sonin.mn
За тийм ээ. Тун сонин башё үргэлжилж байна. Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн буюу Нацү башё ийм болж байсангүйг сүүлийн олон жилийн тэмцээний үзэгчийн хувьд мэдэх юм. Энэ зуны тэмцээнийг юугаар нь тэгж хачирхан яриад байгаа юм бэ гэвэл үү. Ярих, бичиглэх юм захаас авам гэж болно.
 
Токио хотноо болж байгаа энэ тэмцээн манлайлагч байхгүй гэж хэлж болохуйцаар найман өдөр өнгөрлөө. Уг нь аливаа тэмцээний (башёгийн) найм дахь өдөр өрсөлдөөний дунд үе л дээ.
 
Энэ үед хэн нэгэн сүмоч 50 хувиа хийчихсэн л байдаг. Үгүй юмаа гэхэд хэн нэг нь түрүүлэхээр болчихсон л байдагсан. Гэтэл энэ башёд тийм юм алга. Найман өдрийн дараах байдлаас харвал дан магеширагийн гурваас хойш боссон таван бөх зургаан даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг тэргүүлж яваагаар бичигджээ.
 
Энэ тавын гурав нь буюу Аойма, Саданоүми, Ишияамомото гэх сүмочид магеширагийн 11-15-д бичигдсэн тун доогуур түвшнийхэн гэвэл нөгөө өндөр цолтнууд урагшгүй барилдаж байгаагаас гэж хэлж болох.
 
Дээд талд нь ёкозүна, озеки нар байна. Секивакэ, комүсүбинүүд бий. Тэдний амжилт сураггүй болоод буй. Ёкозүна цол хүртсэнээсээ хойш хоёр дараалан түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ таван даваатай дээрх тавын ард нэхэж явна. Аварга маань гэмтлийн улмаас өмнөх башёг дуусгаж чадаагүй. Энэ удаа ч уршигтай гэмтэл нь гүйцэд эдгээгүй ч байж мэдэх юм. Аварга Тэрүнофүжигийн ард түрүүлэх бөхийн нэрэнд явж байх учиртай гурван озеки бий. Монгол бөхөөр бол арслангууд. Тэд энэ башёд тун олхиогүй барилдаж байна. Ямар сайндаа гэхэв. Тайлбарлагч Китанофүжи гуай урам нь хугарсан бололтой 
 
"Энэ башёг озекигүй гэж бодоод л үзээрэй дээ" гэж үзэгчдэд хандаж хэлсэн байгаа юм.Секиваке, комосүби цолтнууд ч муу барилдаж буй юм. Энэ нь Нацү башёгийн дараа олон сүмоч цолоо алдсан байх.Тэдний оронд хэн нь очихыг төсөөлөхөд бэрх ийм өнгө төрх харагдана.
 
Харин одоо монгол сүмочид маань хэрхэн барилдаж байна вэ гэдгийг сонирхуулбал аварга Г.Ган-Эрдэнийн тухайд  дээр хэлчихсэн. Түүнтэй адил таван даваатай яваа нь Крибияма Б.Лхагвасүрэн, Хоошёорюү С.Бямбасүрэн нар.
 
Долоо хоногийн дараа дахин монгол сүмоч эзэн хааны цол гардаж авахаар зогсох боломж байж ч мэднэ гэдгийг тэдний амжилт харуулж байна. Тамаваши Б.Мөнх-Оргилын тухайд хэлэхэд дээд зиндаанд барилдаж байгаа сүмочдын хамгийн ахмад нь гэхэд ганцхан үгээр хэлэхэд гялалзаж байна аа. Аваргыг ч, арсланг ч цупаридаад гаргачихаж харагдана лээ. Өнөөдрийн байдлаар тэргүүлэгчдийн эхэнд яваа юм тэр.
 
Мөн 18 жил нэг ч башё өнжилгүй барилдсаар гадаадын анхны цолтой бөх, Хавайн арлын Такамиямагийн амжилтыг эвдлээ шүү дээ Монгол сүмоч. Чиёошома Г.Мөнхсайхан, Азүмарюү С.Тодбилэг нар дөрвөн даваатай явна. Өгөө, аваатай л гэсэн амжилт юм. За тэгээд энэ башёд хэн түрүүлэхийг төсөөлөх янз даанч алга даа. Хачин башё хачин явцтай үргэлжилсээр л...
 
 
 
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин