sonin.mn

Монгол Ардын намын дарга Н.Учрал дотоод эв нэгдлээ хангаж, төсвийн асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж буй энэ эгзэгтэй цаг үед нам доторх “ГОМДОГСОД” Засгаа унагах улс төрийн ээлжит дайралтаа ил цагаан эхлүүлэв.

УИХ дахь “30-ын бүлэг” гэгдэх нэр бүхий гишүүд Булганы байгальд сэм цугларч, улс төрийн хор найруулсан уулзалтаа "Зүгээр л салхинд гарч, агаар амьсгалсан" хэмээн уянгалуулан хаацайлж сууна. Тэгвэл тэдний салхилах нэрээр хийсэн далд хуйвалдаан, цаашлаад Засгийн газрын төсвийг харлуулах зорилготой "Excel файл" тойрсон дуулиан нь тэднийг бариад өгчихөв.


Тэгэхээр тэд Булганы уулзалтаар цэвэр агаарт биш, харин намын даргынхаа ар нуруунд зоож, гүйцэтгэх засаглалыг ганхуулах хутга шөвгөө ирлэж байсан нь ийнхүү ил болж таарлаа.


Нам доторх албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтад сэтгэл дундуур үлдэж, бялуунаас хувь хүртээгүйдээ өш санасан тэд УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы өмнөхөн ийнхүү сөрөг хүчинтэй далд тохироо хийж, хүч хавсарч байгаа нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд халдаж, Засгийн газарт шахалт үзүүлэх гэсэн улайрал юм.


Улсын төсөв батлагдах уу, төрийн ажил урагшлах уу гэдэг нь тэдэнд огтхон ч хамаагүй. Хамгийн гол нь өөрсдийнх нь хувийн "гомдол" тайлагдаж, дараагийн зөөлөн суудалд суух хувийн эрх ашиг нь хангагдаж л байвал төрийн тогтвортой байдал тэдний хувьд зүгээр л хөзрийн байшин шиг үнэ цэнгүй ажээ.


Өш хонзондоо хүлэгдсэн бүлэг жоомоо алах гээд гэрээ шатаадгийн үлгэрээр намынхаа том эрх ашиг, нэр хүндийг шороотой хутгаж байгаагаа даанч ухамсарласангүй. Улсын эрх ашиг биш, өөрсдийнх нь халаас, эрх мэдэл л дутвал төр унах эсэх нь тэдэнд огт хамаагүй бололтой.


Б.Балжир