Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлээ хангах “ОЛИМП” сэргэлтийн бааз Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар их засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байна. “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” ТӨҮГ-ын хоёр дугаар төв “Олимп” бэлтгэл, сэргэлтийн бааз нь Улаанбаатар хотоос 460 км, Эрдэнэт хотоос 42 км-ын зайд байрладаг, нэг дор 100 гаруй тамирчин хүлээн авах хүчин чадалтай бааз юм.

Тамирчдын бие махбод, сэтгэл зүй физиологийн боломжийг дээд цэгт нь хүртэл дайчлах, ачааллын өмнө болон дараах нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, өндөр хяналт дор түргэн хугацаанд явуулж, олон улсын тэмцээн уралдаанд тогтмол, өндөр амжилт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий уг бааз ашиглалтад орсноор:
-Баг тамирчдын амжилтын чанарт дэвшил гарна.
-Санамсаргүй байдлаар хориотой эм, бэлдмэл хэрэглэх эрсдэл үгүй болно.
-Бэртэл гэмтэл 50–70 хувь буурна.
-Тамирчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.
-Мэргэжлийн спортын шинжлэх ухааны суурь тавигдана.
Өнөөдрийн байдлаар их засвар шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай, санхүүжилт, тоног төхөөрөмж зэрэг тулгамдсан асуудлуудыг Засгийн газарт танилцуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж холбогдох Биеийн тамир спортын хороо, яамны бодлогын газар удирдлагуудад тус баазыг 2027 оны 1-р улиралд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. 2028 оны Лос Анжелесын олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх нөхцөлийг бүрдүүлэхэд тус бааз чухал ач холбогдолтой юм.

Даваа - 10 сарын 19,
2026
Сэтгэгдэл0