сонин mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат- Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Энэ зун хийх бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлчүүдэд хандаж уриалга гаргасныг хотоос хөөлөө гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна?
 
 
-Зориуд ийм шаардлага маягаар мушгин гуйвуулж, улстөржүүлж байна. Тэр нь ч тодорхой байгаа. Би иргэддээ аль болох амралтаа зөв зохицуулаарай гэж уриалсан. Иргэдэд өөрсдөд нь бэрхшээл учрахгүй байхад анхаарч ийм уриалга гаргаж байгаа юм. Манай нийслэлийн иргэд мушгин гуйвуулж байна гэдгийг ойлгож байна. Үүнд нэг их сүрхий тайлбар хэрэг байгаа юм уу. Тэртэй тэргүй тодорхой ойлгож байгаа шүү дээ.
 
-Эдгээр бүтээн байгуулалт ирэх жилийн АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын нэг хэсэг нь. Гэтэл зарим нь жорлондоо живэх гэж байж юун АСЕМ гэж бас л шүүмжлээд байгаа?
 
 
-Яагаад дандаа гутранги үзэл рүү бүгдийг түлхэж яриад байгааг ойлгохгүй байна. Бид зөвхөн АСЕМ-тай холбоотой бүтээн байгуулалт хийгээгүй. Өнгөрсөн жилд урд хожид байгаагүй бүтээн байгуулалтыг хийлээ. Бүтээмжийн төвшин хоёр дахин нэмэгдэж байна. Ямар ч байсан хийж чадаж байгаа. Чадаж байгаа зүйлээ АСЕМ-тай, АСЕМ-гүй үргэлжлүүлнэ.
 
-Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тань руу хандаж их ярих болсон. Хууль зүйн байнгын хороон дээр таныг луйварчин, худалч гэж хэлээд ширүүн маргаан өрнөсөн. Та хоёрын хооронд хувийн чанартай асуудал байдаг юм уу?
 
 
-МАН-д над руу чиглэсэн дайралт хийх уралдаан зарласан юм шиг байна. МАН-ын зүтгэлтнүүд над руу дайрах гэж бүгд хоорондоо өрсөлдөж байна. Тэдний нэг нь Нямдорж. Нямдоржийн үйлдэлд үнэхээр харамсаад байгаа юм. Ер нь Нямдорж гэж хүн энэ УИХ-ыг гутааж байна. Бид ажил хэргийн асуудалд санаа нийлэхгүй байж болно. Ажил хэргийн мэтгэлцээн байлгүй яахав. Гэтэл хулгайчаар нь дуудаж гүжирдээд, элдвээр дайрч байна. 
 
Тэр хүн Их хурлын танхим эзэлчихээд орсон хүн бүхнийг загнаж байдаг гэж эндүүрчээ. Тэр тусмаа орон нутгийн удирдлагыг өөрийн харьяа байгууллага шиг байлгаад байна. Шинэ Үндсэн хуулиар бид эрх мэдлүүдээ хуваарилсан. Орон нутаг бол Нямдоржид загнуулж байдаг харьяа байгууллага биш. Тиймээс энэ нь үнэхээр зохисгүй үйлдэл байсан. Би ч үнэхээр тэвчээр алдсан. 
 
Байнгын хороон дээр орж ирээд ажил ярихаар, хулгайчаар нь дууддаг. Ямар гудамжинд хүн загнаж байгаа биш дээ. Бодолгын асуудал ярихын оронд хувь хүнийх нь хувьд намайг доромжилж, дайрсан. Би ямар ч гэм хийгээгүй. Нямдорж гэж хүнд дайруулж, доромжлуулж байх нь ч зохисгүй. Дээрээс нь УИХ-ын гишүүн хариуцлагатай хандах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр дамжуулдаг. Үүнийг иргэд үзэж байгааг ойлгох хэрэгтэй. Төрийн албан тушаалтан хүн арддаа үлгэрлэх ёстой. Гэтэл хүнийг доромжлоод сууж байж таарах уу.
 
-Та ч гэсэн новш гэж хэлсэн шүү дээ?
 
 
-Би новш гэж хэлсэн. Гэхдээ битгий УИХ-д хог, хогжирхой шиг загнаад байгаарай гэдэг санаагаар хэлсэн. Өөрийгөө боддоггүй юм гэхэд УИХ-ын нэр хүндийг унагаад байх юм. Их хурлын нэр хүндийг унагахаа болих хэрэгтэй. 
 
Хоёрдугаарт, Нямдоржид маш том дугагдал байдаг. Нямдорж бүхнийг мэддэг хүн биш шүү дээ. Тэр хүнд мэдэхгүй юм гэж бас бий. Үнэндээ хуульчдын дотор Нямдоржийн мэдлэгийг шоолсон онигоо зөндөө байдаг.Үүнийгээ мэддэг байх хэрэгтэй. Ер нь Нямдорж төрийн дээд байгууллагын нэр хүндийг гутааж байгаа цөөн хүмүүсийн нэг.
 
-Та өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүн. Тухайн үед болсон хэрүүлийн үеэр УИХ-ын гишүүн хүн доромжилж болдог юм уу гэж хэлж байсан. Энэ асуудлаар ёс зүйн дэд хороонд ч юм уу хандаж болох байх?
 
 
-Өмнөөс нь харамсч байна. Нямдорж бол насанд хүрсэн хүн. Ялангуяа УИХ-ын гишүүн хүн шүү дээ. Төрийн хүний үлгэрлэл ямар байхыг ойлгохын дээдээр ойлгох ёстой. Гомдол мэдүүлэх сонирхол байхгүй. Ер нь Нямдорж өөрийнхөө үйлдлээр өөрийгөө л гутааж байна. Гэхдээ өөрийгөө гутаах эсэх нь тэр хүний асуудал. Харин УИХ буюу төрийн дээд байгууллагыг ингэж гутааж болохгүй. 
 
Ийм цөөхөн хүнээс болж Их хурлын нэр хүнд унаж байгаад харамсч байна. Иргэдийн төрд итгэх итгэл үгүй болж байна. Захын хүн хараад л бааранд хэрэлдэж байгаа залуучууд шиг ямар учиртай юм бэ, ийм үлгэргүй Их хурал яаж байж болдог юм бэ гээд гайхаад ярьж байна шүү дээ.
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: