sonin.mn
ОХУ-ын Москва хотноо наймдугаар сарын 10-нд эхлэх хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд янз бүрийн шалтгаанаар нэлээд олон шилдгүүд оролцох боломжгүй болоод байна. 
 
Зуун метрийн дэлхийн аваргын цолыг эзэмшиж буй Ямайкийн ойрын зайн хурдан гүйгч Йохан Блэйк, өндрийн харайлтын дэлхийн хошой аварга, Хорватын Бланка Власич, Лондоны олимпийн долоон төрөлтийн алтан медальт Их Британийн Жессика Эннис, Хятадын саадтай гүйлтийн тамирчин, Бээжингийн олимпийн аварга Лю Сян болон 800 метрийн гүйлтийн дэлхий болон олимпийн аварга Кенийн Дэвид Рудиши нар гэмтлийн улмаас Оросын нийслэлд ирж чадахгүй. 
 
Мөн энэ онд дэлхийн гурван удаагийн аварга, Америкийн ойрын зайн гүйгч Тайсон Гэй, Бээжингийн олимпийн алтан медальт, 100 метрийн дээд амжилтыг эзэмшиж байсан Ямайкийн Асафа Пауэлл, түүний нутаг нэгт эмэгтэй гүйгчид Вероника КэмпбеллБраун болон Шерон Симпсон нар сэргээш хэрэглэсэн нь илэрсэн учир дэлхийн аваргад оролцох эрхээ хасуулсан юм. 
 
 
2009 онд 800 метрийн гүйлтийн дэлхийн аварга болж байсан Өмнөд Африкийн Кастер Семеня эрх авах нормативаа ч биелүүлж чадаагүй байна. Тэрбээр хүйсээ тодорхойлуулахын тулд гормоны эмчилгээнд орж байсан. Гэсэн хэдий ч хөнгөн атлетикийн ихэнх одод Лондоны олимпоос хойш анх удаа болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 
 
Тэдний дунд олимпийн зургаан удаагийн аварга (2008, 2012), дэлхийн аваргын таван алтан медалийн эзэн Ямайкийн алдарт гүйгч Усэйн Болт байна. “Цахилгаан” хочит Болтын хувьд хөнгөн атлетикийн түүхэнд нэг олимп (Бээжин-2008) гурван дээд амжилт тогтоосон анхны хүн болсон. 
 
Мөн хоёр олимп дараалан 100 болон 200 метрт түрүүлсэн өвөрмөц амжилтын эзэн. Хэдийгээр ийм өндөр амжилт үзүүлдэг ч 26 настай Ямайк гүйгч хөнгөн атлетикийн хамгийн алдартай төрөл болох 100 метрийн гүйлтийн дэлхий аварга цолыг эзэмшигч биш юм.
 
2011 онд Солонгосын Тэгуд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Болт гараанаас дохио өгөхөөс өмнө түрүүлж гарсны улмаас шинэ дүрмийн дагуу шууд хасагдсан. 
 
Өмнө нь энэ алдааг хоёр удаа давтсан тохиолдолд л хасдаг байжээ. Үүний үр дүнд түүний эх орон нэгт Йохан Блэйк дэлхийн аварга болсон юм. Блэйк дараа жил нь Лондонгийн олимпд 100 болон 200 метрийн гүйлтэд Болтыг баралгүй мөнгөн медаль хүртсэн. 
 
Харин энэ удаа тэрбээр гэмтлийн улмаас дэлхийн аварга цолоо хамгаалж чадахгүй боллоо. Тэгэхээр гараанаас дахин түрүүлж гарчихгүй л бол аварга цолоо эргүүлэн авахад нь Болтод саад хийх хүн байхгүй. 
 
 
Өөр нэг одыг энд дурьдахгүй бол болохгүй гэж бодож байна. Тэр бол олимп, дэлхийн хошой аварга, ОХУ-ын тулгууртай харайгч алдарт Елена Исинбаева яах аргагүй мөн. Исинбаева Бээжингийн олимпийн үеэр 5.05 метр дээгүүр харайж шинэ дээд амжилтыг тогтоосон.
 
Олимпийн энэ дээд амжилт одоо хүртэл эвдэгдээг үй байгаа. Хожим тэрбээр өөрийн амжилтаа нэг см-ээр ахиулжээ. Исинбаева нийтдээ дэлхийн 28 дээд амжилтыг тогтоож байсан юм. 
 
Жилийн өмнө Лондонд Елена Исинбаева олимпийн гурван удаагийн аварга болох мөрөөдлөө биелүүлж чадалгүй хүрэл медаль хүртэж, АНУ-ын Женнифер Сур аваргалжээ. 
 
Түүгээр ч зогсохгүй энэ оны гуравдугаар сард Сур 5.02 метр дээгүүр гарч Исинбаевагийн битүү цэнгэлдэхэд тогтоосон дэлхийн дээд амжилтыг нэг см-ээр ахиулсан юм. Үүнээс харахад Москвад болох аваргын төлөө тэмцэл ширүүхэн болох нь ойлгомжтой байна. 
 
Тэр тусмаа Исинбаева гэртээ болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа их спортоо орхих магадлал өндөр байгаа. Саяхан болсон Оросын аварга шалгаруулах тэмцээнд Исинбаева түрүүлсэн ч 4.75 метрийг гурав дахь оролдлогоороо л арай гэж давжээ. 
 
 
Ямайкийн ойрын зайн эмэгтэй гүйгч Шелли-Энн Фрэйзер-Прайс Москвад гялалзах оддын тоонд орох нь мэдээж. 
 
Зуун метрийн гүйлтэд Усэйн Болт эрчүүдийг давамгайлдаг шиг олимпийн хошой аварга (2008, 2012) Фрэйзер Прайс энэ зайд эмэгтэйчүүдийг ноёлдог гэхэд болно. 
 
Түүнийг биеийн өндөр (1.52 метр) болон тэсрэлттэй хурднаас нь болж “Халаасны пуужин” гэж нэрлэдэг. Москвагийн дэлхийн аваргын өмнө дэгдсэн сэргээшийн хэрэгт Ямайкийн шигшээ багийн гүйгчид орооцолдсоноор Фрэйзер Прайст аваргын титэм зүүхэд саад хийх өрсөлдөгч бараг байхгүй болсон гэхэд болно. 
 
Түүний гол өрсөлдөгч Лондоны олимпийн мөнгөн медальт АНУ-ын гүйгч Кармелита Жетер болон 200 метрийн дэлхийн аваргын цолыг эзэмшиж буй Эллисон Феликс нар байх болов уу. Гэхдээ энэ улирлын дэлхийн бүх дээд үзүүлэлтийг Фрэйзер Прайс эзэмшиж байгаа.
 
 
Б.Мишээл 
 
Эх сурвалж: