sonin.mn

“Чингисийн Монгол төр” мэргэжлийн холбооноос Монгол Улсын 3.5 сая иргэний мөнхийн эрх ашиг” сэдвээр мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд: "Монгол Улсын үндэс бол газар нутаг юм. Үүнийг одоо ярьж хэлэх биш, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, УИХ дээр яаралтай горимоор оруулаад, Үндсэн хуулийн эрхэм зорилго болгож батлуулах хэрэгтэй байна. Дэлхий нийтээрээ шинэ зорилго руу шилжсэн байна. Харин бид өнгөрсөн гучин жилээ эргээд харсан чинь бие биенээ хэмлэсэн, зодсон, хагарал буюу эвдрэлийн улстөр болж. Улстөрчид өнөөдөр бидэнд хайртай болоод эхэлчихсэн. Тэтгэвэр нэмээд, цалин нэмээд, цагтаа өгөөд эхэлчихсэн байна. Яагаад гэвэл сонгууль ойртчихлоо. Ингэж 4 жилийн төгсгөлд бөгсөн дээрээ жин тавиулж байна. Монголчуудын эвдрэл, талцал бидний баялагт шунасан гадныханд л хэрэгтэй. Монголчууд бид эвлэрэн нэгдээд суувал 3,5 сая Монголчууд бидэнд л ашигтай. Бид талцаж, хэрэлдээд ханасан.



Монголчууд ухаантай. Бид хүндээ хань байсан болохоос чоно байгаагүй шүү. 5 кг гурилаар, хир угаадаг савангаар, таван төгрөгөөр та саналаа өгч байвал Монголыг зарсан луйварчинтай нэг гэж ойлгоорой.



Харин үүний эсрэг байж, Монгол улсын мөнхийн эрх ашгийн төлөө нэг хүнд ч гэсэн хэлээд явж байгаа бол та Монголын төлөө цохилох зүрхтэй хүн юм байна. Эрин бүрийг Монголчууд удирдаж, оройлж явснаас улсаа зарж идэж, адгийн нэр зүүж явсан түүх Монгол улсад байхгүй. Хар дарсан зүүд, хар дарсан амьдралд цэг тавих цаг нь өнөөдөр, УИХ-ын сонгууль шүү. Ямар нэгэн нам, эвсэл, хүнийг дэмжих тухай яриагүй. 3,5 сая Монголчуудын мөнхийн эрх ашгийн тухай ярьж байгаа юм. УИХ-ын сонгууль гэдэг бол намуудын зодоон шүү дээ. Аливаа улстөрийн намын зорилго нь төрийн эрх барих. Харин Монгол улсын Ерөнхийлөгч бол Үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч. Энэ нь илэрхийлээд суух гэсэн үг биш. Хийж, үйлдэж харуул гэсэн утгатай юм. Тийм учраас энд яригдаж байгаа зүйлийг Монгол улсын Ерөнхийлөгч анхаарлын төвдөө аваасай. " гэв.



М.Чой