sonin.mn
Улсын их баяр наадам болоход ердөө сар гаруйхан хугацаа үлдлээ. Уршиг, яршигтай covid-оос болж сүүлийн жилүүдэд наадамдаж чадаагүй. Энэ жил л нэг сайн наадаж сэтгэлийн зэврээгээ арилгах гэж хүлээж ядаж байгаа цаг одоо.
 
Баяр наадам зохион байгуулах хороо хуралдлаа. Наадмын нээлт, хаалтын найруулагч тодорлоо гэсэн. Гэхдээ наадам хоног хоногоор дөхөж байхад үгүйлэгдэх, санаа зовоох юм нэлээд байх шиг.
 
Иймээс баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийг тун яаравчилмаар. Наадмын явцад маргаан багагүй дэгддэг. Энэ наадмын тухай хуульд хөдөлшгүйгээр баримтлах яс заалт нь тааруу байдгаас болдог гэдэг. Даангүй хурдан морины уралдаанд Монгол нь аль юм. Эрлийз нь алив гэх маргааны улмаас наадамчид хуваагдаж зөндөө юм болдог. Саяхан даа. Адууны үүлдэр угсааны маргаанаас болж хэн нэгэн азарганы эрхтэн огтолсон тухай хачин мэдээ цацагдсан даа.
 
Уг нь морин спорт уяачдын холбооны VIII их хурлаар баталсан “Хурдан морины уралдааны дүрэм” хуралд оролцсон уяачдын 70-аад хувийн саналаар эрлийз морьдыг зөвхөн сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулна гэж шийдвэрлэсэн гэх.
 
Гэтэл жилийн наадмаар тэр журмыг баримталсан ч олон арван морь уралдаанаас хасагдаж уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг, бүтэн жил морины уяа сойлго гэж явсан олон хүн уяж ирсэн морио уралдуулж чадахгүй хөтлөөд буцдаг болсон. Иймээс уяачдын хурлын заалтыг баяр наадмын хуулиар баталгаажуулаад өгөхийг олон түмэн хүсээд байгаа юм. Хамгийн наад зах нь морийг үүлдэрлэг байдлаас нь харгалзан уралдуулах боломжгүйг өмнөх үйл явдлууд харуулсан шүү дээ. Бас наадмын нэг амин сүнс болсон бөхийн барилдааныг маргаангүй байлгах хамгийн чухал юм. Манай бөхчүүдийн дунд допингийн хэрэглээ тун ихсэж. Үүнээс болж бөхийн нэр хүнд унаж байгаа төдийгүй наадмын дараах хэл ам тасрахыг байсан. Наадмын түрүү, үзүүр бөхчүүд л допингийн  асуудалд оролцолддог болсон. Цаашлаад аймаг, сумын цолтнуудад тэр гэм халдварлаж хэзээ допингийн шинжилгээ авна аа. Хоёроос гурван бөх хэрэглэжээ л болдог. За тэгээд допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдэд оноох зэм, нийтлэг алаг булагхан явж ирснээс болж бөхчүүдийн дунд хагарал гардаг  боллоо. Тэр нь барилдаан болоход уршиг тарьдаг болсон.
 
Өнгөрсөн жил допингтой бөхтэй барилдахгүй гэж зарим бөх эсэргүүцснээс болж барилдаан саатаж байсан төдийгүй нэг удаа лав барилдаан цуцлагдсан гэдгийг бод доо. Тэгвэл улсын баяр наадмаар ч ийм маргаан дэгдэж магадгүй л дээ.
 
Уг нь Монголын үндэсний бөхийн холбоо энэ бүхэнд дүгнэлт хийж дүрэм журмын шинэчлэл “ хийх л юм. Гэтэл үүнийг нь жадлан эсэргүүцэгчид гарч ирээд л... Харла даа. Улсын арслан Э.Оюунболдын тухай асуудал байна. Нэгэнт л допинг хэрэглэсэн шинжилгээгээр тогтоогдсон байтал шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь ч төгс биш юм шиг. Үүнд нь үндэслээд хоёр дахиа допинг хэрэглэсэн гэж үзээд барилдах эрхийг нь найман жилээр хассан гэдэг.
 
Тэгтэл саяхан спортын арбитр гэдэг байгууллага гарч ирээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй гэж үзсэн гээд аварга цолоо хураалгасан арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ гэсэн мэдээлэл явж байна.
 
Тэгэхээр мань хүн наадмаар би барилданаа гэж зогсож байх л болов уу гэж бодогдох. Ингэвэл нөгөө барилдаан саатдаг байдал давтагдвал наадам ямар болох вэ. Нөгөө сайхан наадах гэсэн наадамчдын сэтгэл зүй шалдаа унана. Иймээс улсын баяр наадмын хуулийнхаа шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтийг яараач гээд байгаа юм. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар саяхан үндэсний барилдааны дүрэм болон ёс зүйн дүрмийг баталжээ. Эдгээр дүрэмд орсон шинэчлэл Улсын баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туслах учиртай. Хуультай байхын ашиг тус эндээс л харагдах болов уу. Хуулийн төслийн сургаар наадмын дөрөв, тав давсан, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэсэн заалт бараг л хуучнаараа юм. Харин уг шинжилгээний хариу ирсний дараа бөхчүүдэд цол олгох процесс явагдана гэжээ. Допингийн шинжилгээний хариу наашлаад гэхэд хоёр сарын дараа ирдэг.
 
Тэгэхээр амжилттай барилдсан бөх наадмаас хойш тийм хугацааны дараа цолоо хүртэнэ гэсэн үг. Үүнийг зөв юмаа гэж бодовч улсын наадмаар аварга, арслан төрлөө гээд цэнгэлдэх дүүрэн баярладаг нэг сүр хүч үгүй болно гэхээр юуны нь цэнгэл баяр вэ гэхээр. Үүнийг бодолцмоор шиг. Шинэ цолтнууд үнэмлэх, тэмдгээ гялалзуулан цэнгэлдэх тойрч наадамчдаа хөглөдөг тэр сайхан агшинг хүмүүс дараа жилийн наадам хүртэл бахдан ярьдаг. Наадам цэнгэлийн энэ сайхан туйл үгүй болох юм бол бас л харамсалтай. Иргэд зөв хууль л шаардаж байна шүү дээ.
 
 
Д.Бичээхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин