sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилох шийдвэр гарсантай холбоотойгоор хэсэг иргэд үзэл бодлоо илэрхийлж, шаардлага хүргүүллээ. 
Энэ үеэрээ тэд: "Улаанбаатар хот 1,6 сая хүн амтай. Монгол Улсын иргэдийн тэн хагас нь Улаанбаатар хотод амьдардаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд хотын даргыг аль нэгэн нам сонгож ирсэн. МАН маш олон жил нийслэлд засагласан.
 
 
Үнэндээ хэдхэн хүн хотын даргыг томилж байна. Өнөөдөр ч мөн Төрийн ордонд хэдхэн дарга сууж байгаад нэгнээ хотын даргаар томилох гэж байна. Ингэж өөрчлөхгүй ээ. Д.Сумъяабазарыг зөвхөн ногоон автобустай холбоотойгоор буулга гэж иргэд шаардаагүй.
 
 
МАН засаглаж чадахгүй байна. Тийм учраас хотын иргэд нь өөрсдөө хотын даргаа сонгодог байя гэж шаардаж байна. Дэлхийн том улс орнуудад муж, хотыг захирагчаа иргэд нь сонгодог. Ингэж иргэд нь сонгосон улс орнууд, хотууд илүү хөгжиж байна. Тийм учраас Улаанбаатар хотын Засаг даргаа, Нийслэлийн захирагчаа иргэд өөрсдөө сонгодог байя гэж уриалж байна. Өөрсдөө сонгодог, эргээд өөрсдөө хариуцлага тооцдог болоё. Түүнээс биш МАН нь хоорондоо зодоон хийгээд, хэн нэг нь лоббидож Засаг дарга томилдог баймааргүй байна. Ордон дотор өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга болно гэж яригдаж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдож, Засгийн газрын гишүүнээр томилогдсон хүн нь эдгээр ажлаа өгөөд Нийслэл хотыг удирдах гэж байна.
 
 
Заавал МАН-ын хэн нэгэн биш, хотын иргэд өөрсдөө Засаг даргаа сонгодог байя. Монголын ард түмэн МАН-д өртэй юм уу? 
 
 
Уг нь Улаанбаатарын 9 дүүргийн иргэд өөрсдийн төлөөллөө сонгоод явуулчихсан шүү дээ. Тэр төлөөлөгчид хаана байна вэ? Ажлаа хийхгүй юм уу? Дундаасаа хотын даргаа гаргаад ирж чадахгүй, бүх юмаа дээрээсээ шийдүүлээд сууж байх юм. Нийслэлийн иргэдийн саналыг үл тоож, үнэгүйдүүлж байна. Хот ямар их ашигтай бизнес вэ? гэдэг нь үүнээс харагдаж байна. Өнгөрсөн 8 жил хүчээ нэгтгэж хулгай хийсэн нь нотлогдоод Д.Сумъяабазар огцорлоо. Одоо тэр хулгайг нь нуух гэж Хуульзүйн сайд нь бууж ирээд хотын дарга болох гэж байна. Хамаагүй, буугаад ир, иргэд дахиад огцруул.
 
Иргэдийг яагаад ингэж доромжлоод байгаа юм бэ? Гурав дөрөвхөн дарга яриад, хулгай илрэх гээд байна, энэ хулгайг нам дараач гээд Х.Нямбаатарыг явуулж байгаа юм байна. МАН-аас нийслэлд сонгогдсон 34 төлөөлөгч ном журмаараа хотын даргаа сонго. Чадахгүй бол та нар ч бас тар. Хурлаа ч тараа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та ингэж дүрэмгүй, зарчимгүй тоглож болохгүй шүү. НИТХ-ын төлөөлөгчдийн эрхэнд яагаад халдаад байгаа юм бэ? Ард түмэн сонголтоо хамгаал. Зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг хийгдчихээд, бүлэг гэмт хэргээ нуух гээд ийм арга хэмжээ авч байна.Улаанбаатарын хөгжил дорой байгаа нь цэвэр МАН-ын буруу. МАН 8 жил засаглалаа, нийслэлийг удирдаж чадахгүй юм байна. Одоо энэ богино хугацаанд Нийслэлийн засаг дарга болох гэж байгаа хүн юу хийх вэ? Хулгай л хийх гэж ирж байгаа" гэв.
 
 
М.Чой