
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны тавдугаар сарын 7 /BBC/. Олон улсын хил дамнан урсаж буй усны урсгалыг зогсооно гэж Энэтхэг улс мэдэгджээ. “Одооноос эхлэн Энэтхэгийн ус Энэтхэгийн тусын тулд урсах бөгөөд түүнийг Энэтхэгийн хөгжил дэвшлийн төлөө ашиглах болно” гэж Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт мэдэгдсэн байна.
Тэрбээр Пакистаны талаар тусгайлан дурдаагүй боловч Энэтхэг улс хөрш оронтойгоо 65 жилийн өмнө байгуулсан усны гэрээний хэрэгжилтийг түр зогсоосноос хойш хоёр долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийлээ.
Өнгөрсөн сард Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир мужид жуулчид руу зэвсэгт этгээдүүд халдсаны дараа Энэтхэг, Пакистаны харилцаа эрс хурцадсан юм. Энэтхэгийн зүгээс Пакистаныг хил дамнасан терроризмыг дэмжиж байна хэмээн буруутгаж байгаа бол Исламабадын засаг захиргаа үүнийг эрс няцааж байна.
Энэтхэгээс Пакистан руу хэд хэдэн гол урсаж, тэндхийн фермүүдийн 80 орчим хувийг усаар хангадаг. Пакистаны эрх баригчдын зүгээс, усны урсгалыг зогсоох аливаа оролдлогыг “дайн өдөөсөн үйлдэл” хэмээн үзэх болно гэж өмнө нь анхааруулж байлаа.
1960 онд Энэтхэг, Пакистаны хооронд байгуулсан "Инд мөрний сав газрын зургаан голын усыг хуваан хэрэглэх тухай гэрээ" /IWT/ нь цөмийн зэвсэгтэй хоёр гүрний хувьд хил дамнасан усны менежментийн жишиг болж иржээ. Харин Н.Моди гэрээг түр зогсоосон нь 26 энгийн иргэний аминд хүрсэн халдлагын дараа Пакистаны эсрэг авсан хэд хэдэн арга хэмжээний нэг байв.
Энэтхэг улс илүүдэл усыг хэрхэн ашиглахаар төлөвлөж байгаа талаар Ерөнхий сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд мэргэжилтнүүд тус улс усаа хадгалахын тулд илүү олон далан, усан сан, нуур барих шаардлагатай, тэдгээрийг барихад цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байна.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын зүгээс хүлээц тэвчээртэй байхыг дахин уриалахад хүргэжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мягмар гаргийн үдээс хойш сэтгүүлчдэд хэлэхдээ, Өмнөд Азид энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө ажиллахыг Пакистан, Энэтхэгийн талд бид уриалсаар байна гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
ЭНЭТХЭГ ХОЁР МИЛЛИАРД ХҮНТЭЙ ПАКИСТАН ГУРВАН ЗУУН САЯ
Индас мөрний хөвөөнд эрэлхэг баатар Желал Аддин морьтойгооо хадан цохионоос үсэрч орсон гэдэг. Үүнийг харсан Чингис хаан хөвгүүд , баатруудынхаа өмнө түүнийг нэхэн хөөх хэрэггүй гэж зарлиг буулгасан. Түүхийн хуудаст Индас мөрөн гэж бичсэн тэр голыг одоо Пакистан, Энэтхэг хоёр булаалдаж дайдах дээрээ тулав.
Лалын хэт даврагчдыг өөгшүүлэн дэмжигч нь Пакистан байж ирсэн нь үнэн шүү дээ.Афганистаны талибуудыг Пакистан л орогнуулж байсан. Одоо дарваганаж байж муугаа үзэх нь дээ.Украйн шиг дарваганаж байж украйн шиг л болно шүү дээ.