sonin.mn
ТОКИО. /NHK/. Япон, АНУ, БНСУ-ын дипломатчид БНАСАУ-ын пуужин, цөмийн аюул заналд хариу арга хэмжээ авахад нягт хамтран ажиллахаа дахин нотоллоо.
 
Японы Гадаад хэргийн дэд сайд Мори Такео, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хюн Дун нар Вашингтон хотноо даваа гарагт уулзсан байна.
 
Талууд БНАСАУ-тай холбоотой асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцсоноо хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тус улс баллистик пуужингийн туршилтыг урьд байгаагүй олноор явуулсаар байгаа юм. Түүнчлэн цөмийн долоо дахь туршилтаа хэзээ мөдгүй явуулж магадгүй гэж шинжээчид таамаглах болсон.
 
М.Такеогийн мэдээлснээр, талууд бүс нутгийн тогтоон барих хүчин чармайлтыг бэхжүүлэх, түүнчлэн НҮБ-ын хүрээнд, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Япон улс нь тус зөвлөлийн байнгын бус гишүүн юм.
 
Талууд мөн БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд дипломат хүчин чармайлт гаргахад хамтран ажиллахаа дахин нотлов. В.Шерманы хувьд Япон, БНСУ-ыг батлан хамгаалах АНУ-ын үүрэг амлалтыг онцлон тэмдэглэжээ. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд хэлсэн үгэндээ, Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх гурван талын хамтын ажиллагаа хамгийн дээд түвшинд хүрч байгааг онцолсон байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг