Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий сайд Ли Нак Ён Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн Хайнанд эхлэх бүс нутгийн эдийн засгийн форумд оролцохын өмнө Улаанбаатар хотод гурван өдрийн айлчлал хийхээр товложээ. Түүний Монгол Улсад айлчилж буй зорилго нь ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хэрхэн тэмдэглэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэжээ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хэлэлцээр хийх юм.
 
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн дипломат болон Шинэ хойгийн үзэл баримтлалд ОХУ, Монгол Улс чухал байр суурь эзэлдэг. Мөн Сөүлийн эрх баригчид Зүүн Хойд Азийн орнууд тэр дундаа Монгол Улстай стратегийн холбоогоо сайжруулахыг эрмэлзэж, тусгай бодлого баримталж байгаа билээ. Тиймээс Ли Нак Ёны айлчлалд БНСУ- ын тал ач холбогдол өгч байна. Тэрбээр гурван өдрийн айлчлалынхаа хүрээнД Монгол Улсын Засгийн газартай улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсролын салбарыг хамарсан гэрээ, хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Мөн хоёр улсын иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм байна. БНСУ-ын Засгийн газрын тэргүүн Улаанбаатар дахь айлчлалаа өндөрлүүлээд Хайнаныг зорьж, Бө Аогийн чуулганд оролцоно. "Азийн Давос” гэгддэг Бө Аогийн эдийн засгийн чуулганыг Хятад улс 2002 оноос эхлэн зохион байгуулсан. Чуулганд Азийн тэргүүлэх бизнес эрхлэгч, нөлөө бүхий улстөрчид оролцож, эдийн засаг болон бусад сэдвээр санал солилцдог. Энэ жилийн чуулган ирэх лхагва гарагт эхлэх бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Умард Солонгосын талтай энхтайвны гэрээ байгуулахын тулд бусад орны дэмжлэгийг хүсч байгаа билээ. Тиймээс Ли Нак Ён Азийн хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талт уулзалт хийх юм.
 
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин