sonin.mn
АН-аас хоёр талд хоёр нэр дэвшигч тодруулж,  бичиг баримт хүргүүлэх гэсэнтэй холбоотойгоор СЕХ шуурхай хуралдаж шийдвэрээ гаргалаа. Ингэснээр  баримт бичгийг нягтлан шалгаж, хүлээн авахыг үүрэг болгов. Тодруулбал, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргалаа.
 
Хуралдаанаас СЕХ-ны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт  АН-аас  нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө.
 
АН-аас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаас түр хойшлуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-т “УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан. Иймд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд  ирүүлэхийг мэдэгдсэн юм.