sonin.mn
НАЙРОБИ. /VOA/. Зүүн Африкт сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй ган гачиг нүүрлээд байгаатай холбогдуулан үр тариаг нэн хэрэгцээтэй орнуудад нийлүүлэх Украины санаачилгын хүрээнд эхний 25 мянган тонн үр тариаг Жибутид хүргэхээр хөрш Этиопт тээвэрлэн хүргэжээ.
 
 
Этиоп дахь Украины Элчин сайд яам Украинаас үр тариа нийлүүлэх санаачилга нь НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн хүчин чармайлтаас тусдаа гэдгийг мэдэгдсэн байна. Ирэх долоо хоногт 30 мянган тонн үр тариа бүхий хоёр дахь хөлөг онгоц Этиопыг зорьж, Сомалид нийлүүлэх 25 мянган тонн үр тариаг гурав дахь хөлөг онгоцонд ачаална гэж тус яам мэдээлжээ.
 
Өнгөрсөн сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “хүнсний хямралд хамгийн их нэрвэгдсэн орнуудад” тусламж үзүүлэх зорилго бүхий санаачилгынхаа талаар танилцуулсан байна. Украин санаачилгынхаа хүрээнд Этиоп, Судан, Өмнөд Судан, Сомали, Конго, Кени, Йемен зэрэг орнууд руу 60 гаруй хөлөг онгоцыг илгээхээр төлөвлөжээ. Этиоп, Сомали, Кенид ган гачгийн улмаас олон сая хүнд өлсгөлөнгийн аюул нүүрлээд байгаа бол Этиоп, Сомали дахь зөрчил нь хямралыг улам даамжруулсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг