БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин арваннэгдүгээр сарын 17-ны өглөө Шэньжэнь хотноо Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНСВУ-ын дарга То Ламтай уулзлаа. То Лам Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирээд байгаа юм.
Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид Хятад, Вьетнамын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов.
Ши Жиньпин сүүлийн жилүүдэд хоёр нам, хоёр улсын дээд түвшний харилцаа улам нягтарч, стратегийн ач холбогдол бүхий Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үйл явц ахиц дэвшил гаргасныг онцоллоо. Энэ нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахаас гадна бүс нутгийн энх тайван, хөгжилд эерэг хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Тэрбээр Хятадын Коммунист намын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хурал болон Вьетнамын Коммунист намын XIV сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлаас намын бүтээн байгуулалт, сахилга бат, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр чухал шийдвэрүүд гаргасныг дурдав. Үүнтэй холбогдуулан хоёр тал намын удирдлага, засаглалын туршлагаа харилцан солилцож, социалист бүтээн байгуулалтын зорилтуудаа хэрэгжүүлэхэд бие биеэ дэмжин ажиллах шаардлагатайг онцолсон байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Вьетнам бол үзэл санаа нэгтэй, ахан дүүсийн найрсаг харилцаатай орнууд юм. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, сорилт бэрхшээл нэмэгдэх тусам хоёр улс харилцан итгэлцэл, эв нэгдлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх учиртай. Ингэснээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих боломж бүрдэнэ гэв.
Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтэц, тээвэр, логистикийн харилцан холболтыг сайжруулж, ухаалаг боомт болон хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг санал болголоо. Түүнчлэн дижитал шилжилт, ногоон хөгжил, нүүрстөрөгч багатай эдийн засаг, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг шинэ салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.
Хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэхэд соёл, боловсрол, аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэйг Ши Жиньпин онцолсон байна. Энэ хүрээнд “Хятад, Вьетнамын аялал жуулчлалын хамтын ажиллагааны жил”-ийг амжилттай зохион байгуулж, ялангуяа залуу үеийнхний харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх шаардлагатайг дурдав.
Мөн хоёр улс далайн бүс нутгийн асуудлаарх санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээний замаар зохистой зохицуулж, далайн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.
Олон улсын хамтын ажиллагааны талаар Ши Жиньпин НҮБ, Хятад–АСЕАН, Ланьцан–Меконгийн хамтын ажиллагааны механизмын хүрээнд уялдаа холбоогоо бэхжүүлэхийг уриалав. Түүнчлэн дэлхий нийтийн дөрвөн том санаачилгыг хамтран хэрэгжүүлж, АПЕК-ийн уулзалтыг энэ болон ирэх онд зохион байгуулах үүргээ амжилттай гүйцэтгэн, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцолсон байна.
Вьетнамын удирдагч То Лам Хятадын Коммунист намын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хурал амжилттай болсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Тэрбээр энэ онд Хятадад төрийн айлчлал хийснээс хойш хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, дээд түвшний харилцаа идэвхжсэнээс гадна худалдааны хэмжээ нэмэгдэж, соёл, хүмүүнлэгийн солилцоо өргөжсөнийг дурдав.
То Лам Вьетнам улс Хятадтай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг бөгөөд Хятадыг стратегийн хамгийн чухал түнш, түшиг тулгуурын нэг гэж үздэгийг илэрхийллээ. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед хоёр улс эв нэгдэл, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, харилцан хөгжлөө дэмжих шаардлагатайг онцолсон байна.
Вьетнамын тал цаашид Хятадтай дээд түвшний харилцаагаа нягтруулж, худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэн, далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаалахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
То Лам АПЕК-ийн “Хятадын жил” амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргээд, дараагийн зохион байгуулагч орны хувьд Вьетнам улс өмнөх уулзалтуудын үр дүнг үргэлжлүүлж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхий нийтийн томоохон санаачилгуудыг Вьетнамын тал дэмжиж буйг тэмдэглээд, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, Дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр Хятадтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 18,
2026
Сэтгэгдэл0