Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, барилгажуулах асуудал дэлхийн 2-р дайн дууссаны дараа яригдаж эхэлжээ. Энх цаг ирсэн хэдий ч манай улс энэ дайнд Зөвлөлт Холбоот Улсыг дэмжин чадах бүхнээ шавхсан тул хөрөнгө мөнгө ч муутай байсан болохоор нийслэлээ хөгжүүлэх тухай санаа байвч сачий л хүрээгүй л болов уу? Зөвлөлт гүрэн ч өөрөө дайнд сүйдсэн амьдралаа сэргээн босгох гээд маньдаа манатай байсан цаг. Нийслэлийн төв хэсгээр олзны япончуудаар бариулсан цөөн хэдэн байшинг эс тооцвол хотыг барилга байшин гэх юм тоотой байжээ.
1940-өөд оны нийслэлийн төв талбай. Энэ үед нийслэлийн хүн амын тоо 30 мянга гаруй болж 10 жилийн өмнөхөөсөө даруй 3 дахин өсчээ.
1949 онд өмнөд хөршид Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхаглаж, тэд бээр ах дүү Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улстай нэгэн адил “коммунист” нийгэм байгуулахаар “зориг шулуудсан” тул манай гурван улс “ахан дүүс” болжээ.
1952 онд Ю.Цэдэнбал Бээжинд айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 1950-иад оны дунд үеэс Монгол улсыг хөгжүүлэх, түүний дотор нийслэлийн төв хэсгийн барилга байгууламжуудыг барих ажил БНХАУ-ын тусламжтайгаар эхлэхээр болж, 1955 онд тусгай хэлэлцээр байгуулсан аж. Ингээд хойд жил нь 1956 онд л болов уу, 8 мянган барилгачин хятадууд ирсэн байна.
Тэд ажлаа эхэлж амжаа ч үгүй байсан юм болов уу даа, яг энэ үеэр, ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн А.Микоян гэдэг Зөвлөлтийн том удирдагчдын нэг Хятадад айлчлаад буцах замдаа манай нийслэл хотоор дайрч гарахдаа өөрт нь олон жил үнэнч холбоотон байсан Монгол улсын нийслэлийн байж байгаа халтар хултар царайг хараад их “өрөвдсөн” бас “гутарсан” гэх бөгөөд тэднийг ч өөрсдийг нь ичгүүртэй байдалд оруулж байсан тул санаа нь зовсон тэрбээр, Зөвлөлт гүрэнд бүхнийг шийдэгч Улс төрийн Товчоондоо манай орныг хариуцдаг гишүүний хувьд уг асуудлыг улсынхаа хамгийн дээд төвшинд гаргаж тавьснаар хүчээ авсан тухай Баабарын “Монгол Түүх” номонд бичсэн байдаг. Хятадууд Монголд туслаж, Улаанбаатарыг барьж байгуулж байхад бид ийм ичгүүртэй байж болохгүй, Монголд туслах ёстой гэж Кремлийн удирдагч Н.Хрущев нар шийдсэн байна.
А.Микояны харж, “өрөвдсөн” бас “гутарсан” тэр үеийн манай нийслэл хот. 1956 он.Энэ үед хүн амын тоо 100 мянга ч хүрээгүй байж.
1950-иад оны дунд үеэс 1960-аад оны дунд үеэс хүртэл хугацаанд хятадын барилгачид Улаанбаатарын төв гудамж-Энхтайваны өргөн чөлөө, Улсын Их дэлгүүр, орон сууцны 50 мянгат, Бага Тойрог, 120, 220 мянгат зэрэг хороолол, эмнэлэг сургууль, үйлдвэр завод, албан байгууллагууд, Энхтайваны гүүр, авто замууд гээд олон барилга байгууламж барьж, ашиглалтад оруулжээ.
1961 он. Энхтайваны гүүрийг 1958 онд барьж эхлүүлэн 1961 онд ашиглалтад оруулжээ. 120 мянгатын орон сууцны хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн сураг ч алга.. (Америкийн гэрэл зурагчин Дин Конгер (Dean Conger). National Geographic.1962 он ) Энэ онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнөхөн хүн амын тоо 100 мянгын босгыг давжээ.
Түүнээс хойш удалгүй Зөвлөлт, Хятад хоёр орны харилцаа муудаж Монгол, Зөвлөлт (өнөөгийн Орос Улс) хоёр улс улам дотносов. Хятадын орхиж байгаа энэ хоосон орон зай нь Зөвлөлтүүд манайд нөлөөгөө улам бэхжүүлэх таатай нөхцөл бүрдүүлжээ. Үүнийгээ үзүүлэх нэг том талбар бол нийслэл хот гэдэг нь ойлгомжтой байх.
Улмаар 1960-аад оны эхээр Москва хотын “Гипрогор” ч бил үү нэгэн институтэд бүтээсэн Улаанбаатар хотыг хөгжүүлж барилгажуулах эхний хувилбар макет загвар намайг жоохон хүүхэд байхад Улсын Барилгын Зургийн Институтийн үүдний танхимд байдаг байлаа. Манай 23-р сургууль, Бага тойрог дахь байр хоёрын яг дунд Зургийн Институт байх тул тэдний хэвлэх үйлдвэрт нь ажилладаг нагац эгч З.Харнүдэн дээр очиж зураг зурах ватуум гэдэг хатуу орос цаас авдаг байсан юм. Тэнд байсхийгээд л очдог тул тэр загварыг олон удаа харсан. Бас найз нөхдөө дагуулж очиж харуулдаг байсан. Үүдний танхимын голд зассан том тавцан дээр хөөрхөн жижигхэн цагаан байшингууд өрөөстөй. Дөрвөн уулын дунд дүүрэн гэхдээ тун эмх цэгцтэй байшин барилгууд байх.
Тэртээ олон жилийн өмнөх тэр макет, тоо баримтыг яагаад сайн санаад байна гэхээр нэгд олон удаа харсных, харах бүртээ тэр тайлбар сэлтийг уншдаг, хоёрт зүгээр хараад өнгөрдөггүй найз нөхөдтөйгөө энэ талаар ярилцаж байсан байж таарна. Тэгж байсан санагдаад байгаа юм. Жоохон амьтад хөөрхөн л юм мөрөөдөцгөөдөг байсан биз. Төслөөр бол Улаанбаатар хот нь 1980 гэхэд 500 мянган хүн амьдрах 21 иж бүрэн хороололтой, тэр бүр нь дотроо сургууль цэцэрлэг, яслитай, үйлчилгээний төвүүдтэй орчин үеийн бүрэн барилгажсан, одоо яригдаад байгаа нөгөө “20 минутын хот” гэдэг систем бүхий урбан хот байгуулахаар төлөвлөж байж, Аль тэртээ 60-аад жилийн өмнө. Төслийн санал явж байх үед нийслэлийн хүн ам цөөхөн 250 мянга орчим. Орон сууцны хороолол нь хотын төв хэсэгт Бага Тойрог, 40,50 мянгат, зүүнтээ 12,15-р микро район, урагшаа 120 мянгат, Дунд голын хойхно 220 мянгат, баруун урд Төмөр замын тосгон гэсхийгээд дуусаа. Гэр хороолол давамгайлсан жижигэвтэр хот байж. Хотын баруун зах нь “Төмөр замын 25-р аптек” хүрээд цаашаа эзгүй хоосон талбай цэлийж тээр хол Толгойт, Мах комбинат сүүмэлзэнэ. Автобус зогсолтгүй чигээрээ давхисаар байгаад “Толгойтын 5 шар”-ын гадаа сүн гээд л бууна. “Өнөр” буюу 1-р хороолол, “Москва” болон 10, 13-р хороололууд бол бүр сураггүй. Одоогийн 3,4-р хороололын газар дээр “500 айл” гэж нэрлэдэг битүү гэр хороолол байсан. Гэр хороололоос өмнө тэнд хүн тавьдаг зэлүүд дэнж байсан гэж ахмадууд ярьдагсан.
1957 оны Бага Тойрогийн байдал.
Хотын төвөөс тун холгүй, баруун хойд хойморт хятадууд бөөнөөрөө шавааралдан суудаг “Есөн гудамж” гэдэг навтгар шавар тагзаар дүүрсэн бохир хороолол байх ба тэнд шөнө дөлөөр ганцаар явж болохгүй цагаан хувцастай чөтгөр байдаг гэнэ гэж цуурах тул хүүхэд хөгшидгүй тийшээ зүглэх нь хомс. Түүний урдхан, замын гараад “Хятад Шийянз” гэгч байх нь, тухайн цагтаа хятад иргэдийн “Соёлын төв” маягийн юм байсан гэдэг. Харин бидний хүүхэд ахуй цагт бол мөн л бохир гудамж бүхий зах зээлийн газар болж хувирсан юм. Тэнд самар зардаг өвгөн хужаануудын самраас атган зугтдагсан. Одоо бодохоор, адилхан л амьдрах гэж зүтгэж байсан хүмүүсээс хумсалж байснаа бодохоор тэднийг өрөвддөг юм.
Наад талд нь хятадуудын “Есөн гудамж” гэдэг хороолол харагдана.
1960 оны дунд үеийн нийслэл хотоо үгээр зураглавал, хойд зүгтээ Пионерийн Ордоноос (Одоогийн Хүүхдийн урлан бүтээх Төв) хойш гэр хороолол 5 буудал хүрээд цаашаа 7 буудал хүртэл айл цөөхөн дөө. (1961 оны дээрхи зураг дээр их тодорхой харагдаж байгаа). Зүүн тал руугаа Улаанхуарангийн эцэс, нилээн зайтай Шархад. Гэхдээ бараг эзгүй байсан байхаа. Амгалан гэдэг тосгон өнчин хүүхэд шиг тэртээ зүүн урд байдаг гэдэг ч би тэнд очиж үзээгүй. Шархадад бараг 30 гарсан хойноо анх хөл тавьсан юмдаг. Ер нь би бээр 20 гартлаа Улаанбаатарын зүүн тал руу сайн мэддэггүй байсан юм. Урагшаа Комбинатын 120 мянгатын орон сууцны хороолол нь гэр хороололтойгоо холилдсон маягтай байсан байх. Яармаг чинь эзгүй дэнж. 1966 оны үерийн дараа л айлууд бууж эхэлсэн. Өнөөдөртөй харьцуулалтгүй цомхон хотод шинэчлэл хийх бүрэн боломжтой. Гэр хороололын айлуудыг хотоос гаргаад орон сууцны хороолол баригдахаар эргүүлээд түүндээ оруулах юм гэж бяцхан надад ойлгогдож байсан. Энэ макет нь, баримтат киноны нэрт найруулагч Балбарын Дашдорж гуайн 1959, 1984 онд бүтээсэн өнгөт баримтат кинонууд дээр гардаг. Тэгэхээр тэр макет юутай ч 1984 онд байж байсан байх нь. Мөн онд Зөвлөлтийн “СОТ” барилгын трест “Өнөр” хороолол (1-р хороолол)-ыг тэр зун нь барьж эхэлсэн. Эхний байр нь 1985 оны 2-р сард ашиглалтанд орсон. Манайх тэр хорооллын анхны 11-р байранд орж байсан болохоор би үүнийг маш сайн санаж байна. Тэгэхээр, тэр 1984 оны кинон дээрхи макет загвар бол тэртээ 1960-аад оны макет дээр нэмэлт хийсэн шинэ макет болов уу. Киноны зургийг 1983 онд авсан байх.
Энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой байсан гэж би бээр боддог. Тухайн 1960-аад оны дунд үед засаг төр нь хүчтэй, ард иргэд дуулгавартай, ухамсартай. Нам засаг ч төлөвлөснөө хийнэ. Зөвлөлт улс дэлхий нийтийн өмнө их гүрний нэр нүүрээ бодно! Төсөл бүтсэн бол манай нийслэл хот гэр хороололгүй орчин үеийн цэмцгэр хот болох байж дээ!
Нэг үгээр жижигхэн макетууд амилан жинхэнэ хот болон хувирах нь цаг хугацааны л асуудал байсан гэж би одоо ч бодож харамсаж сууна. Хэрэв энэ төсөл бүтсэнсэн бол үнэхээр “Азийн цагаан дагина” нэрэндээ зохицсон орчин үеийн суурин соёл иргэншлийн суурийг сайтар тавьж өгөх байж дээ. Суурь нь эхнээсээ ингээд зөв тавигдчихсан бол хойч үеийн хөгжил дэвшил нь илүү эмх цэгцтэй байх байсан болов уу. Харамсалтай нь энэ сайхан төсөл хэрэгжилгүй өнгөрчээ. Хожим нас бие гүйцсэн хойноо, нөгөө цэмцгэр хотын төсөл нь “Коммунизм хүртэл ганцхан километр дутуу...” гэдэг онигоо шиг юм болж дээ хөөрхий гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байж. 1990-ээд оны эхээр нэгэн сонин дээр хэн ч билээ нэг хүн ярилцлага өгсөн байсныг уншиж байснаа санаж байна.
Тэр бээр, Монгол улсын нийслэл нь орчин үеийн урбан болон нүүдлийн соёл хосолсон дэлхийн цорын ганц хот байвал зохистой гэж санал гаргасан гэнэ, Их үндэстний үзэлтэй хүн байж, хуухай чинь! Тэр нь явсаар удирдлагын дээд төвшинд дэмжигдсэн бололтой. Ингээд тэр гоё төсөл нуран унаж, бид модон жорлон, саргар хашаа, эсгий гэр хороололтойгоо зууралдаад үлджүхэй.
1980-аад оны Улаанбаатар хот. Орчин үеийн орон сууцны хороололууд, нүүдэлчний эсгий гэр хороололтойгоо хослон буй нь. Энэ үед хүн амын тоо 500 мянгын босгыг хэдийнэ давсан байжээ.
Түүний ярьснаас ойлгох юм бол мань эр өөрийгөө үндэсний уламжлалт нүүдлийн соёл болох “Өргөө Гэр”ээ нийслэлдээ авч үлдсэн гавьяатай шахуу юм ярьсан байсан санагдана! Уншаад их уур хүрч байж билээ! Шал дэмий, үндэсэрхэг үзэлт нэг хэнээтэн, түүнийг дэмжигчдийн хийрхэлээс болж өнөөгийн Улаанбаатар маань “Утаанбаатар” болчихоод сая хагас гаруй хүн угаартаж суугааг, зарим нь үхэж үрэгдэж байгааг сонсохоор бүтээгүй төслийн макет, тэр ярилцлага хоёр байсхийгээд л санаанд орж харамсдаг юм. Хэрэв тэр үед ийм “гай” таараагүй бол зөвхөн Улаанбаатар гэлтгүй улс орны амьдрал өөр байх байсан даа. Өнөөдрийн төрлөх нийслэл хотынхоо эмх цэгцгүй шавааралдсан барилга байшингуудыг хараад үнэхээр “Хот төлөвлөлт-хот байгуулалт” гэдэг соёлт хүн төрлөхтний мянга мянган жилийн туршид хуримтлуулж ирсэн үнэт зүйлсийг үл тоон мөнгөний үнэрээр уландаа гишгэсэн 1990-ээд оны эхэн үеэс хойших нийслэл хотын Газрын алба, түүний дээд удирдлага дарга нарт гомдох багадана. Ямар, нүүдэл хийгээд, хөдөө хээр хаа дуртай газраа буудаллаж байгаа биш дээ. Хаа тааралдсан газраа шав тавьж барилгажуулсан царай нь энэ. Галзуурал биш үү? Авилгадаа шунаад газар олгодог юм аа гэхэд ядаж “Шугаман хэлбэртэй хотын бүтэц” (Linear urban form) гэдэг урбан хот байгуулалтын сонгодог загвар-онолоо баримталдаг байгаа даа. Төрлөх хотдоо зочлоод алхаж байхдаа, нээрээ даан ч яав даа гээд дотроо гасалж явлаа.
Тэгээд тэр шуналтнуудын байгуулаад байгаа хотын зарим хэсгийнх нь төрх энэ.
Би өөрөө ч заримдаа муу хэлдэг өмнөх нийгэмд сайн юм бас зөндөө байсны нэг нь “Хот төлөвлөлт-хот байгуулалт” билээ. Энэ нь “Уран барилга” (Architectura) гэдэг урлагийн нэг салбарт хамаардаг гэдгийг бүгд мэдэх биз. Хөгжлийн төвшин, мэдээлэл өнөөдөрөөс доогуур байсан тэртээ 70-80 жилийн өмнө энэ талаар маш сайн ойлгож байсан байх юм. Гэтэл түүнээс толгой илүү боловсорч, мэдээлэлжсэн өнөө цагт ийм юм хийх гэж. Хэлэх ч үг алга. Ингээд эцэст нь бид нийслэл хотдоо байх ёстой хэмжээнээс нь даруй 3-4 дахин олууллаа шахцалдан, “цементэн ширэнгэ” болсон, ундуй сундуй Улаанбаатар хотоо “Утаанбаатар” болгочихоод үйл тамаа эдлэн амьдарцгааж байна. Ер нь бид өөрсдийнхөө дэмий зангаас болж их хохирдог доо! “Эрвээхийн дэвэлт дэлхийгхөмрөнө ч бил үү нэг айхтар гүн ухааны үг байдаг даа! Бодууштай…!
Зураач Тодын Отгонбаяр. 2026.10.28
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл1
Өрөвдөлтэй амьтан юм даа