sonin.mn
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Комисс /ЕК/ Европын орнуудын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг үл ялиг ахиулан нэг орчим хувиар өснө хэмээн урьдчилан таамаглалаа. Инфляцын хувьд саарах төлөвтэй байгаа ч өндөр хэвээр байна гэж үзэж байна.
 
ЕК-ын мэдээлснээр, 2023 онд еврогийн бүсийн 20 орны эдийн засаг 0.8 хувиар өсөх төлөвтэй байгаа бол 27 гишүүнтэй Европын Холбооны өсөлт 0.9 хувьтай байх төлөвтэй байна. Энэ нь өмнөх улирлын тайлангийн төсөөлөлтэй /0.3/ харьцуулахад өссөн үзүүлэлт боллоо.
 
2022 оны сүүлийн улиралд ЕХ-ны эдийн засаг ердөө 0.1 хувийн өсөлт үзүүлсэн бөгөөд дээрх төсөөллөөр техникийн хямралд орохоос зайлсхийх төлөв ажиглагдаж байна. Эдийн засаг хоёр улирал дараалан агшсан тохиолдолд техникийн хямралд орох эрсдэлтэй гэж эдийн засагчид үздэг. Харин 2024 оны өсөлтийн төсөөллийг хэвээр үлдээсэн бөгөөд ЕХ 1.6 хувь, еврогийн бүс 1.5 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамагласан байна. Инфляцын хувьд 2023 онд Еврогийн бүсэд 5.6 хувь, ЕХ даяар 6.3 хувьтай байх төлөвтэй байна. Еврогийн бүсэд инфляц өнгөрсөн 10 дугаар сард дээд цэгтээ буюу 10.6 хувьд хүрснээс хойш аажмаар буурч, нэгдүгээр сард 8.5 хувьд хүрээд байгаа юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг