sonin.mn

-Сэтгүүлчдийн байгууллага нь улстөржихөөр Монголд хэн ултөржихгүй байх юм бэ?!-

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож байгаа. Энэ хүрээнд зарим нэг ажил зохиогдсоныг арай өөр өнцгөөс харж бичмээр санагдлаа. Р.Хадбаатар ерөнхийлөгчтэй Монголын сонинуудын холбоо саяхан “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө мөн” симпозиум хийж, хэвлэл мэдээллийн фото үзэсгэлэн гаргалаа.

Б.Галаарид ерөн хийлөгчтэй Монголын сэт гүүлчдийн эвлэл “Монголын сэтгүүл зүйн 2013 оны шилдгийн шилдгийг шалгаруулах хүндэтгэл ёслол”-ын арга хэмжээ зохион байгуулав. Р.Хадбаатар симпозиум дээр том илтгэл тавьж “Чөлөөт хэвлэлийн анхлагч 25”-ыг тодруулан шагнал олгосон юм. “Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25 жил” гэдэг шинэ нэр томьёо гаргаж ирлээ. 100 жилийн хөгжлийн өмнөх 75 жил нь “чөдөртэй” хэвлэл байж дээ.

Энэ бол туйлшрал. Ямар нам, төр засаг ялна вэ, түүнд тал засч байгаа олхиогүй бодлого юм даа. Монголын сэтгүүл зүйн хөгжлийн 100 жил бол тэр аяараа тэмцлийн түүх. Чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж хөгжүүлэх гэсэн үе үеийн сэтгүүлчдийн маань тэмцэл ялалтын түүх байсан.

Тэгээд сонинуудын холбоо “Чөлөөт хэвлэлийн анхдагч 25 хүнийг тодруулаад зурагтай өргөмжлөл гардуулчихлаа. Хамгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн далбаагаа үзгэнд сүвэлчихсэн өргөөд явж байна. Энэ болж байна аа!.Монголын ардчилсан хувьсгалыг сэтгүүлч удирдсан.

Сэтгүүлчид дагаж явсан. Ардчилсан хувьсгалаар бодвол энэ хүнд “анхдагч” гэдэг нэр зохилтой. Дараагийн хүмүүс нь Монгол Улсын Ерөнхий сайд “сэтгүүлч” Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “сэтгүүлч” Э.Бат-Үүл гээд дарга нарын цуваа хөвөрч байгаа юм.

Улстөржилт. Долигонол! Яаж энэ хүндтэй шагналыг өгөх, авахаасаа ичихгүй байна аа. Энэ хоёр эрхэм чинь өнөөдөр сонинд шүүмжилсэн хүмүүсийг “Шалгуулна” “Шүүхэд өгнө” гэж загнаад л сууж байгаа шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөг, чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэчих нь энэ үү?! “Чөлөөт хэвлэлийн анхдагч 25”-д зайлшгүй энэ хүндтэй өргөмжлөлийн эзэн болохоор С.Амарсанаа, Б.Эрдэнэбаатар, Р.Даваажав, Дарь. Сүхбаатар нарын хэдэн хүн байна аа.

Тэгтэл юун хэвлэлийн эрх чөлөөг мандуулагч гэхээсээ шударга үнэний дуу хоолойг дарамталж булшилж явсан хүмүүс хүртэл тэр дунд тууж л явна. 1990-ээд оны амьд гэрчүүдийн нэг би, өнөөдөр үзгээ бариад сууж байна. Өөр ч олон хүн бий. С.Жамбалдорж, Э.Сонинтогос эрхлэгчтэй “Хөдөлмөр”, С.Батмөнх эрхлэгчтэй “Залуучуудын үнэн”, Б.Чантуу, А.Баярмагнай эрхлэгчтэй “Улаан од” , Б.Ганболд эрхлэгчтэй “Бодлын солбилцол” (“Үнэн” сонины дагуул), С.Дан-Аажав эрхлэгчтэй “Багш” сонинууд эхлээд л дуугарч эхлэсэн шүү дээ.

Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд”, Ж.Барамсайн “Шоронгоос өшөө авагч байдаг юм уу”, О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” , А.Даваасамбуугийн “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэхчлэн шударга дайчин нийтлэлүүдийн араас үнэний дуу хоолой чөлөөтэй цуурайтаж эхэлснийг тэр үеийн амьд гэрчүүд мэднэ ээ. “Үргэлж дарлагч ертөнц”-ийг, ёстой л байж суухын аргагүй болтол нь бичиж туурвиж байсан.

Увсын нэг айл хоёр нохойндоо “Барамсай” “Байды” гэж нэр өгч байж билээ. Манай хоёр сэтгүүлч, зураач буруутныг тэгж үзэн ядтал нь бичиж, зурдаг байж. Ц.Байды зураач маань Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээд өнөөдөр амьд сэрүүн, бүтээл туурвилаа хийсээр байна.

Би энд нэг л зүйлийг хүсэн хүлээж байсан. “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө мөн” гэсэн сэдэвтэй юм чинь, энэ эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүмүүсээ, тэдний гэр бүл, үр хүүхдийг хүртэл энэ хүндтэй арга хэмжээнд урьж оролцуулаасай, шагнаж урамшуулаасай гэж бодож байлаа. Тэгсэн чинь баахан дарга нарыг бялдуучилдаг байгаа. Би “Ардчилсан хувьсгалын “Салхич шувуу” С.Цогтсайханы гэр бүлийг урьж оролцуулаад зурагтай өргөмжлөл гардуулаасай” гэж бодож байлаа.

Үнэний төлөө тэмцэж яваад бичсэн зүйлийнхээ төлөө шоронд олон жил тарчлан зовж, Монголд анх удаа шоронгийн цементэн шалан дээр 52 хоног өлсгөлөн зарлаж байсан нэрт сэтгүүлч О.Цэдэндорж агсны охин юм уу, зээ охиныг нь урьж оролцуулаад аавынх нь зурагтай өргөмжлөл гардуулж өгвөл ямар сайхан байхсан бол гэж бодож байлаа. Симпозиум болохын урьд өдөр Р.Хадбаатар надаас зарим зүйлийг утсаар лавласанд баярлаж л байлаа.

Мэддэгээ хэлсэн. Сэтгүүлч О.Цэдэндоржийн шоронд яаж тарчилж байсныг хэлээд, “Эсэргүү” болгосон гурван ботийнх нь хоёрыг Францаас, нэгийг нь Бельгиэс олоод удахгүй хэвлэж гаргана гэдгээ хэлсэн. Бас түүвэр зохиол бүтээлийг нь ч эмхэтгэж редакторлож гаргана гэсэн. Шог зохиолч, нэрт сэтгүүлч Ж.Барамсай агсны эхнэр, хүүхдүүд бий. Тэднийг, бас Ц.Байдыг оролцуулсан уу, Шагнасан уу. Би л хараагүй юм байна.

О.Дашбалбар сайн зохиолч төдийгүй дайчин сэтгүүлч байсан. Одоо түүний охин Д.Мөнгөндалай “Өдрийн сонинд” цахиур хагалаад сууж байна. Д.Мөнгөндалай сэтгүүлч тэр танхимд анхдагч-25-ын нэг байх ёстой аавынхаа зурагтай өргөмжлөл гардаад сууж байвал баярлах л байсан байх даа. Миний толгойлсон гэх “Гавьяа” найрууллын хэрэг гэгч хоморголсон баривчилгаанд өртсөн 20 сэтгүүлчээс надтай хамт зургаан сэтгүүлч амьд үлдээд байгаа.

Би бол ардчиллын буянаар цагаатгагдсан, төрийн хайр хишгийг хүртсэн, Г.Золжаргал сэтгүүлч маань миний тухай кино хүртэл хийсэн, над үгээ чөлөөтэй хэлэх индэр байна. Миний хувьд бол бодох санах юм байхгүй. Харин миний “хам хэрэгтэн” –ээс амьд сэрүүн үлдээд байгаа, хүүхдийн зохиолч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог, радиогийн сурвалжлагч М.Шийрэв, “Залуучуудын үнэн” сонины зураач асан Б.Доржсүрэн, кино найруулагч Цэнддорж, сэтгүүлч Ш.Дулмаа нарыг минь урьж оролцуулаасай, хүндэтгэл үзүүлээсэй гэж бодож байсан юм. Энд нэг үл мартагдах гавьяатныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Тэр хүн бидний “хам хэрэгтэн” Монгол Улсын нэрт сэтгүүлч, орчуулагч Гүрийн Дугар юм. Г.Дугар эрхлэгч маань, хилс хэрэгт хөөгдөж туугдаж явсаар ардчиллын буяныг амсалгүй таалал төгссөн л дөө. Эднийх “Ардчилсан гэр бүл” байсан. Хүү Д.Батзориг, Д.Ганзориг нар нь ардчилсан хувьсгалын тулгын чулууг тулагчид. Тэгээд би бодож байлаа.

Анхдагч тодруулах энэ хүндтэй арга хэмжээнд Г.Дугар эрхлэгчийн маань гэргий их эмч Д.Сампилдэндэвийг урьж оролцуулаад өвгөнийх нь зурагтай өргөмжлөл гардуулбал олон түмний хүсэл сэтгэлд нийцнэ дээ гэж бодож байсан сан. Тэгсэн чинь “чөлөөт хэвлэлийн анхдагчид” нь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар болдог юм байж.

Оны өмнөхөн Монголын сэтгүүлчдийн эвлэл 2013 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчээ тодрууллаа. Оны шилдгийн шилдэг нь 60-70 хүн байдаг юмуу даа. Би цомоор нь баримжаалж байгаа юм. Үнэхээр шилдэг сайн байгууллага, хүмүүс багтсан байна билээ.

Гадаад, дотоодын хаана ч болсон ноцтой мэдээллүүдийг цаг алдалгүй олоод тавьчихдаг “Өдрийн сонин” шилдгийн шилдэгт багтаж байгаад олзуурхсан. “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Г.Дэлгэрцэцэг шилдгийн шилдэгт багтлаа. Г.Дэлгэрцэцэг бол овог нэрээрээ, бас уран бүтээлийн нэрээрээ олны танил болсон сэтгүүлч.

Саяхан Малайзад алагдсан монгол эмэгтэй Б.Энхтуяагийн үхлийн мөрөөр сурвалжлахаар Малайзыг зорьсонд дотроо сэтгэл зовинонгуй л байлаа. Малайз гэдэг улсын чинь толгой тал нь манайхантай л ижилхэн авлига, аллагад идэгдсэн бурангуй улс шиг билээ. Монгол охин Ш.Алтантуяаг хөнөөсөн томчуул нь зүгээр л өнгөрсөн. Манайхан ч С.Зоригоос Б.Дангаасүрэн хүртэлх 10 улстөрчөө алахыг нь алаад, учир битүүлэг үхүүлэхийг нь үхүүлчихээд ганцыг ч “илрүүлж чадахгүй” суугаа шүү дээ.

Малайз, манайх хоёр л гэж таарсан таар шуудай байна аа. Ийм аймшгийн газар эрэн сурвалжлахаар яваад амьд хүрээд ирсэн Г.Дэлгэрцэцэг, энхийг сахиулах ажиллагаанд оролцож тэр халуун газар халуун цэг дээр ажил үүргээ гүйцэтгээд ирсэн сэтгүүлч Г.Баатарнум нар шилдгийн шилдэгт орсон байна билээ.

Ийм сэтгүүлчдэдээ “шилдгийн шилдэг” байтугай, Монголын төр гавьяат, баатар, Төрийн соёрхол, юу байдгаа өгч баймаар шүү дээ. Энэ амь сөрсөн томилолтууд чинь дарга нарыг дагаж “Алтан хундаганаас архи залгилаад” ирдэг сэтгүүлчидтэй адилгүй томилолт юм. Ингэж нүдээ олсон шагнал байвч, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн улстөржилт арай дэнджээ. Шилдгийн шилдгийг шалгаруулах гол үзүүлэлт нь аль намын эрх ашгийг хамгаалдаг сонин, телевиз вэ? Өнөөдрийн төр засагт хэрхэн хандаж байна вэ.

Эрх баригчдын үйл ажиллагааг дэмжиж байна уу, үгүй юү гэсэн байртай. Сониноос л гэхэд Р.Энхтуяа, Н.Сарангэрэл, Ц.Эрдэнэцэцэг нарын шилдэг сайн сэтгүүлчидтэй “Өдрийн шуудан” сонин, Б.Пүрэвдаш, Б.Ганчимэг , Б.Ерэнтэй нарын олны танил сэтгүүлчидтэй “Үндэсний шуудан” сонин, хурц дайчин нийтлэлээрээ олны талархал хүлээж байдаг Ц.Оюунтунгалаг, М.Өнөржаргал нарын сэтгүүл- чидтэй “Монголын үнэн” сонин гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлчдийн эвлэлийн удирдлагуудын нүдэнд өртөөгүй нь харамсалтай.

Тэд Засгийн газрын сөрөг хүчний байр сууринаас хандаад буруутлаа гэв үү. Телевизүүд ч яахав төр засгийн байнгын хяналтад орсон. “Монгол коммент”-ын хоёр шиг хүчтэй дуугардаг, үнэнийг хэлдэг телевизийн сэтгүүлчидтэй бол Монголын бахархал гэж хэлэхсэн дээ. Өдөрт тийм олон талархлын захидал авч байдаг сэтгүүлчид ховор л байх. Одоо бол төр засгийн хэдэн сайд, дарга нарыг л чөдрийн морио эргэж байгаа юм шиг энд тэнд явна гэж хариулахаас хэтрэхээ больж.

Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр тэдэн дундаас шилдгийн шилдгүүд тодроод байх бололтой юм. Өнөөх, үнэнийг хэлснийхээ төлөө, нэвтрүүлснийхээ төлөө эрэмдэг зэрэмдэг болтлоо зодуулсан сэтгүүлчид, өнөөгийн засагт үүд хаалгаа түгжүүлчихээд цонхоороо орж байсан сурвалжлагчид энэ шилдгийн шилдэгт багтсан уу? Монголын сэтгүүлчдийн байгууллагуудад чөлөөт уран бүтээлчид, ахмад сэтгүүлчид бол “нүдний хор” болсон л доо.

Хэчнээн юу ч хийж байсан тэднийг гэх байгууллага, хүнгүй болсон. Малаар бол заазалж байгаа юм биз дээ. Харин нэг моод дэлгэрчээ. Ахмадуудыг “одон тэмдгүүдээ зүүж ирээрэй” гэж урьж залан, телевизийн дурангаар рекламдчихаад “Баяртай” гэдэг. Нэг талаас нь харахад хүндэтгэл гэмээр, нөгөө талаас нь харахад “реклам, шоуны дүр” болсон байна. Энд би нэг л зүйлийг онцолж хэлэх гэсэн юм. Монголын сэтгүүл зүйн түүх буруу яваад байна.

Монголын гол сэтгүүлчдийг бэлддэг, сэтгүүл зүйн түүх судлалыг олон жил бичсэн, сургасан их сургуулийн хэдэн хүн нэг намын, нэг хэсэг хүний эрх ашигт зориулахад сэтгүүл зүйн түүхийг бүтээчихсэн. Тэр л голдирлоор одоо хүртэл явж байна.

Өнөөгийн залуу сэтгүүлчид ч сэтгүүл зүйн түүхийг тэр чанараар нь ойлгож байна. Монголын сэтгүүлчдийн олон үеийн турш эрх чөлөө шудрага ёсны төлөө тэмцсэн түүх бүрхэг харлаад үлдэж байна. Бусад нь байг, Монголын сэтгүүл зүйг л улстөржилт, намчирхал, нутаг нугын бүлэглэлээс ангид авч явах юмсан.

Г.Жамьян
/Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн/