Европын Холбоонд /ЕХ/ элсэх асуудлаарх хэлэлцээг сэргээхийн эсрэг Исландын иргэдийн 52.8 хувь нь саналаа өгсөн бол 47.2 хувь хэлэлцээг сэргээх засгийн газрын санаачилгыг дэмжжээ. Энэ тухай DW мэдээлснийг эш татан Kazinform агентлаг дамжууллаа.
Бүх нийтийн санал асуулгад Исландын 400 мянган оршин суугчдаас 270 мянга гаруй нь оролцсон бөгөөд саналын хуудасны 0.7 хувь хүчингүй болжээ.
2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Исланд улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ өгсөн байна. Гэвч 2013 онд евроскептикүүд буюу тус холбооны бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг улстөрчид засгийн эрхэнд гарснаар элсэх асуудлаарх хэлэлцээ тасалджээ. Хэрвээ хэлэлцээг сэргээхийг хүсэгчид энэ удаагийн санал асуулгад ялсан бол эхлээд элсэх асуудлаар хэлэлцээрийг ЕХ-той байгуулна. Дараа нь тус холбоонд элсэх асуудлаар дахин нэг бүх нийтийн санал асуулга болох байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландыг нэгтгэхээр сүрдүүлж, мөн инфляц ба зээлийн хүү өсөж буй энэ үед исландчууд ЕХ-нд элсэх асуудалд болгоомжтой хандах болжээ. Үүний зэрэгцээ загас агнуурын салбартай холбоотой болгоомжилсон хандлага хэвээр байгаа юм.
Исланд улс ЕХ-ны гишүүн биш боловч Шенгений бүс ба Европын эдийн засгийн бүсэд хамаардаг. Энэ удаагийн референдумын өмнө Maskína компанийн явуулсан санал асуулгаар, ЕХ-нд элсэх хэлэлцээг сэргээхийг оролцогчдын 51.3 хувь нь дэмжиж, 48.7 хувь нь эсэргүүцэж байна гэсэн дүн гарсан юм.
Б.Адъяахүү
Даваа - 08 сарын 31,
2026
Сэтгэгдэл0