
АФИН, 2025 оны тавдугаар сарын 6 /DW/. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээний цагийг хянах, насыг нь цахим платформ болон нийгмийн сүлжээнд тодорхойлж баталгаажуулах “Kids Wallet” гэдэг гар утасны аппликейшнийг Грекийн Засгийн газар даваа гарагт гаргажээ.
“Бид эцэг эхчүүдэд хүүхдүүдээ цахим орчинд хамгаалах хүчирхэг хэрэгслийг өгч байна” гэж Цахим засаглалын сайд Димитрис Папастергиу Афин хотноо шинэ цахим хэрэгслийг танилцуулах үеэрээ хэлсэн байна.
Ерөнхий сайд Кириакос Мицотакис энэхүү санаачилгыг дэмжиж байгаагийн сацуу гэр бүлийн амьдралд технологиос үүдэн учирч буй нөлөөллийн талаар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. “Зоогийн газарт эцэг эх, хүүхдүүд нь бүгд утсаа ширтэн сууж байгаа гэр бүлүүдийг хараад тэднийг хэзээ, хэрхэн хоорондоо яриа өрнүүлдгийг гайхдаг” гэж тэрбээр ярьсан байна.
Эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагагүй болсон насыг 15 гэж тогтоосон бөгөөд уг программыг сайн дурын үндсэн дээр ашиглах боломжтой.
Цахим орчинд өнгөрүүлэх цагийг хязгаарлах зорилго бүхий ижил төстэй программ хангамжийн хэрэгслүүдийг олон арван жилийн турш худалдаанд гаргасаар ирсэн боловч засгийн газрууд өөрсдийн цахим шийдлүүдийг гаргахаар ажиллах нь ховор хэвээр байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Австралийн парламент хүүхэд, өсвөр насныхны нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарласан хуулийг баталж, зөвхөн 16 ба түүнээс дээш насныханд ашиглахыг зөвшөөрсөн юм.
“Kids Wallet” программыг татвар төлөх, хүнд суртлыг арилгах зэрэгт хэдийн өргөнөөр хэрэглэгддэг болсон төрийн үйлчилгээний платформтой нэгтгэсэн бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан цахим танилт нэвтрэлтийн системийг дэмжин ажилладаг ажээ.
Уг аппликейшнийг хүүхдийнхээ гар утсанд татаж авсны дараа эцэг эхчүүд татварын цахим бүртгэлээ ашиглан эцэг эх, хүүхдийн хаяг үүсгэх боломжтой. Ийнхүү нэвтэрсний дараа хүүхдээ аль аппликейшн, цахим хуудсанд хандаж болох, мөн өдөрт хэр их цаг зарцуулахыг тохируулна. Дараа нь эцэг эх нь төрийн үйлчилгээний албан ёсны платформ дээрх хаягаараа дамжуулан шаардлагатай бичиг баримтыг байршуулснаар хүүхдийнхээ насыг баталгаажуулж, насанд хүрээгүй хүүхдэд “дижитал үнэмлэх” үүсгэх ажээ.
Грекийн KMOP судалгааны байгууллагын 2024 оны судалгаагаар 9-12 насны хүүхдүүдийн 76.6 хувь нь хувийн төхөөрөмжөөр интернэтэд холбогддог, 58.6 хувь нь өдөр бүр нийгмийн сүлжээний платформуудыг ашигладаг, 22.8 хувь нь зохисгүй агуулга бүхий контентыг үздэг болохыг тогтоожээ.
Тус улсад хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн засгийн газрын өргөн хүрээний арга хэмжээнүүдийн хүрээнд гаргасан уг аппликейшн нь хүүхдүүдийн цахим хамгаалалтыг бэхжүүлэх тухай Европын Холбооны төлөвлөгөөтэй ч мөн нийцэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0