sonin.mn

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /РИА Новости/. Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Италийн теннисчин Янник Синнер өвдөгний гэмтлийн улмаас өнөөдөр мэс засалд орно гэж Il Messaggero сонинд мэдээлжээ.

Тэрбээр долоодугаар сард Уимблдонд түрүүлснээсээ хойш талбайд гарахгүй байгаа юм. Баруун өвдгөндөө гэмтэл авсны улмаас Италийн Турин хотод болсон Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ улирлын Хаалтын тэмцээнд оролцож чадаагүй Синнер саяхан мэдэгдэхдээ, өвдөгний гэмтэл илааршиж байгаа тул шинэ оны эхээр болох Австралийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцоно гэж байв.  


Гэвч эх сурвалжийн мэдээлснээр, мэс заслын тов гарсан тул тэрбээр Australian Open тэмцээнийг алгасахаас аргагүйд хүрсэн байна. Хэдэн долоо хоногийн турш түүний биеийн байдлыг тандаж, физик болон сэргээн засах эмчилгээ хийсэн боловч үр дүн хангалтгүй байсан тул товлосон хугацаанд теннисний талбайд эргэн гарах боломжгүй болжээ.


Ташрамд дурдахад, Я.Синнер саяхан ярихдаа, Австралийн дасгалжуулагч Даррен Кэхилл-тэй хамтран ажиллахаа зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр Кэхилл-ийн удирдлага дор Их дуулгын таван тэмцээн буюу Австралийн нээлттэй тэмцээн (2024, 2025), Уимблдон (2025, 2026), АНУ-ын нээлттэй тэмцээнд (2024) түрүүлжээ.


Б.Адьяахүү