sonin.mn

КУПЕРТИНО, 2026 оны аравдугаар сарын 29 /Kazinform/. "Apple" компани Mac загварын зөөврийн компьютерын түүхэнд анх удаа мэдрэгчтэй дэлгэц бүхий "MacBook Pro"-г танилцууллаа. Шинэ загвар нь мөн гэрэлтдэг логотой болсон бөгөөд "iPhone" ухаалаг гар утасны хэрэглэгчдэд танил болсон "Dynamic Island" функцийг нэвтрүүлжээ.


“MacBook Pro нь Mac компьютерын түүхэнд анх удаа мэдрэгчтэй дэлгэцтэй болсноор мэргэжлийн хэрэглэгчдэд өөрсдийн бүтээж буй контенттой харилцах цоо шинэ боломжийг нээж өгч байна” гэж тус компани мэдэгдсэн байна.


Шинэ зөөврийн компьютер нь 14 болон 16 инчийн дэлгэцтэй хоёр хувилбартай. 14 инчийн загварын үнэ 2899 ам.доллароос, 16 инчийнх 3399 ам.доллароос эхэлж байна. "Dynamic Island" функц нь мэдэгдэл, ачааллаж буй үйлдлүүд болон удирдлагын хэсгүүдийг харуулахын зэрэгцээ системийн функцүүдэд түргэн хандах боломжийг олгодог. Түүнчлэн "Apple" компани хэдэн жилийн турш зөөврийн компьютерууддаа ашиглаагүй гэрэлтдэг логогоо дахин нэвтрүүлсэн нь шинэ загварын бас нэгэн онцлог болжээ.


Шинэ "MacBook Pro"-д "M5 Pro" болон "M5 Max" чип суурилуулжээ. Эдгээр чипийг "Apple" компани мэргэжлийн зөөврийн компьютерт зориулан бүтээсэн хамгийн хүчин чадалтай процессорууд гэж тодорхойлж байна. Дэлгэцийн хэмжээ болон техникийн үзүүлэлтээс хамааран "MacBook Pro"-гийн жин 1.4-1.8 кг байна.


Компьютерын батарей нэг удаагийн цэнэглэлтээр 24 цаг хүртэл ажиллах боломжтой. "M5 Pro" чиптэй хувилбар нь 24-64 ГБ-ын нэгдсэн санах ойтой бол "M5 Max" чиптэй загварын санах ойн багтаамж 128 ГБ байна. Харин мэдээлэл хадгалах төхөөрөмжийн дээд багтаамж 16 ТБ ажээ. Шинэ "MacBook Pro" загваруудын урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд худалдан авагчдад ирэх 11 дүгээр сарын 6-наас нийлүүлж эхлэхээр төлөвлөжээ. Өмнө нь "Apple" компани "OLED" дэлгэцтэй, "A20 Pro" процессор бүхий ус, тоосны хамгаалалттай шинэ үеийн "iPad mini" таблетаа танилцуулсан билээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг