sonin.mn

Шүүхийн шийдвэрээр менежментийн багт шилжих ёстой өмчийг нэг нэгээр нь устгаж, зарж, нурааж байна.

 

Өчигдөр Зайсан дахь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа сувиллыг нурааж эхлэв. Үүнээс өмнө тус төвийн Нэгдүгээр хороолол дахь эмнэлгийг хаасан. Мөн тус клиникийн харьяа, Монголд уламжлалт эм үйлдвэрлэлийн анхдагчдын нэг болох эмийн үйлдвэрийг нурааж, газрыг нь дуудлагаар худалдаалсан.


Учрыг нь нарийн мэдэхгүй хүмүүс өнгөн талаас нь харвал тусдаа мэт боловч цаанаа нэг л асуудал руу хөтөлж байгаа юм. Нэгдүгээрт, олон түмэнд үйлчилдэг, өвчтэй хүмүүсийг эмчилдэг эмнэлэг сувиллын газар.


Хоёрдугаарт Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу менежментийн багт шилжих ёстой өмчийг устгаж, үгүй хийж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад түүнийг хэрэгжүүлэхгүйгээр өмчийн хувь заяаг өөрөөр шийдэж болохгүй гэдэг угтаа бол хэнд ч тодорхой. Гэвч ийм биш байгаа учраас хотын дарга Б.Пүрэвдагвад тодорхой мэдээлэл өгөхийн зэрэгцээ шаардлага хүргүүлж байна.

 

Дээд шүүхийн шийдвэрийг хэн хэрэгжүүлэх вэ?


Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэхээр тодорхой заасан. Мөн Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан.


Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ч мөн адил тодорхой зохицуулалт бий.


Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь төрийн байгууллага, албан тушаалтны үзэмжийн асуудал биш. Гэтэл Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалтай холбоотой маргаанд Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш арав гаруй жил өнгөрсөн ч уг шийдвэр бүрэн хэрэгжээгүй байна. Харин энэ хугацаанд шүүхийн шийдвэрээр менежментийн багт шилжих ёстой өмчийн нэг хэсэг нь хаагдаж, нэг хэсэг нь дуудлагаар худалдаалагдаж, одоо бүр нурааж эхэллээ. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хугацааг ашиглаад маргааны зүйл болох өмчийг үгүй хийчихвэл шүүхийн шийдвэрийг хэзээ, юугаар хэрэгжүүлэх вэ?

 

Энэ маргаан хаанаас эхэлсэн бэ?


Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал Монгол Улсын Их Хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол болон нийслэлийн холбогдох тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд явагдсан. Сонгон шалгаруулалтад Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн баг шалгарч, 2008-2011 онд нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан ажилласан.


Менежментийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг Нийслэлийн өмч хувьчлах комисс 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хэлэлцэж, гэрээний биелэлтийг “хангалттай” гэж дүгнэсэн байна.


Эндээс цааш менежментийн хувьчлалыг хууль, гэрээнд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлэх учиртай байсан. Гэтэл нийслэлийн өмчийн харилцааны газар дуусгавар болголгүй, менежментийн гэрээний гүйцэтгэлтэй холбоогүй үндэслэлээр тогтоол гаргасан. Иймээс гэрээний үүргээ ягштал биелүүлж ажиллаж ирсэн Менежментийн багийн хувьд шүүхэд хандахаас өөр сонголт үлдээгүй.

 

Гурван шатны шүүх юу гэж шийдсэн бэ?


Энэ бол хотын дарга таны анхааралд хүргэх хамгийн чухал асуулт. Анхан шатны шүүхээс Нийслэлийн өмч хувьчлах комиссын холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлалыг шийдвэрлэхийг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасан байна.


Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 142 дугаар магадлал болон Улсын Дээд шүүхийн 2015 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хяналтын шатны шийдвэрээр хэвээр үлдээжээ.


Өөрөөр хэлбэл, энэ асуудлаар шүүхийн гурван шат дамжсан маргаан эцэслэн шийдэгдсэн. Цаашлаад уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 97 дугаар албадан гүйцэтгэх хуудас гарч, албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Гэтэл 2026 он хүртэл шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжээгүй байна. Харин энэ хугацаанд өмчийг нурааж, хааж, худалдаж эхэлсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад ингэж болох үү?

 

Х.Нямбаатарын үед гарсан шийдвэрийг хотын шинэ дарга үргэлжлүүлэх үү?

 

Шүүхээр 2 жил шат шат дамжин хэлэлцэгдэж эцэслэн Дээд шүүхээс гарсан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатарын захирамжаар /2025.03.26-ны А/371/ байгуулсан ажлын хэсэг 24 цагийн дотор хуулийн үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Ингэж нэг өдрийн дотор гаргуулсан дүгнэлтээрээ тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарын зүгээс УДШ-ийн шийдвэртэй холбоотойгоор дахин хянуулах хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 29-нд Улсын Дээд шүүхэд гаргасан байдаг.


Улсын Дээд шүүх уг гомдлыг хэлэлцээд үндэслэлгүй гэж үзэн шийдвэрлэсэн байна.


Гэтэл одоо ч хотын хуучин удирдлагын үед явагдаж байсан УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн эсрэг ажиллагаагаа зогсохгүй байгааг бид гайхан харж байна. Өмнөх хотын даргын үед эхэлсэн гэх хууль зөрчсөн ажиллагааг та үргэлжлүүлэх үү? Эсвэл шинэ удирдлага хууль дээдлэх зарчмыг баримталж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх үү? Шүүхийн шийдвэрээр Менежментийн багт шилжих ёстой өмчийг нурааж, худалдаж, устгасны дараа шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх вэ гэдэг хариултыг Б.Пүрэвдагва дарга та бидэнд өгнө үү?

 

35 жил ажилласан эмнэлгийн хаалгыг барьж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв бол Монголын уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг сэргээж, орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд байгуулагдсан байгууллага. Эмнэлэг, сувилал, эмийн үйлдвэр, сэтгэлзүйн эмчилгээ, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг нэг дор цогц хэрэгжүүлж, Монголын ард түмнийхээ эрүүл энхийн манаанд тасралтгүй 35 жил ажилласан.


Тус төвийн харьяа эмийн үйлдвэрт 200 гаруй нэр төрлийн эм, тан үйлдвэрлэж байсан, сэтгэлзүйн эмчилгээг олон жил явуулж ирсэн нь зөвхөн нэг байгууллагын өмчийн асуудал биш, эрүүл мэндийн салбарын өв, туршлага, хүний нөөцийн асуудал мөн.


Төрийн бодлогоор байгуулсан байгууллагыг төрийн бодлогын хүрээнд менежментийн хувьчлалд оруулсан. Шүүхээр маргаан нь шийдэгдсэн. Одоо үлдсэн ганц зүйл нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх явдал.  Гэтэл сувиллыг нурааж байгаа асуудлаа нийслэлийн удирдлага хэрхэн тайлбарлах вэ. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Хатанбаатарт менежментийн гэрээний үр дүнгийн дагуу хувьчлах тогтоол гаргах замаар хувьчлах объектуудад үйл ажиллагаагаа тогтмол хэвийн явуулж байсан эмийн үйлдвэр, эмнэлэг сувилалд ажиллаж байсан эмч сувилагч ажилтнуудыг мөн өвчин шаналлаа илааршуулан эмчлүүлж буй өвчтөнүүдийг цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дайчлан хүчээр хөөж гаргах эд хогшлыг нь хураан авах ажиллагаа явуулсан.


Эмнэлэг, сувилал, эмийн үйлдвэрийг хаасантай холбоотойгоор 140 гаруй хүний ажлын байрны асуудал яригдаж байна.


Түүнчлэн тус клиник төвөөр дамжуулан элэгний өвчлөлөө тогтмол эмчлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг авдаг жилдээ хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор үзүүлж хяналтад явдаг байсан, эмнэлэг сувиллын эмчлүүлэгчид нийт 30000 /гучин мянга/ гаруй өвчтөнүүдийн эрүүл мэндийг ноцтой хохироосны хариуцлагыг хэн хүлээж, хохирлыг хэн барагдуулах вэ?

 

Б.Пүрэвдагва дарга та УДШ-ийн шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэх вэ?

 

Хотын шинэ дарга танаас бид хууль бус зүйл хүсээгүй. Ердөө л УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэдэг асуудлыг л тавьж байна. Хүчин төгөлдөр УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх. Энэ бол шинэ хотын даргын хувьд өмнөх удирдлагын үйл ажиллагааг зөвтгөх эсэх тухай маргаан мэтгэлцээн биш. Иргэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг бол нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн өмчийн байгууллагууд мөн адил үүрэгтэй гэдэг асуудал.


Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр нийслэлийн удирдлагад үйлчилдэггүй бол эрх зүйт төрийн тухай ярих үндэслэл үлдэх үү. Та


Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Танаас нэгдүгээрт, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалтай холбоотой Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нийслэл хэзээ, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Хоёрдугаарт, УДШ-ийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн эсрэг ажиллаж, эмнэлгийн зориулалтыг өөрчилж, өмчийг нь үгүй хийж, эцсийн дүндээ эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдийн эрх ашгийг хохироож байгааг таслан зогсоохыг шаардаж байна.

 



Хүндэтгэсэн

Менежментийн багийн ахлагч, ардын эмч, доктор Ж.Хатанбаатар

Улаанбаатар хот 2026.08.20