САН-ПАУЛУ, 2026 оны аравдугаар сарын 29 /Reuters/. Бразилын сенатч Флавио Болсонару АНУ-д лхагва гарагт очсоныхоо дараа өөрийгөө Бразилын хууль ёсны удирдагч хэмээн зарлажээ. Тэрбээр өөрийгөө ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн сая гаруй саналын зөрүүгээр ялсан Луис Инасиу Лула да Силва болон Дээд шүүхийн зохион байгуулсан "сонгуулийн эргэлт"-ийн хохирогч болсон гэж мэдэгдсэн байна.
Ф.Болсонару паспортоо хураалгах тухай Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, Бразилаас гарч АНУ-ын Майами хотод иржээ. Тэрбээр АНУ-д очиход нь тусалсан Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей болон өөрт нь, гэр бүлийнхэнд нь тус улсад нэвтрэх виз олгож, хүлээн авсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарт талархал илэрхийлсэн байна.
Ф.Болсонару эхлээд X нийгмийн сүлжээнд нийтэлсэн нээлттэй захидалдаа өөрийгөө “сонгогдсон ерөнхийлөгч” хэмээн зарласан байна. Гэвч удалгүй уг захидлаа устгаж, шинэчлэн нийтэлсэн хувилбартаа өөрийгөө Бразилын хууль ёсны “удирдагч” хэмээн тодорхойлжээ. “Надад саналаа өгсөн 60 сая сонгогч төдийгүй Бразилын нийт ард түмэнд хандаж хэлэхэд, би бол Бразилын удирдагч мөн. Харин Бразилын сонгуулийг ялалтыг хулгайлсан гэмт этгээдүүд бол дарангуйллыг тогтоосон гэмт бүлэглэлийн гишүүд юм” гэж тэрбээр захидлынхаа шинэчилсэн хувилбарт дурдсан байна.
Лула да Силва сонгуульд ялсан болохыг Бразилын Холбооны сонгуулийн шүүх, дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын ажиглагчид болон Ф.Болсонаругийн өөрийнх нь нам хүлээн зөвшөөрсөн байна.
Бразилын сонгууль хууль тогтоомж, Үндсэн хуулийн бүх шаардлагад бүрэн нийцэж явагдсан гэж тус улсын сонгуулийн байгууллагын тэргүүн Кассиу Нунис Маркес мэдэгдэлдээ дурджээ. Гэхдээ тэрбээр Ф.Болсонаругийн захидлын талаар дурдаагүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас Ф.Болсонаругийн мэдэгдлийн талаар тодруулахад тэрбээр тайлбар өгөхөөс татгалзсан боловч Бразилын сонгуулийг “тун хачирхалтай сонгууль болсон” хэмээн өмнө нь илэрхийлж байсан байр сууриа дахин давтжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл0