sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 7 /Reuters/. АНУ, Хятадын албаны хүмүүс дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд дэгдээд буй худалдааны дайныг намжаах зорилгоор энэ долоо хоногт хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ. Швейцарт энэ сарын 9-12-ны өдрүүдэд болох хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Уулзалтад Вашингтоныг төлөөлөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар оролцох ажээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хүртэлх хувийн импортын татвар ногдуулсан юм. Үүний хариуд Бээжингийн засаг захиргаа Америкийн зарим бараанд 125 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн билээ. 


Олон улсын шинжээчид яриа хэлэлцээ олон сарын турш үргэлжилнэ гэж таамаглаж байгаагаа BBC телевизэд ярьжээ. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн нэгдүгээр сард болсон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцсоноос хойших анхны өндөр түвшний уулзалт хэлэлцээ нь энэ болох юм. С.Бессент АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон улсын эдийн засгийн тогтолцоог тэнцвэржүүлэхийг эрмэлзэж байна хэмээн хэлжээ. “Миний бодлоор энэ бол томоохон худалдааны хэлэлцээрийн тухай биш, харин хурцадмал байдлыг намжаах тухай яриа байх болно, гэхдээ бид урагшлахын тулд хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй” гэж тэрбээр Fox News-т ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.


Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч лхагва гаргийн өглөө хэлэхдээ, хэрэв АНУ асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг хүсвэл дангаар авсан тарифын арга хэмжээ нь өөрт нь төдийгүй дэлхий дахинд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.


Бээжингийн засаг захиргаа дэлхий нийтийн хүлээлт, улс орныхоо ашиг сонирхол, Америкийн бизнес эрхлэгчдийн уриалга зэргийг бүрэн дүүрэн харгалзан үзсэний үндсэн дээр АНУ-тай холбоо тогтоохоор шийдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлсэн байна. Мөн Хятад улс яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгааг дурдсан боловч хэрэв АНУ худалдааны дайныг үргэлжлүүлэхээр шийдсэн бол эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн дахин мэдэгджээ. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг