sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Атланта-1996" зуны олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөрийн жүдочдын 24 дэх удаагийн олон хотын тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотын “Хангарьд палас” ордонд эхэллээ.
Энэхүү уламжлалт тэмцээн 3 өдөр үргэлжилж охид, хөвгүүдийн 56 жинд 1400 гаруй тамирчдын дунд зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулна. Өнөөдөр тэмцээний эхний өдөр хөдөө орон нутаг болон нийслэлийн 61 клубийн 458 өсвөрийн жүдочид 20 жинд аваргаа тодруулах юм байна.
 
 
Тэмцээний нээлтийн ёслолд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр оролцож, залуу тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Ташрамд сонирхуулахад, гавъяат тамирчин Д.Нармандах нь орчин үеийн олимпын наадмын 100 жилийн ой “Атланта-1996” наадмаас жүдо бөхийн 60 кг жинд Монгол Улсын цорын ганц медалийг авчирсан алдартан төдийгүй, улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж, Ази тивийн аварга болсон анхны жүдоч юм. Түүний нэрэмжит тэмцээнд хүндэт зочдоор жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Баяржавхлан, Д.Бадрах, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Д.Баттулга, Ж.Баярсайхан, гавъяат тамирчин Т.Үйтүмэн, О.Пүрэвбаатар, Х.Батхишиг нар уригдан Эрдэнэт хотноо очсон байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг