sonin.mn
Нийслэлийн байгаль орчны газраас Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн 242 дүгээр цэцэрлэгийн зай талбай, сургалтын стандартад нийцүүлэн тохижуулсан орчинд хүүхдүүд шувуу, загас хооллох, тасалгааны ногоон ургамал, цэцэг тарих, гадна талбайд өөрийн гараар туршиж үзэх боломжтой багаж хэрэгсэл, материалуудыг бүрдүүлсэн Эко танин мэдэхүйн жишиг буланг өнгөрсөн оны долдугаар сард хүлээлгэн өгчээ. Бид Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах тус цэцэрлэгийг зорьсон юм. Хоёрдугаар давхарт гарвал коридорын төв хэсэгт олон төрлийн цэцэг тавьсан байна. Төслийн хүрээнд 12 төрлийн 40 орчим  цэцэг өгснийг  хүүхдийн онцлогт тохирсон 30-аад төрлийн 80 гаруй цэцэг болгон нэмэгдүүлсэн нь энэ аж.
 
Харин цаад талын буланд ногоон талбайд олон навчтай мод суулгаж, тэрхүү модноос зүүсэн үүрэнд шар, ногоон хоёр тоть шувуу байх агаад эргэн тойронд нь ногоон өнгийн цэцэг, навч зурж чимэглэжээ. Тэр булан амьд байгаль шиг л үзэсгэлэнтэй харагдана. Харин эсрэг талын буланд мөн ийм байдлаар тохижуулсан таримал цэцгүүдээр хүрээлүүлсэн ногоон талбайд яст мэлхий байв. Харин ханандаа яст мэлхий тэжээж эхэлж байгаа хүмүүст зориулсан зөвлөгөөг байршуулжээ. Яст мэлхийний усыг өдөрт нь  солих хэрэгтэй. Учир нь мэлхий өөрөө уснаасаа уудаг учраас ялгадастай бохир ус уусан үед амархан өвддөг аж. Мөн Д витамин өгч бяслаг, үзэм, алимаар хоолловол  нас нь уртасдаг амьтан юм байна. Цааш явбал нэг өрөөнд аквариум дотор олон төрлийн жижиг загас байна. Энэхүү байгаль танин мэдэхүйн төв нь эцэг эхчүүдэд ч ихэд таалагдаж байгаа гэнэ. “Эцэг эхчүүд манайд тийм цэцгийн үр байгаа,  ийм загас байгаа тэрийгээ аваад ирэх үү. Ямар цэцэг байвал зүгээр вэ” гэж асуудаг талаар эрхлэгч нь ярьсан юм.
 
 
Бүлэг бүр амьтад арчлах тусгай хуваарьтай байдаг аж. Тухайлбал энэ сард “дунд А” бүлэг загасыг, “ахлах А” бүлэг яст мэлхийг, “бэлтгэл А” бүлэг тотийг арчилж, хооллоно.
Ц.Бямбадорж багштай ахлах бүлэг рүү орж “Байгаль танин мэдэхүйн булантай нь танилцав. Биднийг орох үед ногоон өнгийн хормогчоор жигдэрсэн хүүхдүүд өвдөглөн суугаад цэцгээ усалж байна. Багш нь “Нэг гараа навчин дороо, нөгөө гараа навчин дээрээ тавиад арчаарай” гэж эелдэгхэн хэлнэ. Хүүхдүүд нэг гартаа жижигхэн алчуур угласан байх агаад тэрхүү алчуураараа цэцэгнийхээ навчийг нэг бүрчлэн зөөлөн арчиж байв. Харин зарим нэг нь цонхны ойролцоо байрлах цэцгүүдээ сурамгай гэгч нь усалж байгаа харагдана.
Дараа нь бид бэлтгэл бүлэг рүү орлоо. Бүлгийн багш Ю.Нандинцэцэг хүүхдүүдтэйгээ үрсэлгээ хийж байсан юм.  Хүүхэд бүр өөрсдийн гэсэн жижигхэн савандаа эхлээд хөрсөө хийж, үрээ тавиад дараа нь усалж байлаа. Өмнөх долоо хоногийн пүрэв гаригт үрсэлгээ хийсэн нэг хүүхдийн цэцэг нь ургачихаж. Эзэн нь Э.Даваабаатар гэх хүү байна. Багш нь “ Ургаарай, ургаарай гээд л зөөлөн шивнээд байсан учраас хамгийн түрүүнд хилэн цэцэг нь ургачихсан тийм ээ” хэмээн хүүг өхөөрдөн хэллээ. Бүлэг бүр хүүхдийн насны онцлогт тохирсон байгаль нийгмийн орчны мэдлэг олгох, ажиглах, судлах, бие даан туршиж үзэх хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагджээ.
 
 
Мөн анги бүр хог ангилан хаядаг гурван төрлийн хогийн савтай. Энэ хичээлийн жилээс ногоон өнгийн хогийн саванд хуванцар сав,гялгар уут, улбар шар саванд шил, лааз, цэнхэр өнгийн саванд цаасан хогийг ангилан хаядаг болжээ. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Мөнхтуяа “Хүүхдийг багаас нь зөв мэдлэг, хандлагатай болгож хүмүүжүүлэх нь чухал юм. Хамгийн эхэнд хүүхдүүд цаас, лааз, дахин боловсруулах хог хаягдлыг ялгадаг, ангилж хаях мэдлэгтэй байх хэрэгтэй. Цаашлаад хог хаягдлын овор хэмжээг багасгаж хаядаг, цаасан хайрцаг, сүүний савыг нугалж хаядаг дадалд сургах ажлуудыг хийнэ” гэж ярьсан юм.  Энэ хамт олон байгаль, танин мэдэхүйн төвөө илүү гоё болгож тохижуулахын тулд олон ажил хийхээр төлөвлөж буй талаар эрхлэгч Я.Мөнхтуяа “Жишиг эко төвөөсөө гадна цэцэрлэгийнхээ бусад орчныг байгальд ээлтэй байдлаар бүрдүүлж, 77 цэцэрлэгийн 99 багшид үйл ажиллагаагаа сурталчилж ажилласан. Цаашдаа бид хог хаягдлыг нэг цогц цэгт  нь ангилж хаядаг, энэ талын мэдлэгийг эцэг эхчүүд, багш бусад байгууллагад сурталчлах ажлыг зохион байгуулна. Гадаад орчиндоо турших боломжтой хүлэмж бий болгох, үүгээрээ дамжуулан байгаль экологийн мэдлэг олгохоос гадна агч, гачуур мод тариалах ажлыг төлөвлөчихөөд байна. Цаашид усны нөөцийн газар ч юмуу байгаль хамгаалах чиглэлийн байгууллагатай хамтарч ажиллана ” гэж ярилаа.
Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх нь чухал нөлөөтэй байдаг. Тэгвэл тус цэцэрлэгийн хамт олон байгаль, танин мэдэхүйн төвөөрөө дамжуулж хүүхдийг багаас нь цэцэг тарих, услах, амьтан тэжээх, асрах үйл ажиллагаанд ийнхүү сургаж байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин