БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Фү Цун аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ираны цөмийн асуудлаарх нээлттэй хуралдаанд үг хэлж, АНУ, Ираныг гал зогсоож, хэлэлцээгээ сэргээхэд олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлт гаргахыг уриаллаа.
Тэрбээр Ойрх Дорнодын нөхцөл байдал улам хурцдаж, сөрөг үр дагавар нь бүс нутгаас хальж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг анхааруулав. АНУ, Ираны хэлэлцээ мухардалд орсон энэ үед Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулах тухай мэдэгдлүүд хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж, түгшүүр төрүүлж байгааг онцолжээ.
Фү Цун Ираны цөмийн асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрэх боломжийг алдсаныг дурдаад, талууд өнгөрсөн туршлагаас сургамж авч, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан маргааныг улс төр, дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэв. Үүний тулд гал зогсоох, хэлэлцээг сэргээх, дипломат хүчин чармайлтыг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Мөн Иран улс цөмийн зэвсэг бүтээхгүй гэсэн амлалтаа биелүүлэх ёстойг онцлохын зэрэгцээ Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэн орсон улсын хувьд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах эрхийг нь хүндэтгэх шаардлагатай гэжээ.
Түүнчлэн Олон улсын атомын энергийн агентлагийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг сэргээхэд Иранд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг бодитойгоор харгалзан үзэж, тус агентлаг болон Ираны хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалсан байна.
Фү Цун АНУ-ыг Ираны эсрэг дахин цэргийн хүч хэрэглэхгүй байх баталгаа гаргаж, цэргийн сүрдүүлэггүй нөхцөлд олон улсын цөмийн хяналт, шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх орчин бүрдүүлэхийг мөн уриалжээ.
Г.Бямба
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл0