Дэлхийн банк, санхүүгийн салбарынхны манлайлал, ур чадвар, санхүүгийн үзүүлэлт, олон улсад өрсөлдөх чадавх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан, шилдгүүдийг тодруулдаг “International Finance Awards”-аас Голомт банкийг 2026 оны Монгол Улсын “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК” болон “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК”-аар тус тус шалгарууллаа.
Их Британид төвтэй International Finance санхүүгийн сэтгүүлийн International Finance Awards нь Голомт банкны инновац, засаглал, дэд бүтэц, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад ололт амжилтуудыг онцлон ийнхүү хоёр төрөлд шилдгээр тодруулсан юм.
Аливаа байгууллагын урт хугацаанд оршин тогтнох үндэс нь сайн засаглал байдаг бөгөөд Голомт банк компанийн засаглалын хамгийн өндөр стандартыг хэрэгжүүлэх зарчмыг тууштай баримталсаар ирсэн билээ. Тухайлбал, олон улсын хөрөнгийн зах зээл дээр бондууд гаргасан нь банкны ил тод, нээлттэй байдал, хариуцлага, санхүүгийн удирдлагын өндөр стандартыг баримтлах Голомт банкны зорилгыг бэхжүүлээд зогсохгүй Монгол Улс болон олон улсын оролцогч талууд бидний үйл ажиллагаанд итгэх итгэлийг бататгасан юм. Түүнчлэн Голомт банкийг дэлхийн хэмжээнд найдвартай, сайн засаглалтай байгууллага болохыг нотолж, олон улсын хөрөнгө оруулагчид болон түншүүдийг татах чадавхыг бэхжүүлж байна.
Харилцагч төвтэй үйлчилгээний хамгийн гол цөм нь харилцагч хүссэн газраасаа, хүссэн цагтаа банкны үйлчилгээг саадгүй авахад оршино. Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ банкны бүх сувгаар харилцагчдадаа хүргэхдээ Монгол Улсын банкны үйлчилгээний кодексыг үйл ажиллагаандаа мөрддөг бөгөөд харилцагчийн эерэг замналыг бий болгож, сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх, үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхааран ажиллаж байна. Өнгөрсөн онд Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ олон улсын стандартуудыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Чанарын менежментийн тогтолцоо /ISO 9001:2015/ стандартыг Франц улсын AFNOR групп, Үйлчилгээний төгөлдөршил /ISO 23592:2021/ стандартыг Олон улсын сургалт, баталгаажуулалтын “МонСертф” ХХК байгууллагаар тус тус баталгаажуулж, албан ёсны гэрчилгээгээ гардан авсан юм.
Голомт банк цаашид ч ахиц дэвшлээ тууштай хадгалж, тасралтгүй урагшлан банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч нь байж, харилцагчдад хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ үргэлж шинэчлэн сайжруулж, нээлттэй, ил тод байдлаа бэхжүүлэн ажиллах болно.
Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллагууддаа баярлалаа.
Дэлхийн жишиг Монголын банк
Лхагва - 09 сарын 02,
2026