sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Монгол Улсын Сайд Ж.Сүхбаатар нар оролцон, ногоон автобус гэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.
 
Тодруулбал тэрээр: "Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд үндсэн асуудлаа шийдэж чадахгүй байна. Засгийн Газрын зүгээс нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлж, хоёр жил дараалан 420 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй. 
 
Сэлбэ голын сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л асуудалд маш их дэмжлэг үзүүлж ирсэн.
 
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлийн удирдлага хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжлэг авч байгаагүй. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, Нийслэлчийн оршин суугчид хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй. 28 хоногийн хугацаанд нийт 16 аймгийн 7300 орчим иргэдтэй уулзалт хийсэн. Одоо харин нийслэлд онцгой анхаарал хандуулж ажиллана. Өвдсөн ч хамаагүй бүх хатигийг нь шахна." гэжээ
 
С.Сарнай