sonin.mn
-Хүмүүс амарсан хойгуурх "хулгайч муурын" явдал-
 
Монголын хамгийн том "Хадгаламж" банкийг дампууруулж, төрийн банкинд нэгтгэлээ. Зарим эх сурвалж "дээрэм "гэж нэрлэлээ. Энэ бол Ардчилсан намынхны хийж чаддаг цорын ганц үйлдэл ч гэж хэлж болмоор. 1996 онд төр засгийн эрх мэдлийг бүрэн аваад мөн л банкуудыг бужигнуулж, тэр дундаас хэсэг хүн саятан болцгоосон.
 
Тэр үед тэрбумтан гэдэг нэр томъёо гараагүй байв. Тэр хэд л төрийн банкийг хувийн банкинд нийлүүлж дундаас нь ашиг унагаасан бол, өнөөдөр хувийн банкийг төрийн банкинд нийлүүлчихлээ.
 
Дундаас нь Ардчилсан намынхны хэнийх нь халаас түнтийхийг өнөөдөртөө хэн ч хэлж мэдэхгүй байх. Юутай ч, монголчуудын хамгийн их итгэл найдварыг хүлээж байсан "Хадгаламж" банкны ясыг Н.Алтанхуяг, Н.Золжаргал гэж хоёр хүн барилаа. Ум маани бадни хум!
 
"Хадгаламж" банк дампуурсан тухай, түүнийг зуны амралт тааруулан, баяр наадам тэмдэглэх үеэр хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаад, хулгайч муурын үлгэрээр гэнэт дампууруулсныг хүмүүс янз янзаар л ярьж байна. "Цөөн хэдэн хүний нууц тохироо байсан" л гэнэ.
 
Ш.Батхүү гэж хүн, Эрдэнэт үйлдвэрээр баталгаажуулан гадаадын "Стандарт" банкнаас 109 сая ам. долларын зээл аваад бултахаараа хувийн Хадгаламж"банкаа "хадган дээр" тавиад НАлтанхуяг, Н.Золжаргал хоёрт барьчихлаа. Ял зэмээс мултрах арга нь тэр л гэнэ.
 
"Ганц сүүтэй үнээ Эрдэнэтээрээ баталгаажуулж авсан 109 сая ам.долларын зээлийн хэрэгт Ардын намаас мөн л нөгөө Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан.
 
Ч.Ганзориг нараас гадна Ардчилсан намын нөлөө бүхий томчууд холбогдож магадгүй болсон тул түргэхэн шиг Төрийн банк руу нийлүүлж хэрэг явдлыг нам дарах гэсэн арга" гэж үзэх хүмүүс ч байна. Тэгтэл Ш.Батхүүгийн мэдэглэл огт өөр зүйл хэллээ. "Хадгаламж" банк дампуураагүй гэнэ.
 
Төлбөрийн чадвар сайн байсан. Төрийн банкинд арилгасан сонгино шиг сайхан банкаа шилжүүлчихсэн гэж байгаа. Олон банк дампууруулаад огт гэм зэмгүй яваа "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярт гомдож яваагаа хэлээд авлаа.
 
"Монгол газар"-тай орооцолдсоноо амьдралдаа алдсан хамгийн том алдаа хэмээн бодож явна гэнэ. Юутай ч үйл явдлын өрнөл "Хадгаламж" банкны далд учрыг тайлах буй заа. Олны дунд ам дамжин яваа нэг ноцтой зүйл байна.
 
Монголчууд "Хадгаламж" банкаа гэнэт дампуурч, энэ нэр архивт үлдэх юм гэдгийг зүүдлээ ч үгүй явсан байх. Гэтэл эрх мэдэлтнүүд хоёр жилийн өмнөөс үүнийг мэдэж байсан. Биднээс нууж байж. Нэг л өдөр дампуурлаа гээд хаягийг нь сольчихлоо.
 
Иргэд "Хадгаламж" банкнаас хадгаламжаа татаж эхэлсэн тухай мэдээлэл, сонин хэвлэлээр цацагдаж байна. Ер нь арилжааны банкуудыг ийнхүү сэм сэмхэн дампууруулж Төрийн банкинд нийлүүлсээр хэн нэг нь, авчих гэж байгаа юм биш үү гэсэн хардлага олон нийтийн дунд төрсөн байна.
 
Банк, хадгаламж зээлийн хоршоодыг дампууруулж дундаас нь хичнээн хүн хожиж тэрбумтан болов. Хичнээн мянган хүн хохирч одоо хүртэл өлсгөлөн суулт зарлаад явж байна гээ. Банк, хадгаламж зээлийн хоршоодын алдагдлыг буруутнаар төлүүдэг биш, бидний татварын мөнгөөр нөхдөг муухай зуршил тогтоод байгаа.
 
"Хадгаламж"-ийн алдагдлыг ч буруутнуудаар нь биш, татварын мөнгөөр нөхөх бодлого явж байгаа. Энэ бүхнээс үндэслэн монголчууд төрдөө, банк, санхүүгийн байгууллагадаа итгэх итгэл алдарсан нь туйлын үнэн.
 
Банкууд нь ах дүү, танил талдаа тэрбум тэрбумаар нь найдваргүй зээл олгон дампууруулчихаад, түүнийг нь ард түмний татварын мөнгөөр нөхчихөөд л яваад байх хэрэг үү. Ард түмний итгэл үнэхээр барагдсан байна. Энэ эрхэм дээдэс чинь, мөнгөнд яасан улайрсан, ханаж цаддаггүй хүмүүс вэ гэж шуугих боллоо.
 
Жилийн төсөв долоон их наяд төгрөг гэх. Дээрээс нь Богд эзэн Чингисийнхээ нэрийг барин гуйлга гуйж олж ирсэн бонд гэх 1,5 сая ам. долларын өндөр хүүтэй мөнгө бий. Зөвхөн энэ бондны долоон cap 20 хоногийнх нь хүү 66,6 тэрбум төгрөгт хүрээд байгаа.
 
Ийм их мөнгийг салхинд хийсгэчихээд, монголчууд өнөөдөр улаан цэцгэн дэвсгэртэй, ууц цорой нь нийлсэн хүмүүс л явж байх юм даа. Хайран мөнгө. Олон улсын, өндөр хүүтэй бондыг улс орнууд хамгийн тулгамдсан чухал, (бүтээн байгуулалтдаа зориулж авдаг.
 
Манайд бол ТЭЦ-5, Газрын тосны томоохон үйлдвэр барих ч юм уу, нийслэлийн ойролцоо орон сууцны иж бүрэн хорооллууд бүхий дагуул хот барьж байгуулах зэрэгт бондын хөрөнгийг ашиглаж болох л юм. Тэгсэн чинь юу гэнэ вэ.
 
"Гудамж төсөл" нэртэйгээр нийслэлийн төв хэсгийн хэдэн зам талбайг засах, улаан шар цэцгийн мандал байгуулах, арьс шир, ноос ноолуурын бэлтгэл, үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж байгаа гэх юм. Энэ бүхэн чинь улсын төсөвт ч хүрэхгүй хот, орон нутгийн төсвөөр хийчихдэг ажил шүү дээ.
 
Ингэж үнэгүйдүүлж, олон тийш нь цацсанаар өөрсдөө дундаас нь их мөнгө унагаадаг гэж хүмүүсийн ярих нь ортой ч байж мэдэх л юм. Одоо цаана нь "Чингис" бондын үлдэгдэл 3,5 сая ам. доллар нөөцөнд байгаа.
 
"Энэ муусайн гуйлгачингуудыг бүслэхээрээ тасартал нь сойж байгаад дараагийн сонгуулийн өмнө үлдэгдэл бондоо оруулж ирэн цалин тэтгэврийг нь хэд дахин нэмчихэд, саналаа бидэнд өгөхгүй өөр хэнд өгөх юм" хэмээн ханхалзаж яваа хүний сураг ч байна.
 
Хөөрхийдөө, энэ Чингис гэдэг нэр, цөөн хэдэн хүний "Нохойд барьдаг мод" болж дээ. Энэ зуны амралт, олон баяр наадмуудыг далимдуулан "чоно борооноор" гэгчээр, эрх баригчид маань чаддаг л бүхнээ амжуулж байна аа. Гэнэтхэн цахилгаан, дулааны үнийг нэмчихлээ.
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сайд дарга нар бүгд л цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй хэмээн донгодож байгаагүй бил үү. Одоо тэнгэрт хадаачихсан. Дагаад бүх зүйлийн үнэ нэмэх замдаа шуударлаа. Хяналтгүй төр гэдэг чинь хачин л байдаг юм байна даа.
 
Дарангуйлагч юу гэнэв, дуугүй бөхийж байдаг орчлонд бид амьдрахчаа болно гэж даанч зүүдлээгүй явлаа даа. Нэг л зүйл нэмэгдлээ. Шүүгчийн цалин. Сарынх нь цалин 4,5 сая (4 500 000) төгрөгт хүрлээ.
 
Хөл дээрэээ тогтож чадахгүй болтлоо мэс заслын ширээний дэргэд зогсож байгaa эмч, хурц хутга, хурдан буутай алуурчидтай амь хайргүй хөөцөлдөж байгаа цагдаа, галаас хүн аврах гэж өөрөө шатаж яваа онцгойгийнхон гэхэд л хэдхэн зуун мянган төгрөгний цалинтай байгаа шүү дээ.
 
Тэгэхэд шүүгчийн цалин 4,5 саяд хүрчихлээ. Учир мэдэх хүмүүс ярьж байна аа. "Энэ чинь, ямар ч хэрэг хийсэн Ардчилсан намыхныг, намайг, миний гэр бүлийнхнийг битгий шийтгээрэй хэмээн шүүгчдэд өгч байгаа төр засгийн авлига шиг сэтгэлд бууж байна" гэх аж.
 
Чадаж байгаа юманд арга алга. Ард түмнээ хоосон хонуулаад, та хэд багтах л гэдэс, гүзээ, хүүдий саваа дүүргэлдээ. Тэнгэр бурхан харж байгаа.
 
 
Г.Жамъяан
/Соёлын гавьяат зүтгэлтэн/