sonin.mn

“Төрийн бүтээмжийн сэргэлт- эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2024-04-08/ “Шангрила” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.


Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй уг уулзалтад ЭМЯ, ЦХХХЯ болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учрал: “Монгол улс цахим шилжилтийн бодлогоо дэвшүүлж, цахим үндэстэн болох зорилгын дор олон ажлыг өрнүүлж байна. Цаашдаа бүхий л салбарт инновацийг нэвтрүүлж, технологийн дэвшлийг ашигласнаар технологийн агуулга шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орон болохын төлөө зорьж байна. Технологийн дэвшил бол салбар бүрийн хөгжлийг хурдасгах хамгийн гол хөшүүрэг юм. Эмийн жор И Монгол-д орсон байна. Ингэснээр хуурамч жор бичдэг, эмийн зохисгүй хэрэглээ, гаж нөлөө, ямар тунгаар хэрэглэснээ мэддэг болсон. 



Өнөөдрөөс эхлэн шинжилгээний хариу, дүрс оношлогооны дүрсийг цахимжуулаад дуусч байна. Иргэн өөр эмнэлэг дээр очиход өөрөөс нь зөвшөөрөл аваад, өмнөх эмнэлгийн эхоны зургийг нь татаад авчихдаг болно.



Аль ч эмнэлэг дээр өгсөн шинжилгээний хариунуудыг шууд татаж аваад үзэж болно. Жирэмсний дэвтэр, эх хүүхдийн дэвтэр, амбулаторийн карт, вакцины гэрчилгээнүүд бүгд Хуртай холбогдож байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбар дахь хүнд суртлыг арилгаж байна. Энэ бол маш том дэвшил, иргэд ч үүний ач холбогдлыг ойлгож байгаа байх. Амаргүй хамтын ажиллагаа байлаа. Эрүүл мэндийн яамны зүгээс сайн дэмжсэн.


Цахимжилт гэдэг бол улстөрийн манлайлал шүү дээ. Технологийн салбарынханд дутаад байгаа зүйл байхгүй. Сайн систем хөгжүүлсэн олон хувийн компани Монголд байна. Эрүүл мэндийн салбарын цахимжилт бол энэ салбарт их эрх чөлөөг олголоо гэж бодож байна. ” гэв.