байна уу гэдгээ тогтож нэг хараарай. Статистик дүгнэлтээс харвал, Монголд өдөрт 150-170 хүүхэд энэ хорвоод мэндэлж байна. 
 
Харин нярайн эндэгдлийг өнгөрсөн жилийн статистик мэдээллээс харвал, эндэлт 900 гаруй тохиосон байна. Мөн 1-5 хүртэлх насны 206 хүүхэд нас баржээ. Энэ жилийн хувьд ч төрөлт болон эндэлтийн тоо дээрхээс эрс, тэс зөрөхгүй. Харин эндэлтийн шалтгаан, нөхцөл улам бүр л хэрцгий болох шинжтэй байна. 
 
Эргэн сануулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Увс аймагт төрөөд нэг сар гаруй болсон хүүхдэд сумын эмч буруу онош тавьж, чихний палканд тариа хийгээд явжээ. Гэтэл маргааш нь нярай хорвоог орхисон.
 
Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар аймагт төрөхөөр эмнэлэгт хүргэгдсэн эхийн умдагных нь ясыг хугалсан аймшигт хэрэг гарсан. Эмч нарын буруутай үйлдлээс болж эх алхаж, гишгэж чадахаа больсон байдаг. 
 
Мөн сарын 13-нд II төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярай эхийнхээ хөхөнд дарагдаж нас барсан. Учир нь амаржсан эхчүүдэд орны хүрэлцээ байхгүйгээс нэг орон дээр хоёр эх шахцалдан хэвтсэний улмаас энэ хэрэг үүдсэн байдаг.
 
Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Баянхонгор аймгийн төрөх эмнэлэгт эсэн мэнд төрсөн нярайг буцлам халуун усанд “чанасан” хэрэг ч гарч байв. Нярай эмэгтэй бөгөөд насан туршдаа бөгсөн хэсэгтээ сорвитой үлдсэн билээ. 
 
Мөн адил цаг хугацаанд I төрөх эмнэлэгт төрсөн нярайг сувилагч ширээн дээрээс унагаж магнай хэсгээр нь паар мөргүүлсэн. Гэтэл эмч нар “Угаасаа ингээд уначихаад байдаг юм. Ингэж унасан 10 гаруй хүүхэд бий. Санаа зоволтгүй” хэмээн хүний ёсонд баймгүй хариулт өгсөн байдаг. 
 
Үүгээр зогсохгүй I төрөх эмнэлэгт төрөхөөр очсон эхийг “төрөх болоогүй байна” гэх шалтгаанаар эмч нар үл ойшоосон. Улмаар эхийн ус гарснаас хойш 11 цагийн дараа хүүхдийг эх барихаар болсон ч хүүхэд бүтэлттэй гарч хорвоог орхисон байдаг. 
 
Энэ мэт харгис салбараас үүдэлтэй эх, хүүхдийн эндэгдлийг дурдаад байвал дуусахгүй. Хамгийн сүүлийн жишээг дурдахад л энэ сарын 3-нд 25-хан настай эмэгтэйг хоёрхон хоногтой хүү, гурван настай хүү хоёр нь нутаглуулав.
 
Гомдолтой гэхэд дэндүү гомдолтойгоор хорвоог орхисон эх эмчийн буруугаас гэх оношийг хоёрхон хоногтой хүүдээ үлдээгээд хорвоогоос буцлаа. Хэрэг явдлыг тодруулбал, I төрөх эмнэлэгт эсэн мэнд амаржсан эх гэртээ гарч хоёр хоноод байсан ч халуурч, ухаан оролгүй байсаар эмнэлэгт хүргэгджээ.
 
Тэрээр яаралтай хагалгаанд орсон ч нас барсан. Шалтгаан нь саванд нь бохир орсон байж. Дээрх асуудлаар Эрүүл мэндийн яам хуралдсан бөгөөд урьдчилсан байдлаар “хэвлийн хөндийд идээт үрэвсэл явагдсанаас нас барсан” гэх дүгнэлт гарсан байна. 
 
Тодруулбал, Идээт үрэвслийн шалтгаан нь өгсөх замын үрэвсэл буюу үтрээнээс дээшээ үрэвсэл явагдсанаас болж амиа алдаж. Энэ талаар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Үрэвсэл ч бай, халдвар ч бай тодорхой шинж тэмдэг гарна.
 
Тэгэхээр түүнийг анзаараагүй нь эмчийн хариуцлагагүйтэй холбоотой” хэмээн хэлжээ. Харин яамны зүгээс эмчид хариуцлага тооцвол, ажлаас нь халах арга хэмжээ авах аж.  Өөрөөр хэлбэл, ажлын хариуцлага алдаж, хүний амь насанд хүрсэн бол ажлаас халах нь байж болох хамгийн дээд шийтгэл гэнэ.
 
 
А.Чилүгэн 
 
Эх сурвалж: