sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Ууланд авирагч энэтхэг цэргүүд дөрөвдүгээр сарын эхээр Балба улсын Макалу дархан цаазат газрын ойролцоо йети буюу цасны хүний тод гарсан мөр олж, зургийг нь авсан байна. Шинжлэх ухаанд одоог хүртэл танигдаагүй энэ амьтны мөрний зургийг “Times of India” сонинд мягмар гарагт нийтэлжээ.
Цэргүүд алмас байдаг гэдгийг нотлох ховор баримт олж авсан гэж үзээд гэрэл зургаа судлуулахаар судлаачдад өгсөн байна.
 
 
 
Алмасын тухай яриа олон байдаг ч ийм амьтан байдаг гэдгийг хэн ч баримтаар нотолж чадаагүй байгаа юм.
 
 
 
1950-иад оны үед Их Британийн судлаач Эрик Шиптон ууланд авирагчдад зориулж Эверестийн оргил руу гарах шинэ замыг хайж байхдаа алмасын мөр олж, зургийг нь авч чаджээ. Үүний дараа Хималайн ууланд амьдардаг гэх энэ амьтан хүмүүсийн сонирхлыг ихэд татах болсон бөгөөд ууланд авирагчид, эрдэмтэд цасны хүнтэй тааралдсан талаараа ярьцгааж эхэлсэн байна. Гэхдээ иймэрхүү яриануудыг нотлох бодит нотолгоо урьдын адил байхгүй хэвээр байгаа билээ. Харин Энэтхэгийн ууланд авирагчид алмас байдгийг нотлох баримт олсон гэдэгтээ итгэлтэй байгаа аж. 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг