sonin.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: " Ерөнхийлөгчийн мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс харлаа. Улс төрийн хувьд маш зөв, томоохон жишиг, тэр дундаа түүхэнд үлдэх хэмжээний улс төрийн соёл, хариуцлагын илэрхийлэл гэж харж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө албан тушаалаа хүлээлгэн өгч, өөртэй нь холбоотой асуудлыг шалгуулахаар шийдсэн нь улс төрд хариуцлагын шинэ жишиг тогтоож буй үйл явдал юм.

Гэхдээ энэ хэрэгт зөвхөн Ерөнхийлөгчийн нэр холбогдоогүй. Гадаадаас түгээж буй мэдээлэлд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын нэр ч дурдагдаж байгаа. Тиймээс тэд ч мөн адил Ерөнхийлөгчийн тогтоож буй жишгийг дагаж, албан тушаалаа хүлээлгэн өгч, холбогдох асуудлаа шалгуулан, үнэн мөнийг тогтоолгосны дараа төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эсэхээ шийдвэрлүүлэх нь зүйтэй.


Энэ бол хэн нэгнээс санал асууж, зөвшөөрөл хүсээд байх асуудал биш. Монгол Улсын төрийн тэргүүн өөрөөсөө эхэлж ийм жишиг тогтоож байхад нэр холбогдсон бусад албан тушаалтан ч хариуцлагаас зайлсхийх ёсгүй.


Нөгөө талаар Х.Нямбаатар ч өөрөө энэ бүх асуудлыг олон нийтэд ярьж, мэдээлэл хийж байгаа. Тиймээс түүний гаргаж тавьсан мэдээлэл, түүнд холбогдуулан яригдаж буй асуудлуудыг ч хамтад нь, нэг мөр шалгах шаардлагатай.

Тэгэхгүй бол нэг хүнийг золиосолж, нөгөө хэсэг нь үлддэг, хэсэг хугацааны дараа эсрэг талынхан нь өөр нэгнээ хамгаалдаг улс төрийн хуучин арга барил үргэлжилсээр байх болно.

Авлига гэдэг ганц хүн албан тушаалаа өгснөөр, эсвэл нэг хүн улс төрөөс явснаар шийдэгдчих асуудал биш. Цаана нь эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлоор холбогдсон тогтолцоо хэвээрээ байвал хэчнээн хүнээр хариуцлага хүлээлгэсэн ч асуудал үндсээрээ шийдэгдэхгүй.

Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн Төрийн ордонд улс төрчид бие биеэ асар их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан буруутгаж, зарим нь баримт материалаа Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэр бүү хэл хүний амь нас хохироосон, хүнийг шатааж хөнөөсөн гэх мэт онц ноцтой мэдээлэл, мэдэгдлүүд ч олон нийтийн өмнө яригдаж байна.


Ийм ноцтой асуудлуудыг үнэн эсэхийг нь эцэслэн тогтоохгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэхгүй, харин улс төрийн өрсөлдөгчийнхөө эсрэг ашигладаг хэрэгсэл болгож хэрхэвч болохгүй.


Хэн нэгэн гэм буруутай бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Харин гэм буруугүй бол нэр төрөө сэргээлгэх эрхтэй. Хамгийн гол нь хэн нэгнийг сонгож шалгадаг, нөгөөг нь хамгаалж үлдээдэг байж болохгүй. Бүгдэд хууль тэгш үйлчлэх ёстой.

Бид энэ бүхнийг нэг мөр эцэслэх хэрэгтэй. Олон шалтаг, шалтгаан тоочиж, цаг хугацаа хожихын оронд Засгийн газар, УИХ-ын нэр холбогдсон гишүүд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, эсвэл хуульд заасан журмаар бүрэн эрхийн асуудлаа шийдвэрлүүлэн, хараат бус шалгалтад хамрагдах нь зөв.

Ерөнхийлөгчийн эхлүүлж буй энэ жишиг ганц хүний огцролтоор дуусах ёсгүй. Харин Монголын төрд хариуцлага, шударга ёс, улс төрийн шинэ соёл тогтоох эхлэл болох учиртай.

Төрийн тэргүүнээс эхэлсэн хариуцлагын жишиг төрийн бүх шатанд адил үйлчлэх ёстой. " гэлээ.


У.Ану